Д.Даваасүрэн: Хүнсний нэмэлтийн шинэчилсэн стандартыг 2015 оны эхний улиралд батална
Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын мэргэжилтэн Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
- Монгол улсад одоогоор хүнсний нэмэлтийн ямар стандарт мөрдөж байна вэ?
Монгол улсын хэмжээнд 5800 гаруй стандарт бий. Түүнээс 660 гаруй стандарт нь хүнсний салбарынх. Эдгээрийн нэг нь хүнсний нэмэлтийн стандарт. ДЭМБ, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан Хүнсний хууль эрх зүйн хорооноос батлан гаргасан хүнсний нэмэлтийн стандартыг 2007 онд үндэсний болгон батлан мөрдөж байна.
- Саяхан олон улсын стандарт шинэчлэгдсэн гэсэн. Энэ стандартыг хэзээнээс манайд мөрдөж эхлэх вэ?
Шинэчилсэн стандарт маань англи хэл дээрээ 372 хуудас байна. Монгол хэл рүү орчуулах ажил нь хийгдчихсэн. Одоогоор редакцийн түвшинд хянан тохиолдуулж байна. Ер нь эх хэл рүү орчуулна гэдэг маш их цаг авдаг. Эцсийн байдлаар найруулсны дараа 2 шатны хурлаар хэлэлцүүлээд батлуулна. Уг нь энэ онд багтаах төлөвлөгөөтэй байсан хэдий ч орчуулгыг дахин нягтлах шаардлага гарсны улмаас хугацаа хойшилж байна. 2015 оны эхний улиралд багтаана гэсэн зорилттой байгаа.
- Шинэчилсэн стандарт өмнөхөөсөө чухам юугаараа ялгаатай вэ?
Тэр болгоныг тоочих боломжгүй шүү дээ. Үйлдвэрлэгчид стандарт шаардаж байгаа нь зөв. Гэхдээ нөгөө талаас үйлдвэрлэгч өөрөө хуулинд заасны дагуу аюулгүй байдлаа хариуцах ёстой. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ гаднаас оруулж ирэхдээ стандартад тохирч байна уу үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Манай улсын стандартад тусгаагүй ч олон улсын стандартад тохирч байвал олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартыг түр болон бүртгүүлэн хэрэглэж болно. Заавал мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж байж мөрдөх хэрэггүй.
Стандартыг зөвхөн Стандарт хэмжил зүйн газар боловсруулдаггүй. Бусад субъектууд ч хийж болно. Гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой.
”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” Монгол улсын хуульд Хүнсний нэмэлтийн аюулгүй хэрэглээний түвшинг тогтоож, хэрэглэх нөхцлийг тодорхойлох үүрэг нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байдаг.
Тиймээс хүнсний нэмэлтийн асуудал бол зөвхөн МХЕГ болон СХЗГ-ын асуудал биш юм. Холбогдох төрийн байгууллагууд уялдаатай байх ёстой гэсэн үг. Бидний хувьд л гэхэд стандартаа орчуулахын тулд аль болох мэргэжлийн бөгөөд хэлний боловсролтой хүнийг олж орчуулга хийлгэх хэрэгтэй болдог.
- Үйлдвэрлэгчидтэй хэр ойлголцож байна вэ? Стандартыг зардаг гэсэн яриа байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
Стандарт гэдэг бол олон улсын түвшинд тодорхой үнэлгээтэй, судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулдаг шинжлэх ухаанч бичиг баримт.
Гэтэл манайхан бэлэн юм үнэгүй авах гээд байдаг. Стандартчилал, хэмжил зүйн газар стандартыг нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс www.estandard.mn цахим хуудсанд үнэ төлбөргүй үзэж танилцахаар байршуулсан байгаа. Мэдээлийн энэ эринд хэн ч хаанаас интернет ороод үзэж судлах боломжтой.
Мөн бид энэ оны дөрөвдүгээр сараас зөвхөн MNS тэмдэглэгээтэй бүх стандартынхаа үнийг 70 хувь бууруулсан. Энэ бол олон улсын түвшинтэй харьцуулахад маш бага үнэ. Харин MNS ISO стандартууд арай үнэтэй бөгөөд Олон улсын стандартчиллын байгууллагын гишүүний хувьд өөрийн хүлээсэн үүргийн дагуу онлайнаар тавьдаггүй. Стандартыг борлуулсан орлого нь ялгаагүй улсын төсөвт ордог.
Бизнес эрхлэгчид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд холбогдолтой стандартыг нэг удаа л худалдаж авахаас биш нийтийн тээврийн хэрэгслийн зорчих тасалбар, өдөр тутмын хэрэглээний хүнсний нэг болох талхны адил өдөр болгон худалдаж авах шаардлагагүй учраас ойлгох хэрэгтэй юм. Энэ мэтийн зарим зүйлийг манай зарим үйлдвэрлэгчид ойлгодоггүй. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажилладаг зарим мэргэжлийн бус хүмүүс өөрсдөд нь чухам юу шаардлагатайг мэддэггүйгээс үл ойлголцол гардаг.