Гуантанамогийн шоронд бичсэн тэмдэглэл
Дараагийн долоо хоногт зургаан жил хориотой гар бичмэлийн жагсаалтад байсан Гуантанамогийн шоронгийн хоригдлын өдрийн тэмдэглэл ном болон хэвлэгдэх нь. Тус номонд АНУ-ын сэжигтэн шилжүүлэх, эрүүдэн шүүх хөтөлбөрийн талаар таагүй баримтуудыг бичжээ.
“Гуантанамогийн тэмдэглэл” бол суллагдаагүй байгаа хоригдол хүний хэвлүүлсэн анхны ном болно. Энэ номыг 20 оронд хэвлэнэ. Харин Guardian сонин хэсэгчлэн нийтэлж байгаа ажээ. Үүний зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрт зохиогчийг суллах уриалга гарч байна.
Мохамеду ульд Слахи (Mohamedou Ould Slahi) номондоо 13 жилийн өмнөөс эхэлсэн эрүү шүүлт, доромжлол дүүрэн амьдралынхаа талаар бичжээ. Түүний гашуун амьдрал төрсөн орон Мавританд эхэлж, Иордан, Афганистанд үргэлжилж, Слахи 2002 онд Куб дахь Америкийн Гуантанамогийн шоронд 760 номертой хоригдол болж иржээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Слахиг албан ёсоор яллаагүй бөгөөд 2010 онд шүүхээс түүнийг суллах тушаал гарсан ч ойрын үед шоронгоос гарахгүй хэмээн Guardian сонинд ярьсан байна.
Мохамеду ульд Слахи
Слахи англи хэлээр бичсэн өдрийн тэмдэглэлдээ түүнийг унтуулдаггүй, алахыг заналхийлдэг, бэлгийн дарамтанд байдаг байсан тухай бичжээ. Түүнчлэн ээжийг нь барьцаална гэж сүрдүүлдэг тухай ч санаа цухуйж байна.
Түүнээс гадна Слахийн нүдийг боон шорвог ус уулгаж, дараа нь мөсөн дээр суулгаж гурван цагийн турш зоддог байсан тухай бичжээ.
Эцэст нь тэр худал мэдүүлэг өгөхөөс өөр аргагүй болжээ. Тухайлбал тэр байцаагчид Торонто хот дахь Си-Эн Тауэр цамхгийг дэлбэлэхийг завдсан гэж худал мэдүүлжээ. Түүнээс үнэн ярьсан эсэхийг асуухад : “Та нар сэтгэл хангалуун байвал надад хамаа алга” гэж Слахи хариулжээ.
Гар бичмэлийн эхийг хэвлэлтэд бэлтгэхээс өмнө нууцын зэрэглэлтэй мэдээллийг шалгах нэрийдлээр 2500 удаа цензурджээ. Гэвч үнэндээ энэ түүхийг уншигчдад хүргэхгүй байхыг оролдож байв. Тус ном хэрхэн шалгалтаар орсон тэмдэглэлтэйгээ хамт хэвлэгдэнэ. Харин Англи, Америкийн хэвлэлийн компаниуд Слахи суллагдсаны дараа цензургүй хэвлэнэ гэж найдаж байна.
Америкийн нэгэн холбооны шүүх Слахийн эсрэг мэдүүлгүүд нь эрүү шүүлтийн замаар авсан үндэслэлгүй хэмээн түүнийг суллах шийдвэр гаргасан. Гэвч Хууль зүйн яам Слахийн хэргийг зориудаар будлиантуулсаар иржээ. 2012 оны 12 дугаар сараас хойш суллагдах, суллагдахгүйн хооронд байсаар байна. Америкийн зарим нэг эрх бүхий хүмүүс суллахгүй болов уу гэсэн санаа цухуйлгасан.
Эрүү шүүлтийн үеэр Слахи бараг дэмийрч чихэнд нь болор жингэнэх шиг дуу сонсогддог байж. “Миний чихэнд ээж аав маань Коран уншиж байгаа нь сонсогддог байлаа. Шоронгийн хуягууд заримдаа миний дэмийрлийг ашиглаж ус дамжуулах хоолойн нөгөө талаас элдвийн зүйл асууж хамгаалагч руу дайрч шоронгоос орго гэж ятгадаг болов. Гэвч би тэдэнд хууртаагүй”.
Иргэний эрх чөлөөний төлөөх Америкийн холбоо Слахийг суллахыг шаардсан гарын үсгийг интернетээр дамжуулан цуглуулж эхэлжээ. Төслийн удирдагч Хина Шамси (Hina Shamsi): “Слахи бол ямар ч буруугүй хүн. Гэтэл АНУ түүнийг 10 гаруй жил шоронд хорьж байна. Тэр хэзээ ч Америкийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцож байгаагүй” гэж хэлэв.
Эдүгээ 44 настай Слахи 1990-иэд онд Афганистанд хоёр удаа ирсэн бөгөөд нэгэн үе “Аль-Кайда”-гийн гишүүн болж ЗХУ-ын талд Кабулын эрх баригчидтай тэмцэж явжээ. Гэхдээ 1992 онд Аль-Кайдагаас холбоогоо бүр мөсөн тасалжээ.
Гуантанамо дахь эрүү шүүлт
Гэвч Дэлхийн худалдааны ихэр цамхгийг дэлбэлсний дараа Канадад амьдарч байсан Слахийг Лос-Анджелосын олон улсын нисэх онгоцны буудлыг дэлбэлэхийг оролдсон хэмээн баривчилжээ. Гэхдээ түүний эсрэг ямар ч нотолгоо олдоогүй байна. 2004 онд Америкийн цэргийн прокурор түүний мэдүүлэг эрүү шүүлтийн үр дүн хэмээн хэргийн мөрдөлтөд оролцохоос татгалзжээ.
Слахийн өмгөөлөгч Нэнси Холландер (Nancy Hollander): “Тэр ямар ч буруугүй. АНУ түүнд албан ёсоор ямар ч ял тулгаагүй. Миний бодлоор тэр хууль зүйн аймшигтай занганд орчихоод байна. Энэ бол тун эмгэнэлтэй түүх. Түүнийг гэр лүү нь явуулах хэрэгтэй” гэж хэлжээ.
Слахийн номыг хэвлүүлж буй жейми Бинг (Jamie Byng) номынхаа ачаар тэр удахгүй суллагдана хэмээн найдаж байна.
Слахийн дурсамж ном Америкийн Сенат Тагнуулын төв албаны эрүү шүүлтийн хэргийг шалгасны дараахан хэвлэгдэж байна. Барак Обама Гуантанамог хаахыг амласан ч Бүгд найрамдах намынхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн ч Обама 2015 онд хоригдлын тоог багасгахаа мэдэгдсэн. Нэгдүгээр сарын эхээр л гэхэд Эстони, Оманы таван хоригдол эх орондоо буцсан. Одоогоор Гуантанамод 122 хоригдол байна.