Германы хөдөө аж ахуйн технологийн ололтыг амжилттай нэвтрүүлж байна
ХХАА-н сайд Р.Бурмаа ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманнтай уулзлаа.
Уулзалтаар Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яамны шугамаар манай улсад рапс, төмсний тариалалтын тэргүүний технологийг нэвтрүүлж буй “Монгол-Германы хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” төслийн талаар ярилцсан юм.
Эл төслийн хүрээнд 2011 онд яам хоорондын хамтын ажиллагааны тохиролцооны дагуу 2012 онд туршилтын тариалалт, 2013 оноос рапс, төмс тариалах зорилгоор Төв аймгийн Угтаал цайдам дахь “Агрокомплекс” компани болон Сэлэнгэ аймгийн Хушаат дахь “Элийт сийд” компанид амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тиймээс ч Европын холбоон дахь манай улсын гол түнш ХБНГУ-ын “Монгол-Германы хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” төслийн 2 дахь шатыг Монгол Улсад сүүний чиглэлийн үхрийн загвар аж ахуй байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх, цаашид хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн малчдын хоршоог дэмжих чиглэлээр тус улсын хоршооллын холбоотой хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг дэмжихийг салбарын сайд хүссэн.
Ноён Элчин сайд ирэх сард Берлин хотноо болох олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд болон бусад албаны хүмүүстэй уулзуулах албан ёсны уулзалт зохион байгуулж өгөхөөр боллоо.