Г.Баярсайхан: УИХ, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэр амьдрал дээр хэрэгжих ёстой
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.12.17

Г.Баярсайхан: УИХ, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэр амьдрал дээр хэрэгжих ёстой

Засгийн газрын X байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гарсан. Үүний зэрэгцээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориултын дагуу ашиглах зүйл яригдсан.

Гэхдээ эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхээс өмнө эдгээр барилгатай танилцах, шалгах бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан энэ ажлын хэсгийг ахалж буй бөгөөд түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Тиймдээ ч хуучин ССАЖЯ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн. Таны хувьд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтын дагуу ашиглах ёстой гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ ямар учраас ажлын хэсэг гарч, ажиллахаар болов?   

-УИХ, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэр амьдрал дээр хэрэгжээд явах ёстой. Анх Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөлийн асуудлаар УИХ-аас чиглэлийг нь баталж, Засгийн газраас шийдвэр гаргаж бариулсан. Харин төр засгийн ааш, араншингаас  болж Монгол Улсад шаардлагатай байгаа эрүүл мэндийн салбарт сүүлийн 20 гаруй жил хийгдээгүй байсан ажил үр дүнгээ өгөөд ахицтай явж байхад нь энэ эмнэлгийг зогсоосон.

Миний хувьд цаашид энэ эмнэлгийг зориулалтых нь чиглэлээр ажиллуулах ёстой гэж үзэж байгаа. Ингэхийн тулд нэр бүхий гишүүд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтын чиглэлээр ажиллуулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина. Үүнийг улстөржихгүйгээр нам, намын төлөөллийн гишүүд дэмжиж байгаа. 

-Энэ эмнэлгийн үнэтэй аппарат эвдэрсэн зүйл бий гэх. Гэвч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин үгүйсгэж байгаа шүү дээ? 

-Хавтан унаж, эвдэрсэн гэдэг зүйл яригдаж байсан. Ийм зүйл болсонд харамсч байна. Энэ бол улс төр эрүүл мэндийн салбарт орж, бусниулсны нэг хэрэг. Би хувьдаа үүнийг буруу гэж үзэж байгаа. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг монголчуудын эрүүл мэндийн төлөө ажиллах ёстой. Түүнээс албан тушаалтан сайхан дулаан байшинд суух нь гол зорилго гэж үзэхгүй байна. Энэ эмнэлгийг булаацалдаад байх зүйл биш. Монгол хүний эрүүл мэнд илүү чухал. Тиймээс УИХ үүнийг шийдэрлэх байх.