Бие даагчид ”МАНАН”-г эсэргүүцэж сөрөг хүчин болно
УИХ дахь Бие даагчдын бүлэг
2014.11.17

Бие даагчид ”МАНАН”-г эсэргүүцэж сөрөг хүчин болно

УИХ дахь Бие даагчдын бүлэг энэ долоо хоногт байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Парламентын түүхэндээ Монгол Улс Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүйгээр төсвөө баталлаа. Гэхдээ УИХ хариуцлагаа ухамсарлаж, хуулийн хугацаандаа төсвөө баталсан. Харин энэ төсөвд шинэ гэхээр зүйл гарсангүй. Ололттой тал нь гэвэл төсвийн хэтэрхий өндөр өсөлтийг зогсоож чадсанд байгаа юм.

Нөгөөтэйгүүр 2010 оноос хойш үргэлжлэн барьж буй царцаасан барилгуудын санхүүжилтыг шийдвэрлэсэн нь банкны санхүүгийн салбарыг гацаанаас гаргах нэг алхам боллоо” гэв.  

Тэрбээр цааш ярихдаа энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого болон Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлахдаа нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэлээ.

Учир нь манай улс өнөөдөр 400-гаад хөтөлбөртэй ч хэрэгжилт нь хангалттай бус байгааг тэрбээр шүүмжлэв. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэллээ. Хууль батлагдвал эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувь хэмжээ нэмэгдэх аж.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Өнөөдөр төрийн дээр нам гарчихаад байна. Хэрэв өнөөгийн Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа намууд нэгдэж МАНАН байгуулах болвол бие даагчид сөрөг хүчин болж ажиллана. Сөрөг хүчингүй парламент гэж байж болохгүй” хэмээн ярив.

Энэхүү мэдээллийн цагаар бие даагчид Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаг хугацаа алдсанаар улс төр, эдийн засгийн хавсарсан хямралд автаж, гадаад дотоод дахь хэлэлцээрүүд тасалдах шинжтэй болж байгааг санууллаа.