Үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд гарахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих” зорилтын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүн өчигдөр ийнхүү үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ өдрийн уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон.
Мөн ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн 200 орчим төлөөлөл оролцлоо. Энэхүү уулзалтыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм.
Монголын хөгжлийн зам бол хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил
Хувийн хэвшлийг дэмжсэнээр эдийн засаг өсөх учиртай. Монголын хөгжлийн зам миний бодлоор хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил. Хувийн хэвшил нь төрөөс ангид орших чадвартай бодит сектор. Тэгээд улс орны амьдралыг авч явах чадвартай байдаг учраас аливаа улс орон хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийг сонгосон бол хувийн хэвшлээ дэмждэг.
Харин хувийн хэвшил дотроо үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийг дэмжих нь чухал. Үйлдвэрлэл нь босоод ирвэл бусад салбарлаж байгаа бүх хувийн хэвшил дагаж босч ирэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өмнө нь үйлдвэрлэлийг дэмжих төсөл гэж байсан бол одоо Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Энэ талаар их судалгаа хийсэн. Ийм төрлийн хуультай улс бий ч маш цөөхөн байдаг юм билээ. Оны өмнө Засгийн газар солигдсон.
Тухайн үед Ерөнхий сайдтай санал солилцож, үйлдвэрийн яам бий болгох нь чухал гэж байсан. Энэ бол зөв эхлэлийн нэг болж магадгүй. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар амжилттай шийдвэр гаргасан нь Аж үйлдвэрийн яам байгуулж, сайдыг нь томилж, ажлаа эхлүүлсэн. Яг энэ үед үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж байгаа нь төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа аль алиндаа хэрэгтэй болов уу. Тэгэхээр Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс яагаад үйлдвэрлэлийг дэмжих гээд байгаа юм бэ. Энэ талаар хэд хэдэн шалтгааныг хэлмээр байна.
Нэгдүгээрт, улс төрд үйлдвэрлэлийн нэгдсэн бодлого алга. Өөрөөр хэлбэл, бодлого нь салангид өөр өөр яаманд байдаг учраас нэг газар очиж асуудлаа шийдүүлэх боломжгүй. Тэгээд улстөрчдийг дагасан бодлогогүй, савласан хандлага харагдаад байна. Албан тушаалтнуудын ааш аягийг дагасан, биднийг дэмжих болов уу гэсэн байдлаар лоббидсон төрх харагдаад байгаа юм. Улс төрийн хүрээлэлд үйлдвэрлэлийн бодлого нь нэгдмэл биш учраас үүнийг нэгтгэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, улсын нэр хүндтэй холбоотой. Та бүхэн үйлдвэрлэлийн бодлого яахаараа улс орны нэр хүндтэй холбоотой вэ гэж бодож байж магад. Соц үед бид хадаасаа ч хийж чадахгүй байна гэж хоцрогдлоо жишээлж шүүмжилдэг байсан ч энэ нь одоо хүртэл үргэлжилсэн хэлбэртэй байна. Гэтэл монголчууд эрт үеэс өөрсдийн үйлдвэрлэлтэй байсан.
Монголчууд хүчтэй байх үед тэдний үсний засалт, хувцаслалт зэргийг дуурайхаас гадна монголчууд ган хайлуулдаг байсан гэх мэтээр хийж бүтээж байсан зүйлийг дэлхийд тарааж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Тэгэхээр улс орны нэр хүндэд үйлдвэрлэсэн зүйл маш чухал. Таны үйлдвэрлэж байгаа барааг дотооддоо төдийгүй гадаадад гарч байгаагаар нь таныг үнэлж болж байгаа юм. Энэ утгаас нь авч үзвэл маш чухал зүйл. Тиймээс бид үнэхээр нэрээ боддог хүний үр сад учраас энэ асуудлыг бодох цаг болжээ.
Гуравдугаарт, эдийн засгийн бүтэц буруу байна. Сүүлийн 30 жил энэ бүтэц засагдаагүй. Манай улсын гадагшаа гаргадаг бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Найман хувь нь боловсруулсан, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. Ийм улс орны эдийн засаг хөгжинө, иргэд нь сайн сайхан амьдарна гэсэн тухай ойлголт үгүй. Дээрх зүйлээс үүдэн дөрөв дэх шалтгаан гарч ирж байгаа юм.
Яагаад сайн сайхан амьдрах зорилго тавьж ажиллахад хүндрэлтэй байдаг вэ гэхээр маш амархан хямралд өртдөг. Түүхий эдийн үнэ өндөр байхад тансаглаж, унаад ирэхээр бүгдээрээ хямарна. Үүнийг бид өнөөдөр хангалттай үзэж байна. Тиймээс энгийн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Түүхий эдийг түүхийгээр нь гаргавал бүрэн хямарна. Хагас боловсруулаад гаргавал хямралд хагас өртөнө. Бүтэн боловсруулаад гаргавал бага өртөнө гэсэн энгийн ойлголтыг авах ёстой. Тиймээс бид энэ байдлыг цааш нь үргэлжлүүлж болохгүй. Ухаарч байгаа дээрээ тал талаасаа ярилцаж шийдвэр гаргах боломжтой.
Тавдугаарт, үйлдвэрлэлийн соёл гэж тогтоогүй. Нэгэнт соёл тогтоогүй, бодлого байхгүй учраас тодорхой зорилго үйл ажиллагааг бодлого гэж хэлээд байгаа юм. Үйлдвэрлэл явагдаж байгаа нь өөрөө соёлыг бий болгодог. Монголд адууны соёл байгаагаас бус үйлдвэрлэлийн соёл алга. Тэгэхээр бид энэ асуудалд анхаарч хэдэн зуун жилээр тогтдог зүйлд уялдуулж төрийн бодлогыг гаргадаг байх хэрэгтэй.
Үйлдвэрлэлийн бодлого маань хоёрхон гадаад үгэнд уягдаж байна. Өөрөөр хэлбэл, экспорт, импорт гэсэн үг. Улс орнуудын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний экспортын чадамжийг НҮБ-ын тусгай салбар байгууллага тогтоосон байдаг. Монгол Улсын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний экспортын чадамж 0.0079, гэтэл Япон улс 0.54 хувьтай. Үүнийг харахаар бид хаана яваагаа хэлэх, олоход хэцүү.
Гэхдээ бид ийм байна гээд чадахгүй юм байна гээд зогсч болохгүй. Бидэнд боломж байна. Улс орны чадавхийг хийж байгаа бүтээгдэхүүн, гаргаж байгаа зүйлээ хэн худалдаж авч байна, хэнд хүрч байна, түүнийгээ хэнтэй хуваалцаж байгаагаар нь үздэг юм байна. Аливаа үйлдвэрлэлийг дүгнэхдээ дэлхийн дэвжээ л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийд чансаагаа үзэх ёстой. Дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа нь сайн, гаднаас авах зүйлийг орлуулж байгаа нь сайн хэрэг. Гадны хүн бүтээгдэхүүн авах, захиалга ирж байгаа нь чадамжийг тодорхойлж байгаа юм.
Хамгийн том далай манай улсын эргийг угаагаад байна
Монголыг далайд гарах гарцгүй орон гэж ярьдаг. Яг үнэндээ далайд гарах гарц бол зах зээлд гарах тэр гарцыг хэлдэг. Түүнээс биш далайд гарах гарц гээд усанд шумбах, сэлээд живээд байгаа ойлголт биш. Тэгэхээр дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ, манай улстай хамгийн урт хилээр хиллэдэг хамгийн том далай манай улсын эргийг угаагаад байна.
Юу ч хийсэн зах зээлд гарч болохоор. Одоо улс орнууд далайг гаталж бүтээгдэхүүнээ гаргахаар манай хөрштэй гэрээ байгуулахаар ярьж байна. Харин бид бол боомтоо л бодох ёстой. Тэгэхээр бидэнд ийм том боломж байна. Нөгөө талаар хойд хөрш маань маш том зах зээл. Бид том улсуудтай харьцдаг учраас том л зүйл бодож байна.
Аж үйлдвэрийн яам нь үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлдэг байгаасай
Та бүхний хамгийн их сонирхож байгаа дараагийн асуудал бол үйлдвэрлэлийг төр засаг хэрхэн дэмжих тухай. Тиймээс энэ талаар гурван зүйлийг хэлмээр байна.
Нэгдүгээрт, татвар, тарифын нэгдсэн бодлого. Аливаа улс оронд иргэд нь дотооддоо бүтээгдэхүүн хийгээд ирэхээр яг үүнтэй холбоотой асуудал дээр халууны шил шиг хандаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, “За манайхан энэ бүтээгдэхүүнээр 60 хувиа хангаад эхэллээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнд татвар байгаагүй бол 10 хувийг тавиад эхэлнэ” гэх мэтээр дотоодын өрсөлдөөнийг дэмжинэ. Импортын бодлого гэдэг бол үйлдвэрлэл рүүгээ хандсан хамгийн том зүйл.
Өнгөрсөн онд Японд эдийн засгийн түншлэлийн ажлын хэлэлцээр хийж байгаа ажлын хэсгийнхэн гайхаж ирсэн. Тэр нь юу гэхээр манай улсын ихэнх бараа таван хувийн татвартай. Гэтэл тэнд татваргүй, 5-20 хувийн, сар тутам татвар нь өөрчлөгдөж байдаг зүйл байдаг юм байна. Гэтэл манай улсынх бүх зүйл нь таван хувийн татвартай. Үүнийг Япон улс их гайхсан байгаа юм. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр дээр хэлсэнчлэн халууны шил шиг татварын бодлого байнга хөдөлж байх ёстой.
Импортын татварыг хариуцсан манай тарифын зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлийн ажлыг асуухаар дөрвөн жил зөвлөл цуглаагүй гэх. Гэтэл үйлдвэрлэгчид хэчнээн их зовж байна. Хүмүүс энэ асуудлыг хэчнээн их асуудал болгон тавьж байна вэ. Гэтэл төрийн чих тэр чинээгээр хатуу байна. Ерөөсөө мэдрэмж байхгүй, ажлаа мэдэхгүй, сэтгэл байхгүй болчихоод байна. Гэтэл БНХАУ-ын дундаж татвар 20 хувиас дээш, ОХУ-ынх 30-35 хувьтай байх.
Ингэж дотооддоо хийж байгаа зүйлээ хамгаалж байна. Тэгэхээр энэ асуудал дээр Аж үйлдвэрийн яам хамгийн түрүүнд анхаарах байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлдэг яам болоосой. Тиймээс л татвар тарифын бодлогыг цэгцэнд нь оруулах нь чухал. Нэг зүйлийг төрийнхөн ойлгох ёстой. Бизнес цагтай уралдаж байдаг. Гэтэл цаг төртэй уралддаг.
Улс төр цагтай уралдахгүй, цаг нь улс төртэй уралдаж байна. Улстөрчид нэг тавигдаад авсан бол дөрвөн жилээ гүйцээхийг бодож, яаж цаг удаан өнгөрөөхийг бодож байдаг. Харин бизнес тухайн цаг хугацаанд маш хурдан шийдвэр гаргаж, яаж ашиг хийх вэ л гэж боддог. Тийм учраас ийм аймшигтай маягаар саад учруулж өөрсдийгөө хохироодог байдлаа зогсоомоор байна.
Харин хоёр дахь дэмжлэг бол төрийн худалдан авалт. Өчигдөрхөн Ерөнхий сайдтай ярилцаж байхдаа ширээ сандал худалдан авах гэж байгаа бол гаднаас битгий аваарай. Өөрөөр хэлбэл, дарга нар ширээ сандлаа солих гэж байгаа бол дотоодоосоо л авах ёстой. Чанартай сандал, ширээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компанитай төр таван жилийн гэрээ хийчих хэрэгтэй. Харин энэ хугацаанд ажлаа сайн хийхгүй бол гэрээг цуцалж болно.
Ингээд таван жилийн дараа энэ компанийн гэрээгээ цуцалж, өөр нэг компанитай гэрээ байгуулах ёстой. Энэ хугацаанд эхний компани хөл дээрээ босоод цаашаа өөрөө өөрийгөө аваад явчихна. Энэ мэтээр төр худалдан авалт хийж, үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Сандал ширээ гэхгүй, тоосго, ус ундаа, сүү, мах гэх мэт төр хэчнээн их худалдан авалт хийдэг билээ. Тиймээс үүнийг тодорхой бодлого руу оруулах ёстой.
Гуравдугаарт, баталгааны асуудал. Би Засгийн газар, УИХ-д үнэнээр амьдрах зүйлийг хэлээд байгаа. Эдийн засаг сонгуулийн амлалтад хууртдаг зүйл биш. Өнөөдөр Монголын өрийн таацыг хуульдаа 40 хувь байх ёстой гэж зааж өгсөн. Гэтэл өнөөдөр амьдрал дээр 53 хувьд хүрсэн гэж байна. Ийм болоод ирэхээр дотоодын бүтээгдэхүүний үнийг унагаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, та бидний өмч хөрөнгийн үнэлгээ унаж байна.
Тиймээс энэ асуудал дээр анхаарч Засгийн газарт нэг зүйлийг хориглож өгөх ёстой. Тэр нь арилжааны зээл авахгүй байх. Үүнээс гадна та бүхнээс нэг зүйлийг хүсэхэд манай аж ахуйн нэгжүүд олон улсын стандартад нийцсэн аудитыг бүгд хийлгэх ёстой. Үүнийг хуульчлах хэрэгтэй. Олон улсын бүртгэлтэй болсноор зээл авахад асуудалгүй болох жишээтэй.
Харин дээрх дэмжлэгийг хэнд үзүүлэх вэ гэхээр үйлдвэрлэлийг дэмжих тэр хуульдаа бүтээгдэхүүнээ гадагш гаргадаг, эсвэл гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг орлодог бүтээгдэхүүнийг Монголдоо хийдэг үйлдвэрийг дэмжих. Гэхдээ цаашдын бодлого бол экспортолдог бүтээгдэхүүнийг дэмжих ёстой.
Харин үүнд уул уурхайн бүтээгдэхүүн орохгүй. Ийм байвал асуудал шийдэгдэнэ. Ингээд ойлгомжтой асуудал руу орох цаг болжээ. Миний хувьд энэ байдал руу ороход Засгийн газрыг шахаж болно. Энэ байдалд шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яам анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.
Үйлдвэрлэгчид өрийн таацыг нэмэхийг дэмжив
Ийнхүү Ерөнхийлөгч үйлдвэрлэгч нарт хандан дээрх үгийг хэлсэн юм. Харин үүний дараа уулзалтад оролцогчид санал бодлоо хэлж байлаа.
Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал С.Арслан:
Бизнес эрхлэгчдийн хамгийн том дарамт бол дотоодын банкны зээлийн хүү. Арилжааны банкууд жилийн 25-30 хувийн хүү авч байгаа нь эхлүүлсэн үйлдвэрлэлээ тэлэх боломжгүй болгодог.
Уг нь Засгийн газар гаднаас 4-5 хувийн хүүтэй зээл олж арилжааны банкинд байршуулдаг ч бидний өмнө ирэхээрээ хүү нь 5-6 дахин нэмэгддэг. Тэгэхээр гадны банкийг оруулж ирэх хэрэгтэй.