Э.Баттулга: Худалдан авагчдын нүдээр харж, бүтээлч хандах хэрэгтэй байна
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.
-Монголд ирж байгаа гадаадын жуулчид ямар төрлийн бэлэг дурсгал түлхүү худалдаж авдаг вэ?
Аялал жуулчлалыг дагаад жижиг, дунд олон төрлийн үйлдвэрлэл хөгждөгийн нэг нь гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл. Сонголтын хувьд аль орны жуулчин бэ гэдгээсээ голдуу хамаардаг. Азийн жуулчид органик бүтээгдэхүүн, Европ, Америкийн жуулчид нүүдлийн соёлын онцлогийг шингээсэн бүтээгдэхүүний сонголт түлхүү хийдэг байх жишээтэй.
Мэдээж энд хямд үнэтэй, цуглуулгын, түгээмэл бэлэг дурсгалын зүйлс жишээлбэл түлхүүрийн оосор, соронзон наалт зэрэг хамаарахгүй шүү дээ.
-Тэгвэл манайд үйлдвэрлэгдэж байгаа бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүн үнэхээр гадаадын жуулчдын сонирхол, хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу. Чадахгүй бол асуудал нь юунд байна вэ ?
Сувинер гэдэг нь францаас гаралтай дурсгал гэсэн үг юм билээ. Жуулчдын хувьд тухайн газрынхаа онцлогийг харуулсан, аяллын дурсамжийг нь сэргээхүйц загвар, хийц, материалтай бэлэг дурсгалын зүйлсийг авахыг хичээдэг. Тиймдээ ч манайхаас арьсан болон эсгий сувинер түлхүү авдаг. Шаардлага хангаж буй эсэх дээр бол учир дутагдалтай санагддаг.
Онгоцоор явах жуулчин амархан хагарч гэмтэх, овор жин ихтэй бэлэг авахгүй нь тодорхой биз.
Жишээ нь эсгий, арьсан урлалууд боловсруулалтаасаа хамаараад халуун чийгтэй оронд аваад очиход эвгүй үнэр гардаг, чанар нь алдагдаж мууддаг. Зарим улс оронд гарал үүсэл нь тодорхойгүй гээд хилээр оруулдаггүй ч тохиолдол бий, өөрт тохиолдсон явдлууд л даа. Тийм болохоор материалын боловсруулалт, тайлбар, шошгожуулалт дээр анхаармаар санагддаг.
Дараагийн нэг зүйл бол сав баглаа боодол. Бэлэг дурсгал нь үнэ цэнээсээ илүү сэтгэлийн, талархлын илэрхийлэл болдог утгаараа сав боодол чухал нөлөөтэй байдаг. Японд гэхэд аялсан газраасаа ахмад настан, хамт ажиллагсаддаа заавал бэлэг авч очдог соёлтой, баглаа боодол бол бүр зайлшгүй байх зүйл болдог. Тэр талаас нь харвал манайд шаардлага хангасан бэлэг дурсгал хомс байна.
Борлуулалтын менежмент тал дээр ч асуудал их бий. Үг үсгийн алдаа бол энүүхэнд. Үнээр эсвэл дахин давтагдашгүй онцлог байдлаар өрсөлддөг нь бизнесийн хууль биз дээ. Тэгвэл тэр давуу талаа тодруулаад морин хуур зарлаа гэхэд сурах бичгийг нь CD, тайлбар, танилцуулгатай нь хавсаргаад өгмөөр байна шүү дээ. Ер нь бол бэлэг дурсгал үйлдвэрлэгчид үнээс өөр зүйлээр өрсөлдөж ухаанаа уралдуулмаар байгаа юм.
Үйлдвэрлэгчдэд хандаж зөвлөгөө өгөөч гэвэл таны зүгээс юуг онцлох вэ?
Хөгжилтэй орны жуулчид бол байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг илүүд үздэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хүмүүс. Ан амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бол нийтээрээ татгалзаж байгаа. Аялал жуулчлал өндөр хөгжсөн оронд худалдан авагчдын сэтгэл зүйд бүтээгдэхүүнээ тохируулаад баглаа боодлыг дахин боловсруулсан цаасан дээр ургамалын будгаар, гялгар уутыг байгальд задардаг материалаар хийж байх жишээтэй.
Үүнийг байг гэхэд хэлбэр хэмжээнд нь анхаарч болмоор. Онгоцоор явах жуулчин амархан хагарч гэмтэх, овор жин ихтэй бэлэг авахгүй нь тодорхой биз. Гэтэл бид гадны зочиддоо том том шилэн жаазтай сувинер, 2-3 кг жинтэй зургийн цомог худалдах гээд байдаг. (Инээв.)
Сэдвийн сонголт чухал. Алдартай жуулчны үзмэр, лэндмаркууд, соёлын онцлог элементүүдтэй холбогдсон бэлэг борлуулалт өндөртэй байдаг. Эрх чөлөөний хөшөө Нью-Йоркийн, Эйфелийн цамхаг Парисын, Биг Бэн Лондонгийн сувинерийн сэдэв болдогтой адил юм даа.
Өөр нэг хүчтэй хандлага явж байгаа нь "Fair trade" буюу “Шударга арилжаа”
“Шударга арилжаа” ойлголт нь хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг олон улсын хандлага юм.
гэсэн ойлголт. Миний авсан бүтээгдэхүүний ашиг нь хэн нэг хөрөнгөтний халаасанд орж байна уу, эсвэл өрх толгойлсон эмэгтэй, бага орлоготой иргэдийн амжиргаанд нэмэр болж байна уу гэдгээс хамаарч худалдан авагчид сонголтоо хийдэг явдал улам бүр түгээмэл болж байна.
Эцэст нь, бид худалдан авагчдын нүдээр харж, илүү бүтээлчээр хандаж чадвал бэлэг дурсгалын үйлдвэрлэлд маш их боломж байгаа гэдгийг үйлдвэрлэгчиддээ хэлмээр байна.