Г.Баярсайхан: Гаднаас зээл аваад ах, дүү, найз нөхдийнхөө компанид тарааж өгвөл жинхэнэ утгаараа өрөнд орно
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.01.16

Г.Баярсайхан: Гаднаас зээл аваад ах, дүү, найз нөхдийнхөө компанид тарааж өгвөл жинхэнэ утгаараа өрөнд орно

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл засагт хамтарсан намуудыг дахин талцуулаад байгаа. Юутай ч намууд дотооддоо хэл амаа ололцов уу?

Аливаа асуудалд бодитой, прагматик хандах хэрэгтэй байна. Бид маргалдаад сууж байх цаг үе биш шүү дээ. Тэгэхээр тоглоомын дүрмээ тодорхой болгоё гэдэг зарчим барих хэрэгтэй. Хичнээн сайхан зүйл ярьсан ч шийдэх асуудал зөндөө байна. Тухайлбал өрийн таазыг бид 60, 70 хувьд нь хүргэж тооцохоос өөр аргагүй.

Яах вэ, 40 гэж тохироод явсан боловч, нэгэнт 58 хувьд хүрчихээд байна. Монгол Улсад хийж бүтээх зүйл асар их байна. Нийт дэд бүтэц, зам барилга болон нийслэлийн тал хэсгийг нь барилгажуулах шаардлагатай. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт зайлшгүй чухал. Тэгэхээр мэдээж гадаад дотоодын зээл тусламж, хөрөнгө оруулалт татаж, авахаас аргагүй.

-Халам­­жийн мөн­­гийг хасах­гүй, хос­олсон хөдөлгүүртэй автомашины татварыг нэмэхгүй, цалин, тэтгэврийг нэмнэ гэх зэргээр нийгэм рүү хандсан асууд­­луудыг хэвээр үлдээхээр болжээ дээ?

Би дээр хэлсэн аливаа асуудалд бодитой хандах нь чухал гэж. Нийгэмд шаардлагатай байгаа зүйлүүдийг бид хүчээр барьж, тогтооно гэдэг өнөөгийн цаг үед байж боломгүй үзэгдэл.

Аливаа асуудалд бодитой, прагматик хандах хэрэгтэй байна.

Тэгээд ч эдийн засгийн байдал ард түмэнд илүү ачаа үүрүүлж байгаа учраас амьдрал ахуйгаа яая гэж байгаа хүмүүсийн нурууг тэнийлгэх бус улам бүр бөхийлгөхгүй байх нь чухал. Тиймээс хасах, танах асуудлыг тун нарийн шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэдийн халаасыг тэмтрэхгүйгээр орлого олох боломжийг судлах нь илүү дээр гэж үзсэн. 

Цахилгаан болон шат­хуунаар ажил­­­­ладаг хос­­ломол хөдөлгүүртэй машины татварыг нэмэгдүүлэхгүй байхаар тохирсон. Бид чинь “Ногоон хөгжлийн бодлого” баталчихсан улс шүү дээ. 

Энэ бодлогоор байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлдэг, цахилгаанаар ажилладаг авто тээврийн хэрэгслүүдийг дэмжихээр заасан байдаг юм.

Түүнчлэн олон нийтийн хамгийн ихээр ашиглаж буй “Prius” загварын машин бол монголчуудын энгийн хэрэглээ болчихсон учраас хэрвээ татварыг нь нэмэгдүүлбэл тэр хэмжээгээр айл өрхийн нуруун дээр ачаа үүрүүлэхээр болж байгаа юм. Тиймээс хэвээр үлдээхээр АН-ын бүлгийн зүгээс тохирсон. 

-Олон нийт малын хөлийн татварыг нэлээд анхаарч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

Малын хөлийн татварыг бэлчээрийн талхалттай холбож ярьж болох л асуудал. Мөн малын тоо толгойг зохицуулах хэлбэрээр ч авч үзэж болно. Гэхдээ нэгэнт намууд хамтарч Засгийн газраа байгуулчихсан энэ үед нь гэсэн шиг асуудалд яаран хөнгөн хуумгай хандаж болохгүй. Малын хөлийн татварыг үе шаттайгаар ярилцаж шийдвэрлэх нь зүйд нийцнэ. 

Өрийн барьцаа гэдэг бол хариуцлагын л асуудал.

Одоогийн төслөөр бол малын хөлийн татварын хувьд эрх мэдлийг нь орон нутагт өгнө гэж байгаа. Хэрвээ ингэж өгөхдөө хүрвэл хэмжээг нарийн тооцож, орж ирсэн хөрөнгийг чухам юунд зарцуулах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бэлчээр хамгаалах, худаг, ус гаргах, малыг эрүүлжүүлэх зэрэг ажилд зарцуулбал илүү үр дүнтэй болно. 

-Хам­­тарсан Зас­­гийн газ­­рыг анх байгуулах­­даа өрийн таазыг нэмэг­­дүүлэхгүй гэж тохирсон. Гэвч өнөөдөр нэгэнт 58 хувь хүрчихсэн учраас хэмжээг нь сул тавьж өгөөд цааш алхана гээд зөвшөөрчихвөл Монгол Улсын ирээдүй хүнд байдалд орох юм биш үү?

Өрийн барьцаа гэдэг бол хариуцлагын л асуудал. Аливаа зээл тусламжийг эдийн засгийн үр өгөөжөө өгөх төсөлд зарцуулбал буцаан төлөгдөөд л явна. Түүнээс биш гаднаас зээл аваад дарга нар ах, дүү, найз нөхдийнхөө компаниудад тарааж өгнө гэвэл жинхэнэ утгаараа өрөнд орно. 

Тэрнийхээ оронд нэгэнт олж, оруулж ирсэн хөрөнгө, мөнгөө Засгийн газар нь УИХ болон ард түмэн, төрийн бус байгууллагуудынхаа хяналтад зөв зарцуулбал боломжтой хувилбарууд бий. Бүх асуудлыг буруутгаж, урвуугаар харж дүгнэх шаардлагагүй шүү дээ. 

“Чингис” бондыг замбараа­гүй, хяналт­гүй зарцуулсан шиг ажиллавал өрөнд орох нь гарцаагүй. Харин эдийн засгийн үр өгөөжтэй төсөлд оруулбал хэд дахин өсөх магадлал бий. 

-Өрийн барьцаа хариуц­­лагын асуудал гэж та сая хэллээ. Бид хариуцлага гэдэг үгийг мэддэг л болохоос тогтолцоо гээч зүйл нь байхгүй шүү дээ. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын толгойг илээд яваад байгаа. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг дөнгөж сая л өргөн барилаа шүү дээ? 

Монгол Улсын Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр илтгэл тавихдаа парламентын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хөндсөн. Энэ талаар зарим нэг гишүүн болон улстөрийн намууд хоорондоо ярьж байснаас яг олон нийтийн өмнө ямар шийдэлтэй байвал зохистой вэ гэдгийг нь илэн далангүй гаргаж тавьж байсан удаагүй. Тэгэхээр нэгэнт одоо хуулийн төсөл нь өргөн баригдсан учраас хэлэлцэн, дэмжээд хариуцлагын тогтолцоог идэвхижүүлэх хэрэгтэй. 

-УИХ-ын гишүү­­нийг эр­­гүүлэн татна гэвэл ёс зүйн хэм хэмжээг нь нэлээн өндөрт тавих шаардлагатай болох байх?

Мэдээж УИХ-ын гишүүнийг ямар тохиолдолд эргүүлэн татах вэ гэдэг нь олны анхаарлын төвд байгаа. Төрийн мөнгө идэж, шамшигдуулсан, авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд тухайн тойргийн иргэдийн тэдэн хувийн саналаар гэх мэтчилэн асуудлын эрх зүйн орчинг нээлттэй болгож өгөх ёстой. Миний хувьд үүнийг маш зөв зүйтэй алхам гэж бодож явдаг.