Ч.Мэндсайхан: Иргэний хүсэл зориг- Хүчтэй төр
Монгол Улсын Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 2-т зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэдийн нийтийн Хурал мөн гэжээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй бөгөөд Үндсэн хуульд зааснаар Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн Аймаг, Нийслэл, Сум, Дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно гэжээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг иргэдийн оролцоонд тулгуурлан байгуулдаг ба энэ нь Иргэдийн нийтийн хурлын шийдвэр байдаг. Одоогоор Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах, зохион байгуулах, иргэдэд хурлын товыг зарласан тухай зар тараах, мэдээлэл хүргэх талаар хуулийн зохицуулалт, хуульд нийцсэн акт, журам байхгүй байгаа нь иргэдийн дунд ихээхэн бухимдлыг үүсгэж байна. “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд зааснаар хорооны Иргэдийн нийтийн хурал нь нийт өрхийн 20-30 өрх тутмаас нэг хүний төлөөлөл хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцогддог. 20-30 өрх тутмаас нэг иргэн оролцоход дунджаар 2500 өрхтэй хороонд дор хаяж 84 иргэн оролцсон тохиолдолд тэр хурлын ирц бүрдсэн гэж үзэх хуулийн үндэслэл байна. Тэгэхээр энэ 84 иргэн өөрийн оршин суугаа хороон Засаг дарга болон Иргэдийн нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгож цаашдын 4 жилд хороог удирдах эрхийг тэдгээрт шилжүүлж байна. 84 хүний сонголт нь цаана үлдэж байгаа 2416 өрх буюу дунджаар 7000 гаруй иргэний үзэл бодлыг Төрийн шийдвэр гаргах төвшинд илэрхийлж чадах уу үгүй юу гэдэг асуулт гарч байгаа юм.
Иргэдийн нийтийн хуралд оролцож чадаагүй иргэдийн саналыг тухайн хуралдаанаас гарах шийдвэрт оролцуулахад нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга, Төлөөлөгчид, Иргэдийн нийтийн Хурлын дарга нар, иргэний оролцооны албан тушаалтан, хэн бүхний оролцоо зайлшгүй шаардлагатай байна. Хэрэв баг, хороодын Иргэдийн нийтийн хурлыг хэрхэн хуралдуулах талаар “Үндсэн хууль” болон “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд нийцүүлэн гаргасан журам батлагдаж, иргэн бүрийг хурлын шийдвэрт өөрийн саналыг оруулах талаар зохицуулалт бий болсон тохиолдолд иргэдийн дунд Иргэдийн нийтийн хурал хуралдсан талаарх бухимдал үүсэхгүй билээ. Хурал хуралдуулах, зохион байгуулах талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас өөр ямар нэг эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа учраас дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд:
- Хуралдаан болох тухай зарыг тухайн хороонд ажиллаж байгаа албан тушаалтан болон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Иргэдийн нийтийн Хурлын дарга нар нь хорооны байр, орон сууц, гэр хорооллын хашаанд нааж байрлуулдаг өөрийн садан төрөл, найз нөхөд, танилын холбоо, хөрш айл, ажлын хамт олон зэрэг өөрийн тойрон хүрээлэгч бүхий иргэдэд зарладаг;
- Хуралдааны танхимын талбайн багтаамж бага, суудлын тоо цөөн, хорооны нутаг дэвсгэрт хорооны байрнаас өөр ямар нэг хуралдаан хийж болохуйц байр байхгүй зэргээс шалтгаалж тухайн хорооны иргэд хуралдаанд оролцож чаддаггүй;
- Хуралдааныг товлосон цагаас эрт эсвэл хожуу эхэлсэн тохиолдолд Иргэдийн нийтийн хурлыг хүчин төгөлдөрүү, хүчин төгөлдөр бусуу гэх талаар иргэдийн хооронд маргаан үүсдэг;
- Иргэдийн нийтийн хуралд зөвхөн тухайн хорооны иргэд оролцохуу эсвэл өөр хорооны, өөр дүүргийн иргэн оролцох талаар зохицуулалт байхгүй;
- Иргэдийн нийтийн хурлаас сонгогдож буй Хурлын дарга, Тэргүүлэгчид, хороон Засаг даргад нэр дэвшигч нь тухайн хорооны иргэн байхуу эсвэл аль ч хорооны аль ч дүүргийн иргэн байх талаар зохицуулалт байхгүй учир мөн л маргаан гардаг;
- Хороодын Иргэдийн нийтийн хурлыг нэг өдөр нэг цагт хуралдуулах уу аль эсвэл өөр өөр цаг хугацаанд хорооны хурал зарлагдахуу. Энэ талаар ямар нэг зохицуулалт байхгүй учраас цаг хугацаа, хөрөнгө мөнгө, техник хэрэгсэл, хүний нөөцийг хэрхэн төлөвлөх талаар асуудалтай тулгардаг.
Энэ мэтчилэн дурьдвал маш олон зөрчлүүд үүсдэг ба энэ нь цаашдаа хорооны иргэдээс гарах шийдвэр, цаашлаад төрийн ажлыг явуулахад мөн л олон бэрхшээлийг учруулдаг. Эдгээр зөрчлүүдийг арилгахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хорооны дүрэм, Орон нутгийн санал асуулгын журам, Нийтийн зар мэдээний журам, Баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын журам зэрэг нь тэргүүн шаардлагатай байна. Журам батлагдсанаар манай дүүргийн та бүгдийн амьдран суугаа нэгжийн Иргэдийн нийтийн хурал жинхэнэ ардчилсан, шударга, төрөөс гарах зардал, цаг хугацааг хэмнэсэн, иргэдийн бухимдалгүй хуралдаан болох юм.