ХХАА-н сайд Р.Бурмаа Элчин сайд И Тэ Руг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллага манай улсын хөдөө аж ахуйн салбарт малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, малын өвчний оношилгооны чадавхийг бэхжүүлэх, хөдөөгийн усан хангамжийг сайжруулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг олон үр дүнтэй төсөл хэрэгжүүлж буйд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Солонгос улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Тэ Ру-тай уулзахдаа талархаж буйгаа илэрхийллээ.
Тус байгууллагын шугамаар Мал эмнэлгийн төв лабораторит 2004-2008 онд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд шүлхий өвчний оношлогоог 24 цагийн дотор хийх чадавхи бүрдсэн бол 2004-2005 онд 500 мянган ам.долларын төсөл, 2006-2008 онд Улаанбаатар хот, Дархан хотод гүний худаг гаргах хүлэмж барих төсөл, 2007-2009 онд Халх голд хөдөө аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа Солонгос улсын Хөдөө аж ахуйн яамны санхүүжилттэй “Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулалтын тогтолцоог сайжруулах” төслийг Технологийн коллежид хэрэгжүүлж байна хэмээгээд сүүлийн жилд тус улсын Хөдөөгийн хөгжлийн удирдах газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга”, “Солонгосын Хөдөө аж ахуйн олон улсын төсөл” зэрэг хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн салбарт 9 төсөл, бүсийн 1 төслийг амжилттай хэрэгжүүлж байна гэлээ.
Монгол-Солонгосын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан хорооны хойшилсон хурлын товыг шинэчлэн тогтоох хэрэгтэйг тэрээр онцолсон юм
Иймд хоёр жил тутамд болдог Монгол-Солонгосын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан хорооны хойшилсон хурлын товыг шинэчлэн тогтоох хэрэгтэйг тэрээр онцолсон юм.
Дашрамд, БНСУ-ын хөдөө аж ахуйн технологи дамжуулах КОПИА-Монгол төвийг энэ онд байгуулсан бөгөөд “Буудайн элит үр гаргах, үр үржүүлэх”, ”Олон наст тэжээлийн ургамал,царгас тариалах, тэжээлийн ургамлын үр үржүүлгийн загвар аж ахуй байгуулах”, “Тэжээл, тэжээллэгийг сайжруулан мах, ноосны хонины ашиг шим, удамшлын чанарыг дээшлүүлэх” төсөл хэрэгжиж байна.
Цаашид хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд дунд хугацааны хөтөлбөр хамтран боловсруулан хэрэгжүүлэх, салбарыг тогтвортой, экспортын баримжаатай хөгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газрын хувийн хэвшлээ дэмжиж буй бодлого, дэмжлэг, татаас, хөнгөлөлтийн талаарх арга туршлагыг судлах, хоёр орны махны бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарт түншлэл бий болгох бизнес уулзалт, аялал зохион байгуулах, хүрээлэнгүүдийн хооронд хамтын ажиллагааг тогтоох, технологи дамжуулах, судалгаа шинжилгээний хамтарсан төслийг “КОЙКА “байгууллага болон бусад санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх хүсэлтэйгээ энэ үеэр салбарын сайд илэрхийллээ.