Б.Алтантуяа: Хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх нь зөв
Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн менежер, Химийн шинжлэх ухааны магистр Б.Алтантуяа
2014.12.16

Б.Алтантуяа: Хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх нь зөв

“Хүнсний нэмэлт түүхий эд , түүний хэрэглээ, “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” –ий талаар  Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газрын дэргэд дэх Хүнсний Аюулгүй Байдлын  Үндэсний Лавлагаа Лабораторийн менежер, Химийн шинжлэх ухааны магистр   Б.Алтантуяатай ярилцлаа.

-Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр хүний анхдагч хэрэгцээ болсон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  хүнсийг илүү өнгө үзэмжтэй болгох, хэрэглэгчдийн сэтгэлийг татах зорилгоор   хүнсний нэмэлтийг  маш ихээр хэрэглэж байна . Хүнсний нэмэлтийг  хортой, хоргүй гэж их маргалддаг. Энэ талаар та мэргэжлийн  хүний хувьд юу гэж  бодож байна вэ ?

Хүнсний нэмэлт  гэдэг бол англиар Edible – идэж болно гэсэн утгатай,  Европын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн  гэдгийг илэрхийлэх стандарт кодууд болох   E кодоор  тэмдэглэгддэг,  их энгийнээр хэлэх юм  бол хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх  технологийн явцад амт, үнэр, өнгийг  сайжруулах, хадгалах хугацааг уртасгах зорилгоор  зориудаар нэмж өгдөг  бодис, хольцыг хэлдэг. Мэдээж хүнс үйлдвэрлэгчид маш нарийн технологи, орц норм, тусгай хяналтын доор хийдэг учраас бохирдуулагчид болох хорт нэгдлүүдээс   ялгаатай  гэдгийг ойлгох нь зүйтэй.

Маш олон хүнсний нэмэлт байдгаас зөвхөн цөөн тооны бодисууд  л хүний биед хэт мэдрэмтгий сөрөг урвалыг үүсгэдэг.Иймээс хүнсний нэмэлтийг бохирдуулагчид болох  хорт бодисуудтай адилтган ойлгож хортой гэж ярих нь хэрэглэгчдийг  төөрөгдүүлэх болон  сэтгэл зүйн хувьд их аюултай учраас  хэрэглэгчдийн хүнсний нэмэлтийн талаарх ойлголтыг сайжруулах, хүнсний нэмэлтийн хэрэглээ зөвшөөрөгдөх хэмжээнээс  хэтэрсэн тохиолдолд аюултай гэдгийг анхааруулах зэргээр зөв мэдээлэл өгөх нь чухал.

Дэлхийн олон улсуудад хүнсний нэмэлтийн   хортэй эсэх талаар клиник туршилт, судалгаа явуулсаар л байгаа.  Голландад 1500 хүнд тодорхой давтамжтайгаар  хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн хэрэглүүлэн  клиник сорил хийсэн судалгаанд  3 хүн л хүнсний нэмэлтэд мэдрэмтгий болох нь тогтоогдсон.  

Хүнсний нэмэлт  гэдэг бол англиар Edible – идэж болно гэсэн утгатай

Мөн Дани улсад 5000 сурагчдад, Их Британид18500 хүнд туршилтууд их хийгдсэн байдаг. Тодорхой хугацааны дараа  дүн гарахад  нийт хүн амын  0.1- 0.23 %-д нь л  хариу сөрөг урвал үзүүлэн тухайн хүнд  харшил өгөх шинж тэмдэг зэргээр  илэрсэн   судалгаанууд байдаг.

-Сая та зөвшөөрөгдөх хэмжээ гэж ярилаа.  Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл аюултай, хэмжээндээ байвал аюулгүй гэж ойлгож болох уу

Энэ ойлголт маш чухал. Тэгж ойлгож болно. Хүнсний нэмэлт ч бай, бохирдуулагчид ч бай, Тухайн бодис, нэгдэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй болох нь яг тэр  бодист хамааруулж хийгдсэн тусгайлсан судалгаагаар нотлогдож, Олон улсын холбогдох байгууллагаар (ДЭМБ, НҮБ-ийн ХХААБ, Олон улсын хүнсний хууль эрх зүйн комиссоос)  зөвшөөрөгдөн  мөрдүүлж байгаа химийн бодисын хэмжээг  Зөвшөөрөгдөх хэмжээ гэж хэлдэг .Бид өдөр тутмын ажилдаа зөвшөөрөгдөх хэмжээг чухалчлан үздэг.

-Дотоодын үйлдвэрлэгч нарын хүнсний нэмэлтийн хэрэглээ хэр байна вэ ?

Хэрэглэгч хүний зүгээс харахад дотоодын үйлдвэрүүдийн үйлдвэрлэж  буй  ундаа жүүс, төрөл бүрийн зайрмаг , тараг  гээд хүнс үйлдвэрлэгч нар маань  олон улсын жишгийн дагуу хүнсний нэмэлтийг илэрхийлэх  Е кодыг тодорхой хэмжээгээр  тэмдэглэж хэвшиж  байгаа нь сайшаалтай харагддаг.

Ер нь хүн төрөлхтөн шинжлэх ухаан, хөгжихийн хирээр үйлдвэрлэл ,үйлчилгээ ч дагаад л хөгждөг.  Хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээ харсан ч хүнсний нэмэлтийн хэрэглээ маш их болсон санагддаг.

-Зарим үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд ашигладаг Е код монгол улсад зөвшөөрөгдсөн кодын жагсаалтанд байдаггүй. Гэтэл тухайн код олон улсад зөвшөөрчихсөн байдаг. Үүнээс болж зөрчил гардаг ?

Монгол улсад Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт MNS CAC 192:2007 стандартыг  баримтлан  мөрдөж байгаа. Олон улсад Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт MNS CAC 192: 2014 стандартыг баримталж байгаа учраас мөрдөж буй  стандартдаа нэмэлт өөрчлөлт оруулан зайлшгүй шинэчлэх шаардлагатай.  

Хэрвээ хүнс үйлдвэрлэгч  аж ахуйн нэгж байгууллага  олон улсад хэрэглэж буй хүнсний нэмэлтийг хэрэглэж байгаа бол бид зөвхөн MNS CAC 192:2007 стандартыг  баримтлаад байх биш  олон улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандарт, норматив бичиг баримтыг үндэслэн хяналт шинжилгээгээ  хийж,олон улсын норматив бичиг баримтыг  мөрддөг  ингэх  нь ч хяналтын байгууллагын ажилтан бидний хийх ёстой үүрэг .

Олон улсад мөрдөж буй Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт MNS CAC 192: 2014 стандартыг яаралтай орчуулж шинэчлэх, мөн үйлдвэрлэгчид  тус стандартаа  мөрдөх болон зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтийг зөвшөөрөгдөх  хэмжээгээр  хэрэглэж буй тохиолдолд ийм зөрчил гарахгүй гэж бодож байна.   

-Монголд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний ямар төрөлд хүнсний нэмэлтийг түлхүү ашиглаж байна вэ ?

Саяхан мэргэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлтийн худалдаалалт, хэрэглээний байдалд тандалт судалгаа хийсэн. Энэ дүнгээс  харахад гурил, гурилан бүтээгдэхүүн торт, кекс, мах махан бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүн гээд бидний өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлтийг  илүүтэй хэрэглэдэг гэсэн дүн гарсан байгаа.

Ер нь улс орон бүр хүнсний нэмэлтийг хүнсний тухай хуулийнхаа эн тэргүүнд тавих зорилтод   тусгадаг.

Уг нь өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүндээ хүнсний нэмэлтийг их хэрэглэх биш, манай орон хөдөө аж ахуйн асар их нөөцтэй орон гэдэг онцлог байдлаа ашиглан экологийн цэвэр хүнс үйлдвэрлэх нь үнэхээр чухал шүү дээ. Хэрэглэгчид ч хүнсний бүтээгдэхүүний сонголт хийхдээ энэ тал дээр  анхаарах нь их чухал

-Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ  70 орчим хувийг импортоор оруулж ирдэг. Үүнд тавих хяналт нь хир байгаа вэ. Зарим улс өөрийн оронд хориглосон хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнээ хүнсний  бүтээгдэхүүний хяналт  сул, хөгжлийн түвшин буурай  улс руу экспортолдог гэсэн ? энэ талаар

Ер нь улс орон бүр хүнсний нэмэлтийг хүнсний тухай хуулийнхаа эн тэргүүнд тавих зорилтод   тусгадаг. Манай орны хувьд ч Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль дээр ч энэ талаар тусгасан байгаа. Зарим орон өдөр тутмын хүнс болох шим тэжээлийн бодисоо хүнсний нэмэлтэд оруулсан байхад зарим орон ургац  хураалтын дараах пестицидийг ч хүнсний нэмэлт гэж  зөвшөөрдөг байх жишээтэй. 

Тиймээс эдгээр нэмэлттэй бүтээгдэхүүнээ гадны зах зээл рүү нэвтрүүлэх боломжтойг үгүйсгэх  аргагүй ч  монгол улсын  хилээр орж ирж буй бүх хүнсний бүтээгдэхүүнд лабораторийн  хяналт, шинжилгээ хангалттай хийгддэг. Яг өнөөдрийн түвшинд  эрсдэлд суурилсан шинжилгээт хяналт шалгалт хийгддэг болсон. Хүнсний бүтээгдэхүүнийг эрсдлээр нь ангилаад их эрсдэлтэйг нь лабораторийн  хяналт шалгалтад хамруулж байгаа .

-Хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон хүнсний нэмэлтийн   түүхий эд  импортлогчдод ямар стандарт мөрдөхийг шаарддаг вэ   ?

Монгол улсад Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт MNS CAC 192:2007 стандартыг  баримтлан  мөрдөж байгаа бөгөөд стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээг заавал баримтлах шаардлагатай.  

Мөн хүнсний нэмэлт импортлогч аж ахуйн нэгж байгууллагууд  улсын бүртгэлд бүртгэгдсэн, зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтийг импортлох, хүнсний нэмэлтийг импортлохдоо  үйлдвэрлэгчийн албан ёсны гэрээт борлуулагчтай гэрээ хийж импортлох ба үйлдвэрлэлийн   зохистой дадал, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн үйлдвэрийг сонгоход анхаарах ёстой гэсэн  шаардлагууд тавигддаг.

Түүнчлэн хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлтийг технологийн карт, жор, орцын нормд тусган  зарцуулалтын бүртгэл хөтөлж, дотоодын хяналтын  бүртгэл хөтлөлтөд тусгаж байх зайлшгүй шаардлагатай.

Үйлдвэрлэгчдийг хүнсний нэмэлт агуулсан түүхий эд ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд бүтээгдэхүүний хаяг шошгод тухайн нэмэлтийн тэмдэг тэмдэглэгээг заавал тусгаж байхыг Хяналтын байгууллага шаардаж байгаа.  

-Бохирдуулагчийн талаар тодорхой зүйл хэлнэ үү ?

Дээр хэлсэнчлэн хүнсний нэмэлт бол хүнс үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг.   Харин бохирдуулагчид гэж  хүнсэнд зориудаар нэмээгүй үйлдвэрлэл, савлагаа, тээвэрлэлт,эсвэл хадгалалтын төрөл бүрийн шатанд мөн хүрээлэн буй орчны бохирдлоос  хүнсэнд бий болох боломжтой хүнсний чанарт сөргөөр нөлөөлж , хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нэгдлүүдийг хэлдэг. Үүнд хортой,хүнд металлууд, хөгц мөөгөнцрөөс гаралтай хор болох микотоксинууд, Пестицидийн үлдэгдлүүд гэх мэт бодисууд ордог.