Д.Ганбат: Дургүй ламд дарж байж сахил хүртээх хэрэггүй шүү дээ
УИХ-ын гишүүн Д. Ганбат
2015.01.08

Д.Ганбат: Дургүй ламд дарж байж сахил хүртээх хэрэггүй шүү дээ

УИХ-ын гишүүн Д. Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2015 оны төсөвт тодотгол хийхээр УИХ хэлэлцээд эхэллээ. Оны өмнө төсвийг Засгийн газрын өргөн барьсан хэлбэрээр нь хэлэлцүүлэггүй шахуу баталсан. Тиймээс тодотголыг их сайн хэлэлцэж батлах ёстой байх. Та Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголын төслийг хэр сайн боловсруулсан гэж харж байна вэ?

Монгол Улсын төсвийн орлого хоёр гурван жил дарааллан их наядаар дутаж байгаа. Мөн бондын мөнгийг төсвөөс гадуур захиран зарцуулж байлаа. Энэ нь төсвийн тухай хуулийг зөрчиж ирсэн. Монгол Улсын төсөв нэг байх ёстой, дээрээс нь өрийн хязгаарыг өсгөх тухай асуудал бий.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд тусгаснаар өрийн хязгаарыг нэмэгдүүлэхээр байгаа юм. Одоо мөрдөж буй хуулиар Засгийн газрын өр ДНБ-ий 40 хувиас илүүгүй байх ёстой. Тиймээс энэ бүх зүйлүүдээ хууль дүрмэнд нь нийцүүлээд явах нь зөв. Хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байна, төсвийн орлого тасрах нь тодорхой байгаа. Үүнийгээ дагаад бид зарлагаа ч танах ёстой. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэсэн үг бий шүү дээ.

-Өнөөдөр өглөө хуралдах байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан үдээс хойш хүртэл хойшиллоо. Яагаад гэвэл таны сая хэлсэн өрийн таазыг нэмэх тухай асуудалд УИХ дах намын бүлгүүд байр сууриа нэгтгээгүй байна. Ер нь өрийн таазыг нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг та дэмжиж байгаа юу?

-Улс оронд ажил хийх шаардлага байна гэвэл нэмэх л ёстой. Гэхдээ заавал ДНБ-ий 40 хувь гэсэн шиг ямар нэгэн хязгаар тавих шаардлагагүй. Улс орны нөхцөл байдал ямар ч байж болно. Хамгийн чухал нь цаг хугацаа.

Түүнийг үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд тооцоо судалгаатайгаар ажлуудаа явуулах ёстой юм. Тэгэхгүйгээр өрийн таазад тулчихлаа гээд ажил хийж чаддаггүй, ард иргэд нь хөдөлмөр эрхэлдэггүй, цалин мөнгөгүй явж болохгүй шүү дээ.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд тусгаснаар өрийн хязгаарыг нэмэгдүүлэхээр байгаа юм. 
-Гэхдээ 2016 оноос эхлээд Чингис бондын зээлийг манай Засгийн газар төлж эхэлнэ. Дээрээс нь нэмээд зээл авчихаар төсөвт ирэх ачааллаа дийлэх болов уу?

Мэдээж өрийн босгыг ямар ч хязгааргүй болгоно гэж байхгүй. Улсынхаа нөөц боломжыг харж таараа. Одоо бол манай улсын гол экспортын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан байгаа.

Тиймээс бид үнэтэй болсон үед зараад өрөө төлсөн нь дээр үү, эсвэл одоо хямд өгөөд хэдэн төгрөг олсон нь зөв үү. Аль ашигтай хувилбарыг нь Монгол Улс сонгох ёстой. Тиймээс ямар нэгэн хуулийн хязгаарлалтаар өөрсдийгөө барих хэрэггүй л гэж бодож байна.

-Засгийн газрын байгуулах асуудлаар УИХ дах АН, МАН-ын бүлгээс гарч ажилласан ажлын хэсгүүдийн тохиролцоогоор өрийн таазыг одоо хуульд заасан хэмжээнээс нэмэхгүй байх гэрээ байгуулсан. Тиймээс МАН-ын бүлэг  уг гэрээгээ барьж ажиллана гэдэг шаардлагыг тавьж байна. Өөрөөр хэлбэл өрийн таазыг ДНБ-ий 70 хувьд хүргэх Засгийн газрын төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байгаа.

Ер нь намын бүлгүүд ухаалаг түвшинд л шийдэх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна түүнийгээ л харах нь зөв. Ингэж уян хатан хандахгүйгээр хатуу байр суурь баримтлаад байвал хэцүү. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ч хүнд байна.

Бид түүнтэй уялдаж ажиллахгүйгээр явахгүй. Бид чинь харь гараг дээр, эсвэл аль нэг арал дээр гав ганцаараа байгаа улс биш шүү дээ. Хөнгөлөлттэй зээл яаралтай хэрэгтэй байгаа бол амжуулж бүтээх ёстой. Энэ бол сонголтын асуудал.

-Төсвийг батлахдаа Оюу-толгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдээс орж ирэх мөнгийг өрөндөө суутгадаг байсан. Гэвч тодотголын төсөвт тийм зүйл алга байна. Тэгэхээр одоо ил хэлэлцэж байгаа томоохон төслүүдээс ямар нэгэн орлого орж ирнэ гэж найдахгүй байгаа хэрэг үү?

Уг нь томоохон төслүүдийг явуулахын тулд л ийм том Засгийн газар байгуулагдаж, энэ олон нам хамтарч ажиллаж байгаа биз дээ. Бүр томоохон төслүүд хариуцсан албан тушаалтан хүртэл томилогдсон. Тэгэхээр ажлаа хийх байх. Ер нь Тавантолгой, Оюутолгой цаашид хөдлөх ёстой.

-Төсвийн тодотголын төслийг харж байхад нийгмийн халамж нилээн танагдах бололтой. Зорилтот бүлэг рүү чиглэсэн эдгээр мөнгөнүүдийг хасах нь зөв гэж бодож байна уу?

Хүүхэд рүү, эхчүүд рүү чиглэсэн халамжын бодлогыг анах нь буруу байх. Харин танаж болох мөнгө гэвэл оюутны 70 мянган төгрөг байна. Энэ мөнгийг олгож эхэлснээс хойш 100 гаруй тэрбум төгрөгийг тараасан гэсэн мэдээлэл өгсөн. Хэрэв энэ их мөнгөөр ажлын байр бий болгож, сургууль цэцэрлэг барьсан бол илүү үр ашигтай байж.

Оюутны 70 мянга буусан хоёр өдөр баарнууд пиг дүүрэн байдаг гэж хүмүүс шүүмжилдэг. Мэдээж бүгд тийм биш л байх. Гэхдээ дийлэнх олонх нь үр дүнгүй үрж байна. Тиймээс хавтгайруулж олгох нь буруу. Хүүхдийн мөнгийг ч гэсэн олгохдоо хязгаартай хандаж болох юм. Амьжиргааны түвшин биш хот хөдөөгийн харъяалалаар ялган өгч болно шүү дээ.

-Хүүхдийн мөнгийг хөдөөний хүүхдүүдэд өгнө гэж үү?

Тэгэж болно. Дэд бүтцээ ашиглаж чаддаггүй, нийслэлээс хол газарт байгаад нь хүүхдийн мөнгө өгөх байдлаар зохион байгуулалтыг хийж болох юм.

Ер нь Тавантолгой, Оюутолгой цаашид хөдлөх ёстой.
-Өчигдөр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ц.Оюундарь МҮОНРТ-ийн захирал боллоо. Энэ гэнэтийн шийдвэр байсан уу, эсвэл нам дээр эртнээс яригдаж байсан юм уу?

Нам дээр энэ талаар яриагүй. Гэхдээ мэдээж олон нийтийн телевиз өөрийн бие даасан хуультай, Үндэсний зөвлөлтэй. Тэр зөвлөл нь хуралдаад л шийдсэн байх.

-Гэхдээ яагаад заавал эрх баригч намын гал тогоог барьж байсан хүн юм бэ? гэсэн асуулт гарч ирээд байна л даа.

Ц.Оюундарь гэдэг өөрөө хувь хүн. Мөн сэтгүүлч хүн. Өмнө нь тус газарт ажиллаж байсан. Тиймээ тэр хүн яагаад ийм шийдвэр гаргасан нь өөрийнх нь эрхийн асуудал. Ц.Оюундарь заавал АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх албатай ч биш. Өөрийнхөө таарч тохирох мест дээр ажиллах нь дээр байх.

-МҮОНРТ бол таны хэлснээр өөрийн бие даасан хуультай, үндэсний зөвлөлтэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулах статустай газар. Гэвч удирдлагуудынх нь томилгоо үргэлж улс төрийн шийдвэрээс хамаардаг гэдгийг гишүүд өөрсдөө ч хэлдэг.

Би гадаадад томилолттой явж байгаад өчигдөр ирсэн. Тиймээс энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ тус телевизийн өмнөх дарга олон жил болсон юм билээ. Төрийн алба гэдэг ээлж халаатай шүү дээ.

-Ардчилсан нам дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаа ямар зарчмаар тодруулах вэ?

Намын дүрмийн хүрээнд шийдэгдэнэ. Намын Их хурал, ҮЗХ-нд Ардчилсан намын даргын санал болгосноор ерөнхий нарийн бичгийн даргыг томилох ёстой гэсэн дүрэмтэй. Тэр дагуу л явна.

-Тэгэхээр Ардчилсан намын Их хурал удахгүй болно гэсэн үү?

ҮЗХ-ны гишүүдийн ретаци удахгүй явах юм билээ. Өмнөх ҮЗХ-ны гишүүд төрийн албанд орсонтой холбогдуулан нөхөн томилох асуудал бий. Энэ сарын 15-20 хооронд ретацийн сонгуулийг хийх зарыг гаргасан байгаа. Түүнээс гадна Улс төрийн намын тухай хууль гарахыг хүлээнэ.

Тэр хууль даруй гарвал түүнд зохицуулж дүрэмдээ өөрчлөлт оруулна. Харин хууль мөд гарахгүй бол дүрэмд заасан хугацаандаа Их хуралаа хийх болов уу.

-Наана нь ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч томилох уу?

Мэдээж тэгэж таарах биз. Тэр бол намын даргын эрхийн асуудал.

-ХХАА-н сайд Р.Бурмаа гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Танай намын бүлгийн гишүүд үүнд ямар байр суурьтай байгаа бол?

Би өчигдөр бүлгийнхээ хуралд сууж чадаагүй. Хэвлэл дээр гарсан мэдээллээс тэр талаар харсан. Гэхдээ хүн өөрийнхөө итгэл үнэмшилдээ үнэнч байх нь зөв. Би бол МоАХ фракцын гишүүн. Р.Бурмаа сайд ч манайд харъяалагддаг.

МоАХ фракцынхан сайдаасаа, гишүүнээсээ татгалзаж чаддаг. Тэрбээр давхар дээлийг эсэргүүцдэг хүн. Тиймээс тэр итгэл үнэмшлээрээ л асуудалд хандсан байх. Харин энэ талаарх өргөдлөө намын даргад албан ёсоор өгсөн эсэхийг мэдэхгүй юм.

МоАХ фракцынхан сайдаасаа, гишүүнээсээ татгалзаж чаддаг.
-Ардчилсан нам фракцын зарчмаар асуудлаа шийддэг нь бүгдэд ил байдаг. Харин фракцын аль нэгэн гишүүн нь улс төрийн албан тушаалаас татгалзах энэ мэт асуудлыг дотроо ярьдаг уу?

Янз бүр л байдаг. Миний мэдэхийн У.Хүрэлсүх сайд УИХ-ын гишүүнээсээ татгалзаад, түүнийг нь парламент хүлээн зөвшөөрч байсан. Р.Амаржаргал гишүүн мөн бүрэн эрхээсээ түдгэлзэж байсан.

Манай МоАХ фракцын дарга Х.Баттулга гишүүн давхар дээлтэй байж таарахгүй гээд сайдаасаа татгалзсан. Голдуу гишүүд өөрсдийн хэлж ярьдаг зарчмын үүднээс асуудалд ханддаг. Түүнийг нь харин хүлээж авах эсэхийг холбогдох нам, УИХ шийднэ. Хүн өөрийн итгэл үнэмшлээр асуудлаа шийдэж байгаа бол өөрийнх нь зөв. Дургүй ламд дарж байх сахил хүртээх шаардлагагүй шүү дээ.

-Жишээлбэл Х.Баттулга гишүүн сайдаасаа татгалзахдаа та бүхэнтэй зөвшилцсөн үү?

Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байсан. Засгийн газрын сайд Их хурлын гишүүнийг давхар хаших нь буруу гэж ярьдаг хүн.