Аж үйлдвэрийн талаарх төрийн бодлогод тусгах саналаа эрдэмтэд хэллээ
Шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яам мега төслүүдийн эхлэлийг тавьж, 2020 он хүртэлх бодлогоо тодорхойлж, УИХ-аар батлуулахын зэрэгцээ зарим шаардлагатай хууль эрхзүйн өөрчлөлт хийхээр болжээ.
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулж, эрдэмтэн судлаачид болон салбарынхны саналыг сонсч, тусган Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барих юм байна.
Баримт бичгийг боловсруулахад салбарын төлөөллийн оролцоог жигд хангах, санал дүгнэлтийг тусгах зорилгоор өнгөрсөн амралтын өдөр салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжлийн холбоодын төлөөллийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон салбар хариуцсан газрын дарга нар, мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа. Хөнгөн үйлдвэрийн салбар, жижиг дунд үйлдвэрийн салбар, хүнд үйлдвэрийн салбар, худалдааны салбарын төлөөллүүд оролцож, санал бодлоо нээлттэй хэлэлцсэн юм.
Дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалах, аж үйлдвэрийн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зэрэг асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгах нь зүйтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолжээ.
Үйлдвэрлэгчдэд хамгийн түгээмэл учирдаг бэрхшээл бол санхүүжил болоод банк санхүүгийн системтэй холбоотой асуудал Энэ асуудалд Аж үйлдвэрийн яам анхаарал хандуулж, хууль эрхзүйн холбогдох өөрчлөлт оруулах юм.
Хууль эрхзүйн таатай орчин бүрэлдсний дараа томоохон толгой үйлдвэрүүдийг байгуулах нэн чухал хэрэгцээ шаардлага байгааг уулзалтад оролцсон эрдэмтэн, судлаач мэргэжлийн холбоодынхон илэрхийлжээ.
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах шатанд салбарын төлөөллийн санал бодлыг сонсч байгаад талархаад цаашид ч хамтын ажиллагаагаар асуудлыг шийдэж явахад бэлэн гэлээ.