Батсуурь.Ж 2015.01.19 | Сайт: News.mn

Ж.Батсуурь: Аливаа бэрхшээл өөрөө дандаа сургамж байдаг

Ж.Батсуурь: Аливаа бэрхшээл өөрөө дандаа сургамж байдаг
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Өрийн асуудал дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байна. Зарим хүн өрнөөс айх ёстой гэж харж байгаа бол зарим хэсэг нь зээл авч байж хөгжинө гэж яриад байгаа. Та бүхэн үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Эдийн засгийн өргөн утга агуулгаар нь аваад үзэх юм бол зээл авах нь энгийн харилцаа. Харин авсан зээлээ хэрхэн зарцуулсан бэ гэдгээс үр дүн нь тодорхойлогдоно. Өмнөх Засгийн газар хоёр жил энэ асуудалд хариуцлагагүй хандсан. Чингис бонд, Самуурай бонд гээд нэлээд зээл авсан.

Үүнийгээ түргэн үр дүн гаргах хөрөнгө оруулалт гэж ярих юм бол эргэн төлөгдөх хугацаа гэж гол хэмжүүр байдаг. Үүнийг тооцож зарцуулаагүй, хариуцлагагүй байдал нэлээд газар авсан. Энэ утгаараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, валютын ханш өссөн, үндэсний үйлдвэрлэгчид, компаниуд үүд хаалгаа барьж, ажлын байраа хадгалж чадахгүй, ажилгүйдэл бий болсон гээд олон сөрөг үр дагавар гарсны дагуу эцэст нь бид Засгийн газарт хариуцлага тооцсон.

Гэхдээ нэгэнт Монгол Улсын нэрээр авсан зээлийг улсын өр гэж тооцох ёстой, үүнийгээ төсөвт оруулаад тооцмогц улсын өр ДНБ-ий 40 хувиас илүүгүй байна гэдэг заалтыг зөрчөөд явчихлаа. 55 хувь, 58 хувь гэх мэт янз янзын тоо яригдаж байгаа. Гэхдээ өр гэдэг сайн зүйл биш, харин авсан мөнгөө зөв зарцуулж, үр дүн гаргаж чадах юм бол айгаад байх зүйл биш юм.

Эдийн засаг хүндхэн байна. Манай намын дүгнэлт ч гэсэн тэгэж гарсан. Энэ эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулья, хариуцлагатай Засгийн газар байя, цаашид улс орныхоо эдийн засгийг сайжруулах үндэс суурийг тавья гэдэг дээр нэгдсэн учраас хамтарч байна. Тиймээс одоо ажиллаж байгаа Засгийн газар, Сангийн сайдад эдийн засгийг сайжруулах боломж олгох ёстой.

Засгийн газрын  бүтэц өөрчлөгдсөн, мөн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс төсөвт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага байна гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөх ёстой байдаг. Гэтэл өнөөдрийн бодит нөхцөл байдал ямар ч гэсэн өрийн тааз 40 хувиасаа давчихсан байна.

Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар энэ асуудлыг шийдвэрлэж, төсвийг эрүүлжүүлэхээр энэ асуудлыг УИХ дээр хэлэлцэж байна. Хамгийн гол нь  бодит хөрсөн дээр төсвөө эрүүлжүүлье гэсэн. Эхэндээ Засгийн газар 70 хувь болгох санал оруулж ирсэн, харин УИХ хүлээж аваагүй.

Тэр тусмаа манай намын бүлэг үүн дээр эрс эсэргүүцэж байгаагаа тухай үед илэрхийлж байв. Харин одоо 60 хувь болгох санал яригдаж байгаа бөгөөд энэ нь бодит үндэслэлтэй учраас дэмжиж болох хэмжээ гэж ойлгож байгаа.

-Өнөөдөр тодорхой болсон энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага гэдэг зүйлийг тодруулж асуумаар байгаа юм. Тодруулбал, өмнөх Засгийн газар ДНБ-ийн 40 хувиас илүүгүй байх ёстой улсын өрийг тодорхойгүй болгочихсон. Энэ үйлдлийнх нь төлөө ердөө л албан тушаалаас нь буулгаж энэ асуудлаар хязгаарлагдах ёстой юм уу? Өөр хариуцлага тооцох асуудал байна уу.

Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хамтраад шалгалт оруулж байгаа. Хөгжлийн банкнаас олгосон зээл, гэрээнүүдэд дүн шинжилгээ хийнэ. Өнөөдөр ямар байдалтай байгаа юм, авсан зээлээ богино хугацаанд үр дүнд хүрэхээр үйлдвэрлэл явуулж, үр ашиг гаргах төсөлд санхүүжилт олгож чадсан эсэх гэх мэт банкны үйл ажиллагаанд бодит дүгнэлт өгөх үүднээс Аудитын байгууллагатай хамтран ажиллах юм. Энэ ажил үр дүнтэй болон гэж бодож байгаа.

Нөгөө талаар, өнөөдрийн хамгийн чухал асуудал бол төсвийн алдагдал. Аливаа улс орон жил бүр төсвөө батлахдаа тодорхой хэмжээний алдагдалтай аль эсвэл тэнцвэртэй төсвөөр баталдаг. Улсын төсөв сүүлийн жилүүдэд нэлээд алдагдалтай байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлын хувь хэмжээг 2 хувь байна гээд заасан байгаа.

Харин өнөөдөр энэ хэмжээнээс хэтрүүлэхээс өөр аргагүй байдалтай байна. Тиймээс нөхцөл байдалтай уялдуулан 2015 оны төсвийн алдагдлыг 5 хувьд хүргээд, 2016 онд 4 хувь болгон бууруулж, 2017 онд 3 хувь, 2018 оноос эхлээд 2 хувь болгохоор Төсвийн тогвтортой байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Би хувьдаа дэмжиж байгаа. Товчхондоо бидний өмнө хоёр сонголт байна.

Нэгдүгээрт, өрийн таазыг 60 хувь болгоод, төсвийн алдагдал 5 хувь байхыг УИХ зөвшөөрөх юм бол энэ Засгийн газарт төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу тодорхой зорилт тавин ажиллах боломж бий. Тухайлбал, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө гэх мэт халамжийн бодлогоо хумихгүйгээр, мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг онц шаардлагатай нөхцөл байдалд нэмэгдүүлэх боломжийг судлаад хийх боломжтой.

Харин өрийн таазыг доош байх ёстой гэдэг хувилбар хатуу буюу өрийн тааз буюу төсвийн алдагдал нь хуульд заасан хэмжээндээ байх ёстой гэж үзээд хатуухан арга хэмжээнүүдийг авч эхэлбэл, бидэнд ийм боломж гарахгүй харин төсвийг хумина гэсэн үг л дээ

-Ардын нам өрийн таазын нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурийг анхнаасаа баримталж байсан. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Хэрэв  өрийн таазыг 70 хувьд хүргэх юм бол 2-2.5 тэрбум орчим ам.доллар ороод ирнэ. Ингэвэл ам.долларын ханш 200 орчим төгрөгөөр буурна. Эдийн засаг сэргэнэ” гэж байсан. Танай намын бүлэг өрийн таазыг нэмэхгүй  гээд байгаагийн шалтгаан нь юу вэ?

Жижигхэн эдийн засагт зээл их аваад өрийн хямралд орно гэдэг нь сайн зүйл биш л дээ. Жижигхэн эдийн засагтай гэдгээ мэдсээр хэрнээ өндөр хүүтэй зээл авсан. Тэгээд үүнийгээ зөв зүйлд зарцуулж байна уу, үгүй юу, хэр хугацаанд эргэн төлөх боломжтой билээ, үр ашиг нь хурдан гарах уу гэх мэт энэ дагалдах эрсдлээс манай зарим гишүүн болгоомжилж байгаа.

Ийм болгоомжлол байх л ёстой зүйл. Эдийн засагч хүний хувьд, өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Монголбанкны саналыг дэмжиж байна. Хэт хумиад, ямар ч боломжгүй болгоод, хөрөнгө оруулалтууддаа царцаах юм бол төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагууд, төсвөөс цалин авч байгаа 200-аад мянган хүн цалинтай үлдээд хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, компаниуд хөдлөх орон зай байхгүй, хөрөнгө оруулалтыг царцаачихана.

Ер нь бол эдийн засгийг хумина гэдэг нь сайн зүйл биш л дээ. Тийм учраас зохистой түвшин барья гэдэг дээр санал нэгдээд байна.  Эдийн засгийн онолоороо ч хямралтай нөхцөлд ийм арга хэмжээ авдаггүй юм. Тийм учраас зохистой түвшинд барья гэсэн. Мөн манай намын бүлгийн гишүүд өглөө босоод ирэхээр л өр нэмэгдчихсэн 55 хувь байснаа нэг шөнийн дараа 58  хувь гээд байгаа гэдэг дээр эргэлзсэн тал байгаа.

Хүлээгдэж байгаа гүйцэтгэл энэ онд байх хэмжээг нэмэгдүүлэхгүй 60 хувьд барья гэдэг нь их хариуцлагатай, сахилгатай байж мөрдөх хэм хэмжээ. Гэхдээ энэ Засгийн газарт, Сангийн сайдад ажиллах боломж олгох үүднээс санал болгон оруулж ирсэн тоо гэдгийг ойлгож байна. Хувь хүнийхээ хувьд үүнийг дэмжиж байгаа.

-Энэ долоо хоногт Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл мөнгөний бодлогын хүүгээ нэмээд 13 хувьд хүргэж буйгаа зарласан. Хэрвээ өрийн таазыг 60 хувьд хүргээд баталчихвал дахиад мөнгөний бодлогын хүү өсөх магадлал бий гэж Монголбанкны зүгээс мэдэгдээд байгаа. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд сайн зүйл биш гэдгийг эдийн засагчид хэлээд байна?

Үүд хаалгаа барьж байгаа ажил олгогчдоо тогтоон барьж дийлэхгүй, иргэдийг олноор нь цалингүй болгож байгаа энэ цаг үед хүсээд байх зүйл биш. Тийм учраас өрийн тааз, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэт мөрдөх гэж зүтгэснээрээ илүү ихийг алдах болно. Хямралаас гарах цаг хугацаагаа хойшлуулах болно гэдгийг онолынх нь талаас харж болно.

Намын бүлгүүд нухацтай ярьж ойлголцох байх гэж бодож байна. Эдийн засгийн онол бол цаг хугацаан дээр тулгуурлдаг. Цаг хугацаа алдах нь мэдээж сөрөг үр дагавартай. Тиймээс түргэвчлэх шаардлагатай байна. Бид гаднын хөрөнгө оруулалт, валютын урсгалыг өөрсдөө нэг гараараа хаагаад, багасгаад суугаад байгаа. Нэг компани ирээд уул уурхай эрхлэх гэхээр тийм ч дурсгалтай газар гээд цаг хугацааг өдрөөр, сараар, жилээр хойшлуулсаар байгаад энэ урсгалыг хаачихсан.

Өнөөдөр уул уурхайгаа зөв зохицуулаад, үйл ажиллагааг нь чөлөөлөх, эхлүүлэх, хаа хаанаа хариуцлагатай байх шаардлагатай. Эрх зүйн орчин бол нэлээд боловсронгуй болчихсон. Сүүлийн 1992 оны Үндсэн хуулиас хойш үе үеийн УИХ хууль эрх зүйг маш боловсронгуй болгосон.Үүнийгээ ягштал мөрдөөд хаа хаанаа ойлголтоо нэгтгээд явах юм бол боломжтой зүйл. Хэт улс төржилт гэдэг нь эдийн засгийг боймолж, ард түмний эрх ашгийг хохироон, улс орны хөгжлийг удаашруулах зүйл рүү түлхэж байна гэж ойлгогдож байгаа даа.

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвийн тодотгол хийхтэй зэрэгцэн эрсдэлтэй олон заалт оруулж ирсэн. Ингэхэд хувь улс төрчийнхөө хувьд нэлээд эрсдэл хүлээж байна гэдэг зүйлийг улс төр судлаачид хэлж байсан.  Эх хүүхдийн мөнгийг хасах, зорилтот бүлэг рүү ялгавартай олгох асуудлыг болиулсан нь сонгуулийн өмнөх жилтэй холбоотой гэж харах хүмүүс байна. Яагаад гэхээр иргэддээ таалагдахын тулд. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?

Хэт хавтгайрсан халамж, маш олон татварыг тэглэсэн. Нефтийн бүтээгдэхүүний онцгой татварыг тэглээд удсан. Гэтэл бэлэн бүтээгдэхүүн гаднаас худалдаж авчихаад зүгээр л зардаг, татвар төлдөггүй байна гэдэг  онолын талаас аваад үзсэн ч буруу зүйл. Татвар төлнө гэдэг нь өөрөө хариуцлага. Нийгэмд хувь хүний оролцоо байх ёстой учраас татварыг зохистой тодорхой хэмжээнд байлгах хэрэгтэй.

Гэхдээ эдийн засаг хүнд байгаа өнөөдрийн нөхцөлд бас иргэдийн халаас руу хамаагүй довтлох нь зохимжгүй. Татварын орлогоор бүх зүйлийг хангана, эдийн засгийн хүндрэлийг давна гэж тооцохгүй л байгаа. Нөгөө талаар зарим оюутан улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед  тэтгэлгээсээ татгалзья гэж уриалж байна.

Зарим эцэг эх ч  хэлдэг, “Оюутнуудад баахан мөнгө өгөөд, Улаанбаатарын  баарыг тэжээгээд, хичээлдээ явахгүй”  ч гэдэг юм уу муу зуршлийг өдөөж байна гэдэг. Тийм учраас үүнийг бодож үзэж тодорхой түвшинд нь аваачих хэрэгтэй.

Улс төрийн сонгууль болгоноор л амладаг, бэлэн мөнгө тараадаг энэ зүйлээ харин ч сүүлийн сонгуулиар хоёр намын түвшинд ойлголцоод бэлэн мөнгө тараадаг алхмаа зогсооё гэдэг дээр зөвшилцсөн. Тэгэхээр үүнийг олон талаас нь авч үзэж зохистой хэм хэмжээнд барих ёстой.

-УИХ-ын дарга эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал нэг талаараа боломж байж болох юм гэж хэлсэн. Тэгэхээр эдийн засгийн үүсээд байгаа нөхцөл байдлыг ямар өнцгөөр харж байна. Ер нь 2015, 2016 оны сонгуулийн жил ирэхэд эдийн засаг тодорхой хэмжээнд өсөлт гарах болов уу. Та бүхэн хэрхэн харж байна вэ?

Гарцаа зөв олоод шуурхай ажиллаж чадах юм бол өсөлтийг зогсоосон хямралыг зогсоох, өсөлт гарах тэр цэг рүү очиж чадна гэж ойлгож байгаа.  Аливаа бэрхшээл өөрөө дандаа сургамж байдаг. Тэгэхээр өмнөх Засгийн газрын гаргасан  алдаа, хууль тогтоогчдын зарим нэг оролцоо буруу байсан гэдгээсээ сургамж аваад зөв гарц руу зөв чиглэл рүү чиглүүлэх боломж гэж тайлбарлаж болох юм.