Ж.Батсуурь: Засгийн газар зээл авахад заавал оролцох албагүй
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.01.08

Ж.Батсуурь: Засгийн газар зээл авахад заавал оролцох албагүй

Төсвийн тодотгол тэр дундаа өрийн таазыг нэмэх асуудлаар намууд нэгдсэн байр суурьтай байж чадахгүй байгаа. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийн байр суурийг сонирхлоо.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх эсэх асуудал эхний даваагаа давлаа. Гэхдээ хэр оновчтой тодотгол болсон бэ?

Шинэ бүтэц, зохион байгуулалттай Засгийн газар байгуулагдсан. Мөн улс орны эдийн засгийн нөхцөл, цаг үеийн асуудалтай холбогдуулаад 2015 оны төсвийг тодотгох зайлшгүй шаардлага гарсан нь мэдээж. Төрийн илүү зардал, давхардсан олон байгууллага байгуулснаа цэгцлэх нь зүйтэй.

Түүнчлэн манайхан салбаруудын янз бүрийн хууль гаргадаг. Хууль болгондоо зориулаад агентлаг, алба байгуулдаг байсан. Тиймээс энэ олон үйл ажиллагаа, чиг үүрэг нь давхардсан байгууллагуудыг нэгтгэх тал дээр арга хэмжээ авч байгаа нь зөв гэж бодож байгаа. Хоёрдугаарт, эдийн засаг хүнд байна. Маш хүнд гэж тодотгож болно.

Төсвийн орлого сүүлийн жилүүдэд ээлж дараалан нэмэгдэж ирсэн. Үүнийг дагаад төсөв тэлж зургаа, долоон их наяд төгрөг гэж ярьдаг боллоо. Бид 2000 оны үед их наяд гэдэг тоог ярьдаггүй байлаа. Харин 500-600 тэрбум төгрөгийн хүрээнд төсвөө баталж, орлого, зарлагаа зохицуулдаг байсан.

Орлогоо бүрдүүлж чадахгүй байгаагийн улмаас зарлага бодитой болохгүй байна гэдгийг их ярьж байгаа. Тиймээс энэ байдлыг бодитоор харж, асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлага гарсан учраас энэ оны төсвөө баталсан.

Ингээд сарын хугацаанд эргээд тодотгол хийж, 900 гаруй тэрбум төгрөгөөр орлогоо багасгаж байна. Энэ хэрээр зарлага багасч байгаа гэсэн үг. Харамсалтай нь нэлээд их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хумьж байна. Энэ нь хүсмээр зүйл биш. Ер нь улс орны эдийн засаг туйлын хүнд боллоо.

-МАН өрийн таазыг нэмэхгүй гэсэн. Гэтэл нөхцөл байдал өөрөөр эргэж байна. Ер нь танай намын бүлэг дээр энэ асуудлыг юу гэж ярьсан бэ?

ДНБ-ий 40 хувь гэсэн хуулийг мөрдөж байгаа. Гэхдээ энэ хуулийнхаа босгыг аль хэдийн даваад явж байна. Одоогийн байдлаар 50 орчим хувьтай байна. Өрийн хэмжээг ДНБ-ий 60, 70 хувьд хүргэсэн хуулийг тодорхой хугацаанд гаргана гэж байгаа. Ингэж байж эдийн засгийг өсгөх арга хэмжээ авч, эргээд тодорхой хугацааны дараа бууруулна гэсэн Засгийн газрын бодлого орж ирж байх шиг байна.

Энэ маргаантай асуудал шүү. Манай бүлэг өрийн таазыг өсгөж, улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60, 70 хувьд хүргэх нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд хортой гэж үзэж байгаа.

Мөн Оюутолгой, Тавантолгой болон бусад томоохон орд газруудын бүтээн байгуулалтад Засгийн газар заавал оролцож, зээл аваад өрийн босгоо нэмэгдүүлээд байх албагүй. Ямар нэгэн аргаар бүтээн байгуулалт руу эсвэл уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй бол улс маань хямралаас тийм ч амар гарч чадахгүй. Хамгийн гол манай улсын валютын нөөц багасч, хүнд байдал руу л явж байна.

Дээр нь компаниудын гадаадад тавьсан өрийг буцааж төлөх асуудал ирэх онд үргэлжилнэ. 2016, 2017 онд нэг, хоёр тэрбум ам.доллараар нь төлөх ёстой. Ийм цаг үед эдийн засаг улам хямрах нь ойлгомжтой. Арилжааны банкууд бүгд дампуурлын байдалд хүрнэ. Арилжааны банкуудаас авсан зээл чанаргүй зээл болж хувирна.

Барилгын компаниуд газар аваад бүтэн хорооллоор нь барилга барьж байна. Гэтэл барилга худалдаж авах төлбөрийн чадвартай эрэлт нь үндсэндээ дууссан. Иймд эдийн засгийг тэлэх бодлого барьж, томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүйгээр зүгээр орлого, зарлагадаа тааруулаад суугаад байвал Монгол Улс эргэж босоход амаргүй байх болно.

-Гэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд өрийн таазыг нэмэхээс өөр аргагүй болсон гэж тайлбарлаж байгаа шүү дээ?

Зарим талаар тэгж ойлгож болно. Гэхдээ Засгийн газар ямар арга хэмжээ авах, юу бодож, тооцож байгаагаас шалтгаална. Засгийн газар, Ерөнхий сайдад олон зөвлөх, эрдэмтдийн зөвлөл зөвлөж байгаа. Тэд одоогийн байгаа нөхцөл байдлаас гарах бодлого боловсруулж байгаа байх. Найдвартай арга хэмжээ авч хэрэг­жүүлээгүй цагт өдрөөс өдөрт, цагаас цагийн хоо­ронд байдал улам муудна.

-Хэрэв өрийн таазыг нэмэхээр болвол хоёр намын хооронд хийсэн зөвшилцлийн гэрээ юу болох вэ?

Манай нам өрийн таазыг нэмэх шаард­лагагүй. Энэ нь улсын эдийн засгийн аюулгүй байдлыг улам баталгаагүй болгоно гэсэн байр суурь баримталж байгаа. 

-Энэ удаагийн тодот­голд нийгмийн халамжийн мөнгөнд нэлээд өөрчлөлт оруулсан. Оновчтой шийдэл байж чадах уу?

Халамжийн бодлого хэт хавтгайрсан зүйлүүд бий. Нэгэнт хавтгайрсан халамжийг эргээд хумьж, цэгцлэхэд маш хүнд. Буруу бодлого явуулсан учраас халамж их тэлсэн гэсэн үг. Энэ асуудал улс төртэй их хобогдож байна. Сонгуулиас сонгуулийн хооронд богино хугацаа, давтамжтай байдаг.

Харин энэ хооронд хүнд таалагдах гэсэн арга хэмжээ авч байх юм. Тухайлбал, төр засгаас татваргүй болгоод тайван суугаад байдаг. Төр оршихуй дор татвар буй гэж үг байдаг. Тиймээс татваргүй байна гэж юу байхав. Ер нь өрийн тааз, татвар, халамжаас эхлээд тодотголтой холбоотой асуудал дээр харгалзаж үзэх зүйлүүд байна.