С.Бямбацогт: Өрийг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.01.06

С.Бямбацогт: Өрийг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар 2015 оны төсвийн тодотголтой холбоотой хэд хэдэн асуудлаар мэдээлэл өглөө. 

-Монгол Улсын нэгдсэн төсвийн хууль мөрдөгдөхгүй байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүчтэй яригддаг байсан. Энэ алдаа засагдсан уу. Мөн төсвийн тэнцлийн алдагдал өссөн, төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд үндсэндээ хумигдаж байна?

Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой ч өмнөх Засгийн газар 2012 оноос хойш хууль зөрчин, Чингис бонд, Хөгжлийн банкны санхүүжилт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг төсөвт оруулдаггүй байсан. Одоо харин энэ бүхнийг нэгдсэн төсөвт нэгтгэхээр төсвийн алдагдал өсч байгаа.

Ер нь төсвийн орлого жилдээ 1-2 их наяд төгрөгөөр тасардаг, жилдээ 2 удаа төсөв тодотгодог уламжлал тогтсон байсныг Шийдлийн Засгийн газар засах гэж оролдож байна. Орлогоо бодитой тооцохоор төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр буурч байна, түүнийг дагаад зардлыг мөн хэмжээгээр багасгах шаардлага тулгарч байгаа. Энэ нь эргээд хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилтийг бууруулах болж байна.

Уг нь хямралын үед аж ахуйн нэгжүүдээ төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжиж, бизнес эрхлэх боломжоор хангах ёстой. Харамсалтай нь, орлого байхгүй учраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс аргагүй байна л даа.

-Улсын өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээс арга байхгүйг Ардчилсан нам сүүлийн хоёр жил шахамын хугацаанд илэрхийлж, танай нам эсэргүүцэж ирлээ. Өрийн босгыг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэх өөр гарц байгаа юм уу?

Зээл авч байж улсаа хөгжүүлнэ, зээл авч байж ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ гэж өмнөх Засгийн газар үздэг байсан. Шийдлийн Засгийн газар энэ тухай одоо ярьж эхэлж байна. Энэ бол зөв шийдэл биш.

Бидэнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бололцоо бий. Харамсалтай нь, хамгийн амар хялбар арга сонгоод байна, дээр хэлсэн асуудлын хүрээнд Засгийн газар ажиллах ёстой.

-Төсвийн зардлыг бууруулахын тулд төрийн албан хаагчдыг цомхотгоно, оюутны 70 мянгыг ялгавартай олгоно гэж Засгийн газар үзэж байгаа. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?

2012 онд төрийн албанд 147 мянган хүн ажилладаг байсан бол өнөөдөр 180200 д хүрсэн гэсэн тоо бий. Бид бол “Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой” гэсэн байр суурийг барьж ирсэн. 2015 оны төсөвт яамдын орон тоог 15 хувиар бууруулсан, чиг үүрэг нь давхардсан агентлаг, улсын үйлдвэрийн газруудыг нэгтгэх байдлаар 1669 албан хаагчийг  цомхотгох шийдвэр гаргасан.

Энэ нь бидний шаардаж байсан хэмжээнд хүрээгүй ч цаашдаа цомхон чадварлаг болгох зорилгодоо байж,  холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна. Оюутны 70 мянган төгрөгийн тухайд хэн хөдөлмөрлөж, хэн сайн сурч хичээж байна түүнд олгох ёстой. Хавтгайруулж олгох нь зөв шийдэл биш.