Д.Оюунхорол: МҮОНТВ тэнцвэртэй мэдээлэл хүргэж чадаагүй
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.11.14

Д.Оюунхорол: МҮОНТВ тэнцвэртэй мэдээлэл хүргэж чадаагүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.

МАН-ын бүлэг ирэх оны төсвийг сайжруулах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа?

-Улс орны эдийн засаг хямарсан, хариуцлагагүй төсөв өргөн мэдүүлсэн, Засгийн газар нь огцорсон, Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй үед түүхэндээ анх удаа ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байна. 2015 оны төсөв Монгол Улсын нэлээдгүй хууль тогтоомжийг зөрчсөн, тооцоо судалгаа дутуу хийгдсэн муу төсөв болсон. Түүнчлэн хөрөнгө оруулалтын суурь бодлогыг алдагдуулсан төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн гэдгийг МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлээд байгааг анзаарсан байх.

Нэг зүйлийг тодотгоход Монгол Улсын парламентын түүхэнд ийм хариуцлагагүй боловсруулсан, эргэж буцсан, бодлого төлөвлөлт нь алдагдсан төсвийн төслийг хэлэлцэж байгаагүй юм. Аливаа төсвийн төслүүдийг анхааралтай, нухацтай боловсруулах шаардлагатай байдаг. Энэ удаагийн төсөв тийм байж чадсангүй.

-Төсөв дээр ямар алдаа байгаа юм бэ. Алдаагаа засна гэхээр арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсөв батлах ёстой. Амжих юм уу?

-Бид эхнээс нь төсвөө засаад явсан бол одоогийн энэ байдалд хүрэхгүй байсан юм. Ирэх оны төсвийг батлахад хугацаа гээд байх зүйл үлдсэнгүй. 2015 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 6 дугаар зүйлийн 6.1.4-т улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх" болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн үндсэн есөн шалгуур үзүүлэлтийн дөрвийг нь хангаагүй байна.

Хөгжлийн банк хоёр жил Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг, Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

-МҮОНТВ-ийн төсвийн урсгал зардлыг танах ёстой гэж Ч.Хүрэлбаатар гишүүн хэлж байсан. Танай намын бүлэг өмнө нь өөрсдөө эрх барьж байхдаа хийгээгүй байж одоо заавал хасна гээд байгаад дургүйлхэх хүмүүс олон байна?

-МҮОНТВ тэнцвэртэй мэдээлэл хүргэхгүй байна. Засгийн газрын дуу хоолой болж эдийн засаг хүндэрч байхад “Бүх зүйл сайхан байна" гэж хэлсээр ирсэн. Ард түмэндээ бодит мэдээллийг хүргэж чадаагүй. Хэрэв анхнаас нь болохгүй бүтэхгүй зүйлийг нь хэлээд мэдээллээд явчихсан бол иргэд бодит мэдээлэл авч байдал иймдээ тулахгүй ч байсан юм билүү.

Олон нийтийн гэх статустай ганц телевиз нь ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө үнэнийг дуугарахгүй байхад бусад хувийн арилжааны телевизүүд бодит байдлыг хэлсээр ирсэн. Ийм телевиз байх хэрэгтэй юм уу. Манай намыг засаг барьж байхад МҮОНТВ арай ч ингэж үйл ажиллагааг явуулдаггүй байсан юм.

-Өшөө авах байдлаар хандаад байгаа юм уу?

-Яалаа гэж. Сэтгүүлзүйн хэм хэмжээгээ бариад явсан бол юу гэж ингэх вэ дээ. Хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Анх Манай бүлэг дээр энэ асуудал яригдаж эхлэхэд зарим гишүүдийн зүгээс 7.5 тэрбум төгрөгийн төсвийг бүхэлд нь танах ёстой ч гэсэн санал гарч байсан.

Өнөөдөр (өчигдөр) улсын төсвөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд олгох санхүүгийн зардлыг 3.758.9 сая төгрөгөөр бууруулахыг төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дээр гишүүдийн олонх дэмжсэн. Энэ нь нийт төсвийнх нь 50 орчим хувь нь. Ард түмний эрх ашгийн төлөө нэг талыг барьсан мэдээлэл цацаж болохгүй л дээ. Үүнийгээ уг нь мэдэж л баймаар юм.

-Танай намын бүлэг ирэх оны төсвийг 450 тэрбумаар танах боломжтой гээд байгаа?

-Бид төсвийн төслийг өргөн барьсны дараа бүлгээс ажлын хэсэг байгуулан төсөв дээр ажилласан. 2015 оны төсвөөс 450 тэрбум төгрөг танаж болох юм байна гэдгийг ажлын хэсэг тогтоосон. Улс орны эдийн засаг хямарч, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан хүндхэн цаг үед улсын төсвийн зардлыг нэмэгдүүлж байгаа нь буруу шүү дээ. Ийм төсвийн төслийг дэмжих боломжгүй.

2015 оны төсвөөс 450 тэрбум төгрөг танаж болох юм байна гэдгийг ажлын хэсэг тогтоосон

.Ард түмнээ бүсээ чангал гээд байгаа. Бид ч гэсэн өөрсдөө бүсээ чангалах хэрэгтэй. Энэ Засгийн газрын үед улсын төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт ихээхэн хэмжээгээр тасарлаа. Тиймээс УИХ-ын 2014 оны 30 болон 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор өгөгдсөн төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх  үүргийн хүрээнд урсгал зардлыг 20- иос доошгүй хувиар танахыг МАН-ын бүлэг санал болгож байгаа.

-Яг ямар салбарын урсгал зардлыг танах хэрэгтэй гээд байгаа юм?

-Ямартаа ч эрүүл мэнд, боловсролын салбарын урсгал зардлаас танаж болохгүй гэдгийг манай намын бүлэг хэлээд байгаа. Хэрэв урсгал зардлаа хэмнэж чадвал тэр мөнгөөрөө ард иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, нийгмийн чанартай хөрөнгө оруулалт,  нийгмийн эмзэг хэсэг, зорилтод бүлэгт анхаарах юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд холбогдох зарим өөрчлөлт оруулж чиг үүрэг нь давхардсан, үйл ажиллагаа явуулахгүй байгаа сангуудыг татан буулгах шаардлагатай байна. Үүний дагуу холбогдох тооцоо, судалгааг хийхэд тусгай сангүүдийн зардлыг 50.4 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой нь харагдаж байгаа юм.

“Цэвэр агаар” сангийн зардлыг 2014 оныхоос 48.8 хувиар нэмэгдүүлэн 30.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүний дотор олон нийттэй харилцах, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зардлыг энэ оныхоос 26.6 дахин нэмэгдүүлсэн байгаа юм.

-Ирэх онд манай улс 708 тэрбумын зээлийг төлнө. Ирэх жилээс эдийн засаг улам л муудна гээд байх юм?

-Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн хоёр жилд хурдацтай өссөн. Зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 оны төсвийн төсөлд 19 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг

буюу 536.4 тэрбум төгрөг нь Засгийн газрын дотоод  үнэт цаасны хүүгийн төлбөр байна. Дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаас шингээх чадвар, эргэн төлөх хугацаа, хүүгийн зардлыг  харгалзахгүйгээр ирэх жил  шинээр 1.8 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах нь дахин санхүүжилтийн томоохон эрсдэлийг бий болгохыг анхаарах ёстой.

-Танай бүлгээс хүүхдийн  мөнгө болон бусад  халамжийн мөнгийг танах ёстой гэдэг байр суурьтай  байгаа гэсэн. Үүнийг АН -ынхан дэмжихгүй  гээд байгаа гэв үү?

-Үгүй. Харин ч эсрэгээрээ  хүүхэд бүрт Хүний хөгжил сангаас олгодог 20 мянган  төгрөгийг 30 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу зорилтот бүлэгт сар бүр 30 мянган төгрөг олгох нь үнэ ханшийн өсөлтөнд дарлуулсан иргэдэд томоохон дэмжлэг болно гэж үзэж байгаа. Мөн эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж манай бүлэг үзэж байгаа юм.