Ч.Нарангэрэл: Хяналтын байгууллага иргэдийг зөв мэдээллээр хангах нь чухал
Технологийн дээд сургуулийн Технологийн дээд сургууль, сургалт хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Нарангэрэлтэй ярилцлаа.
Монгол улсад мөрдөгдөж буй хүнсний нэмэлтийн стандарт болон үүний талаарх хэрэглэгчийн мэдлэг хэр байна вэ ?
Монгол улс хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа ихэнх хүнсний нэмэлтээ импортоор оруулдаг. Стандартын хувьд 182 хуудас бүхий MNS CAC 192 2007-г мөрддөг. Үүнд ямар бүтээгдэхүүнд хэдий хэмжээний тунгаар найрлаганд орох ёстойг заачихсан байдаг.
Харин хойд хөршийн хувьд стандарт дээр нэмээд Е код бүрт нь хүний биед хэрхэн нөлөөлөх байдлаар нь биччихсэн байдаг тул түүнийг хэрэглэгчид мэдсэнээр өөрийн биед харш өгөхгүй хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэнэ. Үүнийг бид эх орондоо жишиг болгон хэрэгжүүлж болно.
Манай хүнсний зах зээлийн 70 орчим хувь нь импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс үүдээд хүнсний аюулгүй байдлын тухай асуудал яригддаг. Тэгвэл аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ ?
Хамгийн чухал нь стандартыг мөрдөх. Жишээ нь мах махан бүтээгдэхүүний өнгө амтыг сайжруулдаг нитрит гэдэг нэмэлтийг маш бага тунгаар хэрэглэдэг. Тэгэхийн тулд нарийвчлал сайтай жинтэй байх хэрэгтэй. Үүнийгээ дагаад үйлдвэрлэлд маш нарийн бүртгэл хөтлөж өдөрт хэдий хэмжээний нитрит хэрэглэж байгааг хянах нь чухал.
Хамгийн чухал нь стандартыг мөрдөх.
Түүнчлэн хэрэглэгчдийн хувьд өөрсдөө хэрэглэж байгаа бүтээгдэхүүний талаар мэдэх мэдлэг нь тодорхой хэмжээнд байх нь зөв. Төрийн зүгээс ч гэсэн ард, иргэдийнхээ эрүүл энхийн төлөө мэдэх шаардлагатай хүнсний нэмэлтийн мэдээллийг гарын авлага болгон тарааж, суртал ухуулга хийх зэргээр түгээж байж хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж чадна.
Хэрэглэгчийн хувьд хүнсний нэмэлтийг яг юу гэж ойлгох хэрэгтэй вэ ?
Хамгийн түрүүнд хүнсний нэмэлтгүйгээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Хүн болгон экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй.
Тэгэхээр хэрэглэгч өөрөө мэдээлэл сайтай байж өөрийн биед тохирсон хүнсний нэмэлттэй хүнсийг хэрэглэх нь зохимжтой. Харин тэдгээр хүмүүсийг зөв мэдээллээр хангах үүргийг Хяналтын байгууллагууд, ТББ, үйлдвэрлэгч нар хамтраад гүйцэтгэдэг.
Ер нь монголд хэрэгжиж байгаа хүнсний тухай хууль, дүрэм, журам хүнсний нэмэлтийн стандарт зэрэг нь хүн амыг эрүүл хүнс хэрэглэхэд нь бүрэн хангаж чадаж байгаа болов уу ?
Яг бүрэн хянана гэдэг боломжгүй. Хүнс чинь өмсөж зүүдэг гутал, хувцас биш учраас шууд хэрэглэсэн тохиолдолд муу хүнс бол хоёр цагийн дараа гэхэд л хордлого өгж болно. Тиймээс үүнийг яг нарийвчлалтай хянах боломж байхгүй. Бүхэл бүтэн БНХАУ хүнсний зах зээлдээ хяналт тавьж чаддагүй.
Маш олон жижиг үйлдвэрлэгч нар зах зээлд өрсөлдөж байгаа учраас аяндаа зах зээлийн шахалтаар үйл ажиллагаа нь зогсдог. Харин бидний хувьд зах зээл жижиг учраас бүрэн хянадаггүйн гэхэд тодорхой хэмжээнд бол хянаж болно.
Монголд ер нь энэ чиглэлийн боловсон хүчин хэр хүртээмжтэй байгаа вэ ?
Харин бидний хувьд зах зээл жижиг учраас бүрэн хянадаггүйн гэхэд тодорхой хэмжээнд бол хянаж болно.
Ерөнхийдөө гайгүй. Зарим томоохон үйлдвэрүүд өөрсдийн гэсэн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн лабораторуудтай байна. Боловсон хүчний хувьд гадаад болон дотоодод сурсан хүмүүс ажиллаж байна. Ер нь нэг үеэ бодвол салбарын мэргэжилтнүүд сайжирсан.
Хэрэглэгч бол маш эмзэг хүмүүс. Нэг л буруу мэдээлэл сонсчихвол түүнээс болж нилээд олон сөрөг зүйлүүд гардаг. Хэрэглэгчдэд хандаад хэлвэл юу гэх вэ ?
Хэдий улс маань хөгжил сайтай биш ч мэдээлэл хүлээн авахдаа маш сайн сонсож, хүлээн авдаг болчихсон. Ер нь анхнаасаа Е кодын талаар ташаа мэдээлэл их тарсан. Гэтэл үүнээс болж хэрэглэгч Е гэсэн тэмдэгтэй хүнс болгон муу гэх ойлголтыг авлаа.
Харин хэрэглэгчээс хүнсний нэмэлтийн талаар асуувал тэр болгон нарийн зүйлийг мэддэггүй. Тиймээс хэрэглэгч өөрөө мэдлэгтэй байх нь чухал. Харин хэрэглэгчийг мэдлэг болон мэдээллээр хангах нь мэргэжлийн хүмүүс болон үйлдвэрлэгчдийн үүрэг.