Куб улс социализмын дурсгалт газар байхаа больж байна
Ромын папын зуучилсан, хагас нууцлалын байдалд жил гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд Кубын удирдагч Рауль Кастро, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Америк, Куб хоёрын хагас зуун жилийн зөрчилдөөнийг шийдэхийн тулд утсаар ярьсан нь түүхэнд тэмдэглэх үйл явдал боллоо.
Дараа нь хоёр лидер телевизээр мэдэгдэл хийв. Сайн санааны илэрхийлэл болгож Кубчууд тагнуулын хэргээр 5 жил Кубад хоригдсон Америкийн хүмүүнлэгийн байгууллагын ажилтан Алан Гроссыг суллав. Хариуд нь америкчууд Кубын гурван тагнуулыг тавьж явуулжээ. Ирэх нэгдүгээр сард АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах Роберта Джейкобсон Кубад ирнэ. Ерөнхийлөгч ч өөрөө ойрын ирээдүйд Кубад айлчилж болохыг үгүйсгэхгүй байна.
Энэ бол Кубын хувьд ялалт гэсэн үг. Тус орон бараг хагас зуун жилийн тусгаарлалыг даван гарч дэлхийн хамгийн хүчирхэг гүрний шахалтад сөхөрсөнгүй. Энэ амжилт Кубын хэт зүүний хүчнийхэнд тийм ч таалагдахгүй болов уу. Учир нь Кастрогийн хүрээнийхний гол имимдж болсон Америкийн эсрэг тэмцлийн билэг тэмдэг үеэ өнгөрөөж байна. Гэвч Рауль Кастрогийн хувьд үзэл суртлаас илүү бодит амьдрал чухал. Рауль Кубын арал дээр эдийн засгийн шинэчлэл хийж, америкийн хөрөнгө оруулалтыг татаж, тусгаарлалаас гарахыг хүсч байна. Кубын эсрэг эдийн засгийн хориг 50 жил үргэлжилж байгааг сануулъя. Уг хоригийн дагуу кубууд АНУ-тай худалдаа хийх, Америк жуулчид Кубад ирэх, Кубад олон улсын тусламж өгөх хориотой.
Обама ч гэсэн зориг гаргаж уг алхмыг хийсэн. Тэрээр дарамтад суурилсан гадаад бодлогоос татгалзсан. Харин Куб дахь улс төрийн тогтолцоог өөрчлөх зорилго өөрчлөгдөөгүй. Гэхдээ өнгөрсөн 50 жилд хэрэгжүүлсэн Кубыг тусгаарлах бодлого ямар ч үр дүн авчирсангүй. “Кубын эсрэг чиглэсэн АНУ-ын гадаад бодлого аажмаар Америкийг бүс нутгийн болон олон улсын тавцан дахь түншүүдээс нь холдуулах боллоо” гэж Цагаан ордны тусгай мэдэгдэлд бичжээ. Түүнчлэн “Хэрэв бид энэхүү коммунист оронд өөрийн элчин сайдын яамыг нээж харилцан ажиллавал илүү амжилтад хүрэх юм гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж бичжээ.
Обамагийн алхмыг америкчуудын олонхи нь дэмжиж байна. Харин түүний улс төрийн өрсөлдөгчид нь Кубын асуудалд маш болгоомжтой хандаж байна. Тухайлбал БНН-ын төлөөлөл, сенатор Марко Рубио Обамагийн шийдвэрийг ямар ч утгагүй зүйл гэж нэрлэжээ. Тэрээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэггүй оронд хүссэн болгоныг нь өглөө хэмээн шүүмжлэв.
Гэхдээ судлаачдын үзэж буйгаар Кубын асуудлыг хариуцсан хэрнээ Обамагийн бодлогын эсрэг байдаг хүмүүс Конгресст нэлээдгүй учраас Кубад Элчин сайдын яам нээх бараг боломжгүй гэж үзэж байна. Тэдний хувьд Кубтай найрсаг харилцаа тогтоох нь Кубын дарангуйллыг хүлээн зөвшөөрсөнтэй адил аж.