Зэрлэг капитализм ба Францын хоёр нүүр
Парист болсон алан хядлага бол Францын эрх баригчдын өөдөө хаяад өөрсдийнх нь толгой дээр унасан чулуу гэж үзэх хүмүүс олон байна. Тэдний нэг болох Ботсваны улсын нэгдсэн эмнэлгийн эмч, Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн багшийн нийтлэлийг уншигч таньд хүргэж байна.
Францын түүх, гадаад улс төрийн бодлогыг гадарладаг хүмүүсийн хувьд өнөөгийн Франц улс эрх чөлөө, шударга ёсны өлгий нутаг, лалын хэт үзэлтнүүдийн бай болсон энхийн цагаан тагтаа болон харагдахыг хичээж буйд гайхах байлгүй. Франц улс өнгөрсөн зуунд хуучин колони байсан улсууддаа чухам юу хийж байсан тухай хангалттай баримт бий. Гүүгл рүү ороод Мали, Кот д’Ивуар, Камерун, Габон зэрэг улсын нэрийг бичээд хайхад олон зүйлийг ойлгоно. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Францын колонийн улсуудтайгаа харилцаж байсан системийг Françafrique гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл Францын газрын тосны их нөөцтэй орнуудтай харилцдаг систем гэсэн үг. Энэхүү системийн ачаар Франц баян, хөгжингүй орон болсон. Харин олон арван сая африкчууд ядуугийн туйлд хүрч, дарангуйлагчид, алуурчид, хүн наймаалагчдын дарлал дор тарчилж байна. Алуурчид хуучин колонийн гүрнүүдийн бий болгосон тоглоомын Засгийн газрын нэрийн өмнөөс ажиллах тохиолдол цөөнгүй.
Жишээ болгоод Африк дахь Габон улсыг аваад үзье. Энэ орон газрын тосоор баян, Атлантын далайн эргээр оршдог. Франц улс газрын тосны гол эх булаг болсон Алжирыг хянаж чадахаа байсан 1960 онд Габон улс тусгаар тогтнолоо зарласан. Францын эдийн засагт эрчим хүчний нөөц хэрэгтэй байсан учраас Франц улс ардчилсан нийгэм гэдгийг мэдэхгүй Габоны анхны ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн талын хүн Леона Мбаг (Léon M’ba) сонгуулахад бүгдийг хийсэн. Мба ерөнхийлөгч болонгуутаа сөрөг хүчний сонинуудыг хааж, өрсөлдөгчдөө мөрдөн мөшгөж, өөрийн намаас бусад намыг хориглосон. Тэрээр Францын эрх баригчидтай гэрээ байгуулж Габонд ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх эрхийг олгожээ. Үүнийхээ төлөө багагүй шан хүртсэн. Габоны дараагийн ерөнхийлөгч Омар Бонго (Omar Bongo) 42 жил ерөнхийлөгч байхдаа Францын бүх ерөнхийлөгчидтэй найз байхыг хичээж байв. Үр дүнд нь тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болж Франц руу газрын тос цутгадаг байв. Харин Габоны ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэв. Эсэргүүцэн жагссан хүмүүсийг «Де Голль» цэргийн баазын франц цэргүүд хөөн тараадаг байлаа. Өнөөгийн ерөнхийлөгч, Омар Бонгогийн хүү Али Бонго (Ali Bongo Ondimba) ард түмнээ дарласан хэвээр байна.
Хэдийгээр Габон улс ДНБ-ээр Африкт гуравт ордог ч 1,5 сая Габончууд туйлын ядуу амьдарч байна. Хүний хөгжлийн индексээр дэлхийд 112-т ордог. Францын нутаг дэвсгэр Габоноос хоёр дахин, хүн ам нь 45 дахин их ч ашигт малтмалын нөөц нь хавьгүй бага.
Түүнчлэн Францын цэргүүд Алжирын энгийн иргэдийг хороож байсныг түүх мэднэ.
20-иодхон жилийн өмнө Фукуямагийн түүхийн төгсгөлийн тухай санааг баярлан хүлээн авч байсан барууны улсууд Лалын террорын гэнэтийн давалгааны өмнө балмагдаж хоцров. Яагаад лалын хэт үзэлтнүүд эрх чөлөө, тэгш эрх, ах дүүгийн ёсноос аллага хядлагыг илүүд үзнэ вэ? Хэрэв энэ нь соёл иргэншлийн дайн юм бол лалын хэт үзэлтнүүдийн либераль ардчилалтай хийж буй дайн биш, харин зэрлэг капитализмтай хийж буй дайн юм. Зэрлэг капитализм түүхэндээ “Аль-Кайда”, “Исламын улсаас” ч илүү цус урсгасан.