Л.Энхтуяа: Хүнсний нэмэлт нь бүтээгдэхүүнийг эрсдлээс хамгаалдаг
Мах Маркет компанийн ерөнхий технологич Л.Энхтуяа
2014.12.17

Л.Энхтуяа: Хүнсний нэмэлт нь бүтээгдэхүүнийг эрсдлээс хамгаалдаг

Мах Маркет компанийн ерөнхий технологич Л.Энхтуяатай ярилцлаа.

-Хүнсний нэмэлтийн талаар хэрэглэгчид нилээд буруу ойлголттой байгаа. Ер нь мах, махан бүтээгдэхүүнд ямар зорилгоор хүнсний нэмэлтийг ашиглаж байгаа вэ ?

Хүмүүсийн хэрэглээ, үйлдвэрлэлийн орчин, хадгалах нөхцөл зэргээс хамаарч хүнс үйлдвэрлэлийн технологийн процесс, жор найрлаганд зайлшгүй өөрчлөлт орж байгаа юм.

Хиам гэхэд хуучин нийгмийн үед ганцхан үйлдвэрт ямар нэгэн нэмэлт орцгүйгээр давс перц холиод л хоногтоо 24 тонн хиам үйлдвэрлээд өдөртөө зарагдаад дуусчихдаг байсан. Нэг үгээр хэлбэл ганцхан үйлдвэрлэгч нийтийн хиамны хэрэгцээг хангадаг байсан гэсэн үг.

Гэтэл өнөөдөр Монголд 100  гаруй хиамны үйлдвэр,цех бүртгэгдсэн байдаг. Түүнчлэн хүн амын  тоо нилээдгүй өсөж, хүмүүсийн хэрэглээ ч нэмэгдэн, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, өнгө үзэмжийг  их чухалчилдаг болчихож.

Зах зээлийн хуулиараа өнөөдөр дэлгүүрт байгаа хиам маргааш гэхэд зарагдах ёстой гэсэн томъёолол байхгүй. Тухайн бүтээгдэхүүн дор хаяж 14 хоногийн хугацаанд зарагддаг. Сүүлийн үеийн хэрэглэгчид аль болох хурдан шингэдэг хоол хүнсийг их сонгох болсон зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч хүнсний нэмэлтийг ашигладаг.

Түүнчлэн хүнсний нэмэлтийг иргэд маш буруугаар ойлгодог. Гэтэл яг үнэндээ тийм биш. Жишээ нь мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн нөхцөл 0-4 хэмд хадгалах ёстой гээд заачихдаг, лангуу дээр гарангуут янз бүрийн орчинд худалдаалагддаг.

Гэтэл тухайн орчин нь намхан таазтай, хэт хүйтэн, агаарын сэлгэцэл байхгүй зэрэг эрсдлүүдээс хамгаалж, бүтээгдэхүүний өнгө үзэмж, чанарыг муудахгүй байхаас сэргийлж тогтворжуулагчийг зайлшгүй  ашигладаг.

-Танай компани ямар стандартыг баримталдаг вэ? Хүнсний нэмэлтээ аль улсаас авч байгаа вэ ?

Манай компанийн хувьд ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн учраас бүтээгдэхүүнйий амтлагчаа албан ёсны үйлдвэрлэгчээс авдаг. Бүр нэг ширхэг сонгиныг хүртэл лаботарийн шинжилгээгээр оруулдаг. Хүнсний нэмэлтийн хувьд гурван төрлийн нэмэлтийг бүтээгдэхүүнд ашиглаж байна. Тухайн нэмэлт нь Европт хүлээн зөвшөөрөгдсөн Бельги улсын компаниас худалдан авдаг.

Е код буюу хүнсний нэмэлтийг хэрэглэх ёстой хамгийн том шалтгаан нь орчин, цаг уураас хамаарч бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх хүртэл нилээд олон дамжлагаар дамждагт байгаа юм. Гэтэл бүх дамжлагын аль ч хэсэгт эрсдэл гарах учраас тэр бүхнээс хамгаалахын тулд ашигладаг.

Бүр дэлгэрэнгүй хэлбэл бүтээгдэхүүний нийлэгжилт, биелэг байдлыг хадгалах, хамгаалахын тулд ашигладаг. 

Тиймээс хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн эрүүл мэндэд муу гэдэг нь худлаа. Бүр дэлгэрэнгүй хэлбэл бүтээгдэхүүний нийлэгжилт, биелэг байдлыг хадгалах, хамгаалахын тулд ашигладаг. Эсвэл хугацаа уртасгах зорилгоор хэрэглэдэг. Гэхдээ хугацаа уртасгагчийг хэт их ашиглах нь зөв зүйл биш. Хугацаа уртасгагч бүтээгдэхүүний анхны төлөв байдалд сөргөөр нөлөөлдөг.

-Хэрэглэгчдийн зүгээс үүнтэй холбоотой ямар нэгэн санал гомдол ирсэн үү ?

Яг энэ тал дээр гомдол ирээгүй байна. Ер нь компанийн хувьд орон нутагт байрлах гэрээт хүмүүсээс түүхий эдээ зохих түвшинд шинжлүүлж, завсрын дамжуулалтгүй авдаг.

-Мэдээж техник технологийн хөгжлөө дагаад бүтээгдэхүүнд болон хэрэглэгчдийн сэтгэхүйд ч нилээдгүй өөрчлөлт гарч байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ ?

Тэгэлгүй яахав. Мах махан бүтээгдэхүүнийг аваад үзвэл дээхэн үед зажилж иддэг хиамыг хүмүүс их хэрэглэх дуртай байсан бол өнөө үед хурдан боловсордог, идэхэд элдвийн төвөггүй бүтээгдэхүүнийг сонгодог болсон. Түүнчлэн хэрэглэгчид хурц, хүчтэй амтыг хүсэмжилдэг болчихсон учраас сонголтонд нөлөөлж байдаг.

-Ямар тохиолдолд хүнсний нэмэлт хортой вэ?

Зөвшөөрөгдсөн хэмжээнд хэрэглэж байгаа үед хүний бие ямар нэгэн муу нөлөө байхгүй. Харин бүтээгдэхүүний орц найрлаганд хүнсний нэмэлт зохих хэмжээнээс илүү орсон тохиолдолд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэр тусмаа хугацаа уртасгагч түлхүү орсон бүтээгдэхүүн бол илүүтэй муу.

Жишээ нь сүү, мах орсон бүтээгдэхүүн  биологийн амьд биетээс гарсан учраас тодорхой хугацааны зайлшгүй муудах ёстой. Гэтэл үүнийг муудуулахгүй байлгаад байна гэдэг нь анхны төлөв байдлыг алдагдуулж бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлж байгаа юм.