Яагаад Монголын хууль гурав хоногийн настай байдаг вэ?
Монголчууд олон дадал зуршил орчин үеийн нийгмийн хөгжлийн хэв загвартай зөрчилддөг.
2015.01.07

Яагаад Монголын хууль гурав хоногийн настай байдаг вэ?

Ардчилал, даяарчлалын үйл явц монголчуудын амьдралд гүнзгий өөрчлөлт оруулснаар  монгол хүн өөрөө, түүний үнэт зүйлс, зан төлөв,  итгэл үнэмшил өөрчлөгдөж байна.  Тэгэхээр бид хэн байсан, хэн байгаа, хэн байх ёстой гэдэг чухал асуултууд гарч байна.  Юуны түрүүнд бид юун дээр алдаж байгаагаа, түүнийгээ хэрхэн засах, орчин үеийн нийгмийн хөгжлийн хэв загвараас юу нь бидэнд хэрэгтэй, юун нь хэрэггүй гэдэгт  анхаарах ёстой юм. Уншигч та бүхэндээ Орос, Монголын монгол судлаач эрдэмтдийн "Өрнө, Дорнын дундах Монгол орон" номд орсон өгүүллийн хэсгээс хүргэж байна.

Монголчууд эртнээс хууль эрх зүйн хэм хэмжээ гэхээсээ илүүтэй ёс жаяг, дадал зуршлаа дагаж ирсэн. Монгол хүний эрхэмлэдэг үнэт зүйлс нь Европын рационализмд үндэслэсэн хувь хүний эрхийг тунхагладаг субъективист үзэл санаатай нийцдэггүй.

Монголчууд байгалиасаа биеэ даах, дураараа шийдвэр гаргах оюун ухаан, сэтгэлгээний хэв маягтай учраас нийгмийн өмнө хүлээх хувийн, хамтын, хамт олны хариуцлагаа ухамсарлах мэдрэмж тун муу хөгжжээ. 

Хууль дүрмийг судалж амьдралдаа хэрэглээ болгох, дагаж мөрдөх нь ховор.  Үүнийг монголчуудын өдөр тутмын амьдралаас харж болно. Жолооч ч тэр, явган зорчигч ч тэр дүрэм зөрчинө, хувийн компани болон үйлчилгээний салбарын ажилтнууд, тэр байтугай төрийн түшээд нь хүртэл хуулиа зөрчинө.

Рационализм буюу зүй ёсны үзэл бодлын үүднээс харвал монгол хүн прагматик биш бөгөөд билэгдэлд илүү итгэдэг, гэхдээ оюуны өндөр чадамжтай.  Тиймээс “Монголын хууль гурван өдрийн настай” гэсэн үг гарчээ.  Нийгмийн харилцааг зохицуулах ямар нэгэн хууль гарахад биелэлт нь маш хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл маш богино хугацааны хэрэгжилттэй.

Зарим монголчууд сонин унших сонирхолгүй мөртөө хэрэв тэр сонин сугалаатай гэж мэдэх юм бол тэр дор нь худалдаж авах жишээтэй.  Харин рационал сэтгэлгээтэй хүн ийм мэхэнд хэзээ ч орохгүй бөгөөд түүний хувьд сонин бол мэдээлэл нийлүүлэгч, харин сугалаа бол эрсдэл гэдэг нь тодорхой.  Монголчууд бидний хувьд ийм гэнэн сэтгэлгээ нь  олны тархийг угаах, шууд болон шууд бус аргаар бидний ухамсар, мэдрэмжид нөлөөлж материаллаг сонирхлоо хангах гэсэн зальжин хүмүүст  өгөөш болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Өөр нэгэн жишээ дурьдахад Монголд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон Ашигт малтмалын тухай хууль богино хугацаанд нэг бус удаа өөрчлөгдсөн.  Энэ нь тус салбарын тогтвортой ажиллагааг нураасан. Монголчуудын энэ байдал нь гадныхны шүүмжлэлд байнга өртдөг. 

Монголчуудад хуулийг хэрэглэх, ашиглах дадал зуршил төлөвшөөгүй.

Зэрлэг шахуу нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай холбоотойгоор монголчууд ажилд яарна гэж байхгүй. Тиймээс удаан, аж ахуйн хэрэгт хайнга ханддаг, бүх юм болно, бэлэн гэж боддог. Энэ бол монгол хүний том дутагдал. Үнэндээ ирээдүйд хийх том хөрөнгө оруулалт, төслийн тухай бодож байгаа хүн ховор.

Монгол хүн гэр бүл, үр хүүхэд, хамаатан садантайгаа ойр байж тэднийгээ үргэлж халамжилдаг. Гэхдээ энэ зарчим нэгэн байгууллагын дотор хэрэгждэггүй.  Олонхи нь компаний ашиг тус бус хувийн соинрхлоо илүүд тавьдаг.  Олон зуун жил мал маллаж уудам талд нэг нэгнээсээ үл хамааран амьдарч ирсэн монголчуудын хамт олны сэтгэлгээ тааруухан. 

Социализмын үед эрх баригчид монголчуудыг хамтач чанарт сургах гэж нэлээд зүтгэсэн ч үр дүн төдийлөн гараагүй.  Төлөвшиж амжаагүй байтал социализм алга болсон.  Эдүгээ хэрэв өөрийнх нь компани биш бол байгууллагадаа бүх хүчээ өгч ажилладаг монгол тун ховор.  Тэр байтугай хамаатан, найз нөхдийнхөө компанид ажиллаж байсан ч хангалттай зүтгэл гаргадаггүй. 

Монголчууд “Танилтай хүн талын чинээ” гэж ярих дуртай. Үүнийг зочломтгой зан, бие биздээ тусч байх чанар гэж ойлгоно. Гэхдээ энэ үгэнд өөр нэгэн агуулга бий.  Цөөн хүн амтай учраас нэг хүн олон хүнтэй танил байдаг.  Энэ нь нэг ёсны танилын сүлжээ юм.  Олон танилтай байх нь нэг талаас сайн, нөгөө талаас муу үр дагаварт хүргэдэг.  Сөрөг үр дагавар гэвэл “танилтай хүн талын чинээ” зарчим иргэний нийгэм хөгжиж буй нөхцөлд  тухайн хүн хувийн үүрэг хариуцлагаа мартаж олны итгэлийг зөвхөн өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн сонирхолд ашигласнаар нийгэм дэх шударга ёс алдагддаг. Төрөл бүрийн авлигын хэрэг ч үүнээс үүдэлтэй. 

Монголчууд ажилд орохдоо, их сургуульд элсэхдээ, тендерт оролцохдоо, төрийн байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авахдаа,  тэр байтугай эмчид үзүүлэхдээ хуулийн хүрээнд ажиллахын оронд танил талаараа асуудлаа шийдэхийг хүсдэг.  Энэ нь хөндлөнгийн хүмүүсийн эрх ашгийг зөрчдөг. 

Олонхи монголчууд өөрийн эрхийг мэддэг ч ашигладаггүй. Яагаад гэвэл энэ нь амьдралын дадал зуршил болж хараахан амжаагүй бөгөөд хуучны юм амь бөхтэй үргэлжилж аливаад танил талын нөөцийг эрэлхийлж арын хаалгаар “орохыг” эрмэлздэг байна.