Х.Гиймаа: Буруу ташаа мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж байгаа нь тун харамсалтай
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа
2014.12.30

Х.Гиймаа: Буруу ташаа мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж байгаа нь тун харамсалтай

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаатай ярилцлаа.

-Монгол улсын хэмжээнд Хүнсний нэмэлтийн хэрэглээ ямар түвшинд байна вэ ?

Юуны өмнө хүнсний нэмэлт бодисын талаар ойлголт өгөх нь зүйтэй байх. Хүнсний нэмэлт бодис гэдэгт хүнсний бүтээгдэхүүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдоггүй, тэжээллэг шимт чанаргүй, харин бүтээгдэхүүнд төрөл бүрийн амт үнэр, өнгө өгөх, бүтээгдэхүүний биет байдлыг сайжруулах зорилгоор биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацаа болон технологи ажиллагааг хуртасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлд хэрэглэдэг бодис буюу хольцыг ойлгох нь чухал.

Манай холбооноос хүнсний боловсруулах үйлдвэрт тэр дундаа талх гурилан бүтээгдэхүүнд ямар төрлийн хүнсний нэмэлт болон туслах түүхий эд материалын орц найрлагад орсон нэмэлт бодисын талаар мэдээлэл цуглуулах хэлбэрээр ажилласан. Энэхүү ажлыг салбарын их дээд сургуулийн багш, мэргэжлийн технологич нартай хамтран хийсэн.

Талх гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж буй туслах түүхий эд материал, хүнсний нэмэлтийг импортлогч аж ахуй нэгжүүд болон үйлдвэрлэгчдийн мэдээлэлд тулгуурласан. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт, туслах түүхий эдийн орц найрлагад орсон нэмэлт бодисын талаар үйлдвэрлэгчиддээ мэдээлэл өгөх үүднээс гарын авлага, зөвлөмжийг гарган ажиллаж байна.

Хүнсчдийн холбооны хувьд Хүн ба Хүнс сэтгүүл, цахим хуудсаар дамжуулан гишүүн байгууллагууддаа мэдээлэл хүргэж байна.

Сүү, махан бүтээгдэхүүн, ундаа жүүсэнд хэрэглэх хүнсний нэмэлт бодис эдгээр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  олон улсын хэмжээнд ямар төрлийн нэмэлт бодисыг ямар зориулалтаар хэрэглэж байгаа  талаарх мэдээллийг өгөх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд манай улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх нэмэлт бодисын талаар гарсан дүрэм, журам зохицуулалтууд байхгүй байна. Хүнсний нэмэлт бодисын ангилал, хэрэглээний талаар олон улсын хэмжээнд гарсан зохицуулалтууд байдаг. Сүүлийн үед хүнсний нэмэлт хортой, Е гэсэн тэмдэглэгээтэй бол хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэсэн буруу ташаа мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж байгаа нь тун харамсалтай.

-Нийгмийн хүрээнд хүнсний нэмэлтээс болж хүний биед хавдар үүсгэдэг гэх мэдээлэл их байгаа ?

Харин тийм, хариуцлагагүй, буруу, ташаа мэдээлэл өгсөнөөс хүнсээ сонгон хэрэглэхэд хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах, айдас түрүүлэх байдалд хүргэж  байна.

Манай хүнсний үйлдвэрлэлд хүнсний нэмэлтийг шууд эсвэл бүтээгдэхүүний туслах түүхий эдийн орц найрлагад оруулах зэргээр ашиглаж байна. Аливаа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд технологи гэж бий. Технологийн үйл явц нь тодорхой горим, технологийн зааврын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг.

Жишээ нь талхны биет байдлыг сайжруулах зорилгоор 100 кг зуурмагт жорын дагуу хөөлгөгч, гурилын чанарыг сайжруулагч, сийрэгжүүлэгч нэмэлтийг жорын дагуу нэмж үйлдвэрлэдэг.  Сүүлийн үед хүн амын дунд хорт хавдарын өвчлөл нэмэгдэж байгааг хүнсний нэмэлт бодис хэрэглэсэн бүтээгдэхүүнтэй холбож тайлбарлаж байгаа нь өрөөсгөл.

Тэр дундаас яг хүнсний нэмэлтээс болоод хавдар үүсч байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа туршилтаар тогтоосон дүн шинжилгээнд үндэслэж мэдээлэл өгч байх нь зүйтэй.

-Ер нь үйлдвэрлэгчид болон хяналтын байгууллага хоёр ямар уялдаа холбоотой ажиллах ёстой вэ? Саяхан Мэргэжлийн хяналтын газраас дотоодын үйлдвэрлэгч нарт тандалт судалгаа явуулсан. Энэ хэр бодитой судалгаа вэ ?

Хүнсний нэмэлтийн талаар тандалт судалгааг хийсэн талаарх мэдээллээ Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулсан юм билээ. Хүнсний үйлдвэрүүдэд ямар хүнсний нэмэлт хэрэглэж байгаа болон тухайн нэмэлтээ хаанаас авдаг, ямар нэмэлтүүд импортлон орж ирж байгаа талаар түүвэр байдлаар мэдээлэл цуглуулсан байсан.

Эрүүл зөв зохистой хооллох, хүнс хэрэглэх талаар хэрэглэгчдэд зөв мэдээллийг тогтмол өгч байх нь нэн чухал.

Судалгааг хийхийн тулд лабораторын нарийвчилсан шинжилгээнд тулгуурлаж,ямар хүнсний нэмэлтийг бүтээгдэхүүнд хэдий хэмжээгээр нэмэхэд, тэр нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар үндэслэлтэй хийх хэрэгтэй. Хүнсний нэмэлт бодисын бүтцийн задлан шинжилгээг хийх шаардлагатай.

Жишээ нь хүнсний будаг, түүнийг бүрдүүлэгч нь ямар төрлийн бодис, тэдгээр нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх зэргийг судалж байж цогц судалгаа болох юм. Амт үнэр, биет байдлын мэдрэхүйн үзүүлэлтээр болон хими, физикийн анхан шатны шинжилгээ хийсэн төдий байна.

-Манай улсад мөрдөгдөж байгаа хүнсний нэмэлтийн стандарт нь 2007 онд батлагдсан. Гэтэл өдийг хүртэл ямар нэг нэмэлт шинэчлэлт хийсэн зүйл алга. Ингэхээр бидний хувьд дэлхийн стандартаас хоцроод байна гэсэн үг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ ?

Олон улсын стандартыг орчуулж манай улсад заавал мөрдөх стандартаар баталсан тохиолдолд, тухайн стандартад орсон нэмэлт өөрчлөлтүүдийг цаг тухай бүрт нь орчуулж, өөрчлөлт зайлшгүй хийх хэрэгтэй.

Стандартад орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар үйлдвэрлэгч нарт мэдээлэл өгөх, мэдлэг олгох механизм нь алга байна. Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр гарч байгаа дүрэм журмыг мэргэжлийн түвшинд сайн боловсруулах. Гарсан дүрэм, журмаа таниулах, сурталчилах, сахин мөрдүүлэх талаар дорвитой ажил хийгдэхгүй байгаа учир тэр болгон хэрэгжиж чадахгүй байх шиг байна.

Хүнсчдийн холбооны хувьд Хүн ба Хүнс сэтгүүл, цахим хуудсаар дамжуулан гишүүн байгууллагууддаа мэдээлэл хүргэж байна. Гэхдээ манай гишүүн бус олон аж ахуй нэгж байна. Тэдгээрт ч гэсэн хүрч ажиллах ёстой.

-Монголд мөрдөгдөж байгаа хүнсний аюулгүй байдлын тухай хууль болон хүнсний нэмэлтийн стандарт хэр хангалттай байна вэ ?

Мэдээж 2007 оны стандартаа одоо болтол шинэчлээгүй байна гэдэг нь хангалттай бус байгаагийн шинж. Түүнчлэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиндаа Монгол Улсын хэмжээнд хэрэглэж буй хүнсний нэмэлтийг бүртгэх, талаар журам гарах ёстой. Энэ журам нь одоо болтол гараагүй байна. Хууль хэрэгжээд 2 жил болж байна. Энэ журмыг одоо болтол яагаад гаргахгүй байгаа нь ойлгомжгүй л байна.

-Хэрэглэгчдийн хувьд мэдлэг боловсролын нилээд дутмаг байна. Зарим хэрэглэгч нар хүнсний нэмэлтээ ч мэдэхгүй байна. Гэхдээ үүнд дан ганц хэрэглэгч нарыг буруутгах аргагүй. Тэгвэл хэрэглэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ ?

Хэрэглэгчид рүү хандсан танин мэдэхүйн нэвтрүүлгүүдээр дамжуулж хүнсний нэмэлтийн талаарх зөв мэдээллийг хүргэх ёстой. Ингэхдээ тухайн нэмэлтийн орц найрлага, хэмжээ зэргийг маш ойлгомжтойгоор хүргэснээр хэрэглэгчдийн дунд үүсээд байгаа айдсыг алга болгох юм.

Энэ талаар сайн ойлголтгүй, мэдээлэлгүй байгаа нь хэрэглэгчдийн буруу биш. Эрүүл зөв зохистой хооллох, хүнс хэрэглэх талаар хэрэглэгчдэд зөв мэдээллийг тогтмол өгч байх нь нэн чухал. Энэхүү мэдээллийг хэн, ямар байгууллага нь өгч байх талаарч тодорхой байх хэрэгтэй болов уу.