С.Уянга: Хамгийн түрүүнд хэрэглэгчдийн төөрөгдлийг арилгах хэрэгтэй
Хүнсчдийн Холбооны Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөх багийн гишүүн, Мах импекс ХК-ийн лабораторийн эрхлэгч, тэргүүлэх инженер, Доктор С.Уянгатай ярилцлаа.
-Ер нь сүүлийн үед хүнсний нэмэлтгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг боломжгүй болж. Танай компанийн хувьд ямар чиглэлээр хүнсний нэмэлтийг ашиглаж байна вэ ?
Иргэдийн хувьд хүнсний нэмэлтийг буруугаар ойлгох нь элбэг байна. Гэтэл үүнийг стандарт буюу зөвшөөрөгдөх хэмжээний дагуу хэрэглэвэл хэрэглэгчдийн эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй. Орчин үед хүнсний нэмэлтгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг боломжгүй. Манай компанийн хувьд 2007 оны стандартыг баримтлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа.
Мах махан бүтээгдэхүүнд авч үзвэл хиаманд улаан туяа оруулагч нитрит болон хадгалах хугацааг уртасгах зорилгоор хүнсний нэмэлтийг ашиглаж байна. Гэхдээ нитритийг хэрэглэх болсон шалтгаан нь мах махан бүтээгдэхүүнд үрждэг “хлостридум ботилинум” гэх бактерийг устгадаг. Мэдээж үүнийг зохих нормын дагуу хэрэглэх хэрэгтэй. Бидний хувьд 100 кг махны 7.5 граммд нь уусмал хэлбэрээр хэрэглэж байгаа.
-Бүтээгдэхүүний шошгон дээр Е кодын тэмдэглэгээг тавьдаг уу ?
Тэгэлгүй яахав. Хүнсний хуулин заасны дагуу тэмдэглэгээг тавьдаг. Ер нь дэлхийн дахинд хиамны жорыг стандартаар тогтоосон байдаг. Харин жоронд хүнсний нэмэлтийн орц найрлагыг нь тогтоочихдог.
-Үйлдвэрлэлд ашиглаж байгаа хүнсний нэмэлтээ хаанаас худалдан авдаг вэ ?
Бид өөрсдийн бүтээгдэхүүн болгонд таарсан жорыг тусгайлан захиалж Европт алдартай Германы “Могунция” компаниас худалдан авдаг. Жор болгон нь сертифкаттай ирж түүнийг нь хиамандаа шууд ашигладаг. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тамга, тэмдэгтэй жорыг ашиглаж байгаа учир хэрэглэгчдэд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй.
-Хэрэглэгчдийн хувьд хүнсний нэмэлттэй холбоотой мэдээллийг маш олон сувгаар авч байна.Тэдний ихэнх нь Е кодыг хортой гэсэн ойлголттой байгаа. Ер нь үйлдвэрлэгчдийн зүгээс хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэхэд юу хийх хэрэгтэй вэ ?
Хамгийн түрүүнд хэрэглэгчдэд үүсээд байгаа хүнсний нэмэлттэй холбоотой төөрөгдлийг арилгах нь маш үр дүнтэй.
Ер нь анхнаасаа Е кодын талаар буруу мэдээллийг тарааж хэрэглэгчдийг буруу бодоход хүргэсэн. Тэгэхдээ ихэнх мэдээлэлд Е кодтой хүнсийг хэтрүүлэн хэрэглэвэл аюултай гэх талыг дэндүү их түгээсэнд байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд хэрэглэгчдэд үүсээд байгаа хүнсний нэмэлттэй холбоотой төөрөгдлийг арилгах нь маш үр дүнтэй.
Манай улс хүнсний нэмэлтийн 2007 оны стандартыг мөрдөж байгаа. Гэтэл олон улсад тухайн стандартыг жил бүр шинэчлэдэг. Танай бүтээгдэхүүнд ашиглаж байгаа хүнсний нэмэлт 2007 оных уу эсвэл шинэчлэглсэн нэмэлт үү ?
Хүнсний нэмэлтээ авдаг Германы компани маань Олон улсад нилээд нэр хүндтэй учраас өөрсдөө үйлдвэрлэж байгаа хүнсний нэмэлтээ Дэлхийн стандартын дагуу шинэчлэдэг. Ер нь түүхий эд авч байгаа компани өөрсдийн үйлдвэрлэдэг хүнсний нэмэлтэндээ хяналтаа тогтоочихдог учраас бидний зүгээс давхар хянана гэдэг боломжгүй.
Монголд хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд юу хийх хэрэгтэй байна вэ ?
Нэг талдаа хүнсний тухай хуультай болсон нь сайшаалтай. Нөгөө талдаа лабораторийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байх. Боловсон хүчний хувьд нилээдгүй сайжирч өссөн байна. Гэхдээ үйлдвэрлэгчид өөрсдийн дотоод хяналтаа сайн тавьж, бүх бүртгэлээ журмын дагуу хөтөлж, хүнсний аюулгүй байдлын зохистой дадлыг мөрдлөг болгочихвол сайн.
Хүнсний нэмэлтгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юу ?
Энэ бол орчин үед бодит байдалтай нийцэхгүй. Гэхдээ хүнсний нэмэлтгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж болно. Гэхдээ тухайн бүтээгдэхүүнийг байнгын худалдан авагчтай тохиолдолд байх боломжтой. Манай улсын хувьд энэ нь боломжгүй.