Монгол улс авлигын үзүүлэлтээр 178 орноос 80-д орж байна
2010 оноос хойш Монголын авлигын үзүүлэлт 36 байраар сайжирсан байна
2014.12.24

Монгол улс авлигын үзүүлэлтээр 178 орноос 80-д орж байна

Авлига гэдэг зүйл дэлхийн хэмжээний үзэгдэл болохын хувьд олон оронд байдаг асуудал бөгөөд нийгмийн хөгжилд чөдөр тушаа болдог.  Олон улсын ТББ Transparency International  саяхан гаргасан тайландаа дэлхийн олонхи орны авлигын индексийг гаргажээ.  1993 онд байгуулагдсан, Берлинд төвтэй уг байгууллага дэлхийн бараг 100 оронд үйл ажиллагаа явуулдаг.

Байгууллагын гол зорилтуудын нэг нь авлигатай тэмцэх, авлигын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх.  Transparency International жил болгон улс орнуудын авлигын нөхцөл байдал, төрөл бүрийн шамшигдуулалт, хээль хахууль, албан тушаалын наймаа,  шүүхийн байгууллага дахь авлига,  улс төрчид, засгийн газрын гишүүдийн хууль бус тохироонууд, хар тамхины эсрэг үр дүнгүй тэмцлийн талаар тайлан бэлтгэж гаргадаг. 

Энэ оны тайландаа нийт 178 орныг багтааж 1-100 хүртэлх оноо өгч жагсаажээ.  Үүний зэрэгцээ Transparency International-ийн мэдээлж буйгаар орон болгоны авлигын түвшнийг нарийн тодорхойлох боломжгүй , яагаад гэвэл авлига нь хуулийн эсрэг үзэгдэл болохын хувьд маш нууц байдаг. 2014 оны тайланд шинээр хөгжиж буй орнуудын авлигатай хийж буй тэмцлийн бэрхшээлийн талаар нэлээд дурьдсан байна.

Авлигын индекс

Энэ жилд Хятад, Турк зэрэг эдийн засгийн өндөр өсөлттэй орнуудад авлига өссөн үзүүлэлттэй байгаа учраас олон улсын санхүүгийн зах зээл үүний эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.  Ялангуяа мөнгө угаах явдал олон экспертын санааг зовоож байна.  Хамгийн их авлигатай орноор Судан, Хойд Солонгос,  Сомали улсууд шалгарсан бол хамгийн бага авлигатай орноор Дани, Шинэ Зеланд, Финлянд тодорчээ.  Хятад улс 178 орноос 100-д жагссан байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 20 оноогоор сайжирсан үзүүлэлт аж. 2014 онд Хятадад авлигын хэрэгт холбогдсон хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан, олон арван албан хаагчийг баривчилж эрүүгийн хэрэг үүсгэсэн ч үүнээс илүүг хийж авлигын мэдээллийг дамжуулсан хүмүүсийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. 

Монголчуудын хувьд уг тайланд 39 оноо авч, Сальвадор, Марокко, Бенин, Босни Герцоговина зэрэг улсуудын хамт 80 дугаар байрыг эзэлжээ. Монгол улс өнгөрсөн оныхоос 10 байраар урагш ахижээ. 2010 оноос хойш Монголын авлигын үзүүлэлт 36 байраар сайжирсан үзүүлэлттэй гарчээ.

Transparency International-ийн захирал Хосе Угасын (Joze Ugaz) ярьж буйгаар эдийн засаг эрчимтэй хөгжиж буй орнуудын эрх баригчид өөрийн орны баримтуудыг өгөхөөс зайлсхийж, авлигын өмнө нүдэн балай чихэн дүлий өнгөрдгөөс авлига нийгэмд яг л шарилж шиг ургасан ажээ.