Д.Дамба: Би бууны нохой биш
Монголын уул уур­хайн үндэсний ассо­циацийн ерөнхийлөгч асан Д.Дамба
2014.11.14

Д.Дамба: Би бууны нохой биш

Монголын уул уур­хайн үндэсний ассо­циацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа. 

-“Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн төмөр замын царигийн тухай хөндсөн дугаарт оролц­сон хүмүүсээс таныг шүүмжлэх хүн олон байна. Ингэхэд та ийм нэвтрүүлэгт орно гэдгээ мэдэж байсан уу? 

-Нэвтрүүлэг бүү хэл “Та ийм хүнтэй хамт ярилцлаганд орно” ч гэж хэлээгүй. Мэргэжлийн түвшинд, цэвэр эдийн засгийн утгын яриа хөө­рөө өрнөнө гэж ойлгосон учраас “Төмөр замын царигийн талаар яриа авъя” гэсэн хүсэлтэд нь зөвшөөрсөн юм.  “Та манай дээр ирээд ярилцлага өгчих. Машин явуулаад авахуулъя” гэсэн л дээ.

Удсан ч үгүй хоёр залуу ирсэн. “Улаанбаатар” зочид буу­далд гэж байснаа  бүтэхээ  байчихлаа гээд урагшаагаа Удирдлагын академийн хажууд айлын гэр бололтой газар аваачсан. Тэнд сууж байтал Х.Баттулга ороод ирсэн. Хөтлөгч нь Го.Бадарч гэдгийг тэр үед мэдсэн. Тэгээд л гурван сандал тавиад ярьсан даа. Өөрөө өөрсдийнхөө үзэл бодлыг л ярьсан. Сүүлдээ Х.Баттулга уурлаад “Ийм юмнуудтай ярихгүй” гээд нэвтрүүлгээ хаяад гарсан. 

-Бууны нохойтой ярихгүй гэж хэлсэн шүү дээ. Нэвтрүүлэг үзсэн хүмүүсийн дийлэнх нь Хятадын бодлогыг хэрэгжүүлэх гэж өмнөөс нь яриад байгаа нөхөр гэж харсан?

-Энгийн иргэдэд бол Дамба гэж хятад хүн л Хятадын бодлогыг хэрэгжүүлэх гээд бай­на гэсэн хандлагыг төрүү­лэхээр өнгө аястай нэвт­рүүлэг болсон байна лээ. Би Монголдоо төрж өссөн, эх орондоо хайртай жирийн л нэг иргэн нь. Миний удам угсаанд хятадын хольц байхгүй. Хятадын төмөр замыг ч дэмжээд байгаа юм биш. Нарийн царигийг олон улсад гарах гарц гэж хардаг өчнөөн хүмүү­сийн төлөөлөл.

Монголыг Хятадын гарт оруулчих юмсан гэсэн бодол  ямар ч монгол хүнд байхгүй. Тэгж хэлээд гарч явахад нь үнэнийг хэлэхэд их гайхсан. Монгол хүнийхээ хувьд эх орноо яавал хөгжүүлэх үү, яавал хэдэн төгрөгтэй болгож ард түмнийхээ амьдралыг дээш­лүүлэх вэ гэж бодож л үзэл бодлоо илэрхийлсэн хэрэг.  Тэр нэвтрүүлгийн үеэр надаас “Хэний төлөөлөл вэ” гэж асуусан л даа. Би хэн нэг улстөрч, баян хүний төлөөлөл, бууны нохой биш.  Би Монголын уул уурхайн салбарынхны төлөөлөл. Саяхан өгсөн ажил маань уул уурхайн салбарынхны эрх ашгийг хамгаалах гол үүрэгтэй байсан. Тэр үүргийнхээ дагуу л байр сууриа илэрхийлсэн. Хэн нэг мөнгөтэй хүний төлөө явах шаардлага, сонирхол надад байхгүй. Би эдийн засгийн хувьд өөрийн гэсэн эрх чөлөөтэй хүн. Харин ч би Го.Бадарчийг их гайхаад байгаа. 

-Яагаад?

-Х.Баттулгыг уурлаад гарсны дараа намайг гаргаж өгсөн юм. Тэр үедээ “Үнэхээр уучлаарай. Би энэ нөхрийг 17 чингэлэг спиртийн хэргээр будаа болгож байсан болохоор их өширхдөг шиг байгаа юм. Тэгээд л уурлаад явчих шиг боллоо” гэж хэлсэн. Гэтэл тэгж хэлсэн хүн маань нэвтрүүлэг эхлэнгүүт “уучлаарай” энэ тэр гээд огт өөр юм яриад унахаар нь гайхсан.  Жинхэнэ урваач шарваачийг хийлээ дээ л гэж бодоод өнгөрсөн.

-Та хөтлөгч рүү эргэж ярьсан уу? 

-Одоо бол хэл үг үүс­гээд явахыг хүсэхгүй. Эр улс, мөс жудаг талаасаа нэг ярих хэрэгтэй байх гээд  залгасан ч утсаа авахгүй байна лээ.

-Таныг ассоциацийн ерөнхийлөгч байсан гэдэг утгаар нь тэр нэвт­рүүлэгт урьсан юм уу, ажлаа өгөөд нэлээд удчихсан болохоор тань гайхаад байна л даа? 

-Ассоциацийн ерөн­хий­лөгч байхдаа өгсөн ярилцлага. Бүр сар гаруйн өмнө хийсэн бичлэг байгаа юм. Таг чиг болчихоор нь Х.Баттулга дургүйцээд болиулсан юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Гэтэл бүр монтажлаад, кино шиг юм болгочихсон байсан. Зарим хэсэгт нь жүжигчид оролцуулаад этюд маягийн юм хийчихсэн байна лээ. Богд хааныг суулгасан ч байх шиг. Энэ чинь өөр асуудал. Өнгөрсөн түүхийн тусдаа хэрэг явдал. Бидний яриад байгаа сэдэв бол цэвэр эдийн засгийнх. Ямар ч улс төр байхгүй асуудал. 

-Гэхдээ нарийн цариг эдийн засаг талаасаа ийм ашигтай, хүмүүсийн ойлгоод бай­гаа шиг “хадны мангаа” биш гэдгийг тас хийтэл хэлсэн боди­той дүгнэлтийг таны ярианаас олж сонсоогүй. Тэр чигийн яриа өрнөөгүй юм уу?

-Уг нь би царигийн ач холбогдлыг, яг яагаад хэрэгтэй байгаа гэдгийг эдийн засаг талаас нь өчнөөн ярьсан. Царигтай холбоотой ярьсан хэсгийг бүгдийг нь хассан байна лээ. Гол яриаг нь хасч монтажлаад их утгагүй юм болгосон харагдсан. 

-Нарийн царигийг эдийн засаг талаас нь ултай суурьтай ярихаар инженер, эдийн засагч, бизнесийн төлөөлөл миний хувьд лав хараг­даагүй. Тэр нэвтрүүлэгт орсон хүмүүсээс энэ чигийг гадарлахаар улс таны хувьд байсан уу?

-Сүүлд нэвтрүүлэг болж гарахаар нь мэргэж­лийн улс орсон байх гэж бодоод нэлээд харсан л даа. Харамсалтай нь царигийн талаар ултай ярьчихаар хэн ч тэр нэвт­рүүлэгт ороогүй байна лээ. Уг нь царигийн асууд­лыг үнэхээр хөндөх гэж байгаа бол, хөгжил гэдэг талаас нь онцолъё гэж бодсон бол чиглэлийн хүмүүсийг нь оролцуулах ёстой.  

Нэвтрүүлэгт оролц­сон хүмүүст царигаар ийм зорилготой нэвтрүүлэг хийнэ гэдгээ хэлээгүй болов уу гэж харсан. Зүгээр л түүх яриулъя гээд өмнө нь микрофон барьсан болов уу гэх хүн ч анзаарагдсан.

Огт өөр зорилгоор, өөр нэвтрүүлэгт байр сууриа илэрхийлсэн яриа­нуу­дыг тасдаж аваад мон­та­жилсан болов уу гэж хардахаар хэсгүүд ч харагдсан. Мэргэжлийн улс гэвэл төмөр замын машинист, төмөр замын сургуулийн багш гэх мэт зарим нэг хүмүүсийн яриа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ дээрээсээ үүрэг аваад ярьж байгаа нь илт харагдахаар юм билээ. Уг нь төмөр замын инженерүүдийн холбооныхон царигийн талаар их сайн ярина. Тийм хүмүүсийг  урьчи­хаар нэвтрүүлгийн санааг урвуулчихна гэж болгоомжилсон байх. Х.Баттулга Уул уур­хайн ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан До.Ганболдтой тэр үед хамт  ирсэн юм. До.Ганболд үүдэнд хүлээж үлдсэн л дээ. Сүүлд л энэ асуудалд нэлээд анхаарал тавьж байгаа юм байна гэж бодсон. Уул уурхайнхны хувьд алдагдал багатай замыг хүсч байгаа. Нарийн царигийн төмөр зам тавихаар баахан хятад орж ирээд суурьшчихна гэж яриад байгаа юм. Яагаад ч  суурьшихгүй. Монголын төмөр замчид ажиллана. Жирийн нэг иргэн хүний тархийг угаах бодлогоор хийсэн нэвтрүүлэг гэдгийг учир мэдэх ямар ч хүн хэлнэ.

Улаанбаатар төмөр замын ганц нэг ажилчдаас “Оросын төмөр замыг Хятадын нарийн царигаар солих гээд байна, тэгвэл та нарт хэцүү биш үү” гэх маягийн асуулт  тавьчих шиг санагдсан. Хэлж байгаа үгнээс нь хэн ч анзаарчихаар  зүйл. Оросын өргөн царигийн төмөр зам Монголд байдгаараа  байна. Хэн ч өөрчлөх гээгүй. Харин эдийн засгийн хөгжлөө бодоод нэмээд нарийн царигийн төмөр замыг Өмнөговийн нүүрсний уурхайгаас хил хүртэл тавья гэсэн санаа  явж байгаа. Нарийн царигийн төмөр замыг улсынхаа гүн рүү татах гэсэн асуудал огт  байхгүй. 

-Нэвтрүүлэг гарс­ны дараа сошиал ертөн­цөөр  Дамба гэдэг хүнийг шүүмжилсэн сэтгэгдэл өчнөөн байна. Яг тан руу хандаад бухимдлаа илэрхийлсэн хүн байна уу?

-Өнөө нэвтрүүлгийн үеэр асуусан “Та хэний төлөөлөл вэ” гэсэн асуултыг хэд хэдэн хүн тавьсан шүү. Ойр дотны хүмүүсээс ч санаа оноогоо хэлж байна. Гадаадад амьдардаг найз маань энэ нэвтрүүлгийг үзээд “Монгол яагаад хөгжихгүй байгаагийн учрыг сая л ойлголоо. Ийм муухай үндсэрхэг үзэлтэй, ийм тэнэг зүйл ярьдаг улс яаж хөгжих юм” гэж байх жишээний. 

-Ингэхэд та уул уурхайд бизнестэй юу, өөрөө нүүрсээ гаргах гээд ингээд байна гэсэн сэтгэгдлүүд харагдсан?

-Би нэг ширхэг ч нүүрс­ний уурхайгүй. Ер нь ямар ч уурхайгүй. Уул уурхайд бол олон жил ажилласан. 

-Нүүрсийг одооных шиг шороон замаар биш төмөр замаар тээгээд эхэллээ гэж бодоход хэчнээн ам.дол­лар хэмнэх талаар яг мэргэжлийн хүмүүсийн тооцоог сонсмоор байна?

-Мэргэжлийн инженерүү­дийн тооцоо байдаг. Төмөр замаар тээвэрлэвэл авто замаар тээвэрлэснээс өртөг нь гурав дахин хямд. Өнөө­дөр нүүрсний компаниуд зогсчихоод байгаагийн шалтгаан нь энэ. Өртөг өндөртэй авто замаар тээвэрлэхээр нүүрсний үнэ унасан энэ үед компа­ниуд тээвэрлэлтийн зард­лаа давж гарч чадахгүй байна л даа. Засгийн газар жилд тавиас доошгүй сая тонн нүүрс гаргаж байж арван жилд тэрбум тонн нүүрс нийлүүлнэ гэсэн яриа хэлэлцээ хийсэн. Төмөр замын тээврийг нэвтрүүлж байж энэ тоонд хүрнэ. 

-Өргөн царигийн төмөр зам  тавиад шилжүү­лэн ачлаа гэхэд зардал хэр гарах вэ?

-Нэг тонн нүүрс тутамд зардал нь гурван ам.доллараар өснө. 50 сая тонн нүүрсийг гурваар үржүүлэхээр асар их тоо гарна. Ийм их мөнгө зарна гэсэн үг. Нарийн царигийг Хятадтай холбоод бай­гаад гайхдаг. Энэ чинь дэлхийн стандарт. Өргөн цариг ОХУ, Монгол хоёрт л бий. Дэлхийн стандарт руу л орох хэрэгтэй. Нүүр­­сийг ганцхан Хятадад нийлүүлэх гээгүй. Хятадаар дам­жуулж бусад оронд, далайгаар дамжуулан  гаргах алсын зорилго бий. Дэлхийтэй хамгийн ойр гарц нь Хятадаар дамжих.

Оросын нутгаар дамжуулж Алс Дорнодоор явуулж Японы наахна аваачна гэхээр дөрөв дахин илүү зам туулна. Нүүрсийг тээвэрлэж нарийн царигаар ачна гэвэл нүүрсний чанар муудах эрсдэлтэй. Олон ачиж буулгасан нүүрс амархан шатах магадлалтай. Нүүрс ойрын арван жилдээ бол моодноос гарахгүй ч цаашдаа үнэд хүрэхгүй эд. Дэлхийн чиг хандлага, урд хөршийн бодлого ч ялгаагүй нүүрснээс эрчим хүч гаргаж авах аргаас татгалзаж байгаа. Дэлхийн хөгжилтэй улсууд ногоон эдийн засаг гэж их ярих болсон. Ойрын арван жилд байдаг чадлаараа нүүрс олборлож тээвэрлэлээ гэхэд Монголын нийт нөөцийн арав хүрэхгүй хувийг л ашиглана. Бид ийм баялаг нөөцтэй.

Нарийн царигийг Засгийн газар өргөн барьсан. УИХ дээр ухаантай гишүүд олон байгаа л гэж найдаж байна. Эдийн засагт нөлөөтэй ийм чухал  асуудлыг улс төржүүлж, хэзээний өнгөрсөн үүх түүхтэй холбож харах  хэрэггүй. Түүхийн хуудсыг сөхвөл Хятад, Монгол хоёр сайн нөхөр яваагүй урт он жилүүд бий. Өнөөдөр тэрийг ярьж хадуураад хэн ч хожихгүй. Дэлхий даяараа Хятадтай харилцахыг хүсч байхад манайхан харилцахгүй гээд байх юм. Би нарийн царигийг эсэргүүцээд байгаа улсыг харин ч  Монголын эсрэг үзэл бодолтой юм болов уу гэж харж байна.