Хятадад санхүүгийн хямрал нүүрлэж магадгүй
Bank of China
2015.01.06

Хятадад санхүүгийн хямрал нүүрлэж магадгүй

Хятадын эрх баригчид зээлийн хүүг бууруулахгүйгээр ДНБ-ээ өсгөхийн тулд төрөл бүрийн аргыг хэрэглэж байна. Энэ нь үр дүнтэй арга биш хэдий ч дотоод зөрчил бүхий Хятадын эдийн засгийн хувьд ерөнхий тэнцлээ хадгалах боломжтой.

Дэлхийн хамгийн томуудад тооцогдох Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь улам бүр анзаарагдах болсон учраас эрх баригчид гараа хумхин суухыг хүсэхгүй байна. Гэхдээ зах зээлийн үл үзэгдэгч гарны хэрэгт хөндлөнгөөс оролцохдоо маш болгоомжтой байх хэрэгтэйг тэд мартаагүй бөгөөд эрс хөдөлгөөн хийлгүй мөнгөний зөөлөн бодлого явуулж байна. 

Хятадын дотоод эдийн засаг дахь зээлийн асуудал хүнд хэвээр байна.  2014 оны сүүлийн 10 сарын дотор зээл олголтын хэмжээ 1,27 их наяд юаниар буюу 207 тэрбум доллараар буурчээ. Түүнчлэн шинжээчид асуудлын гол нь зээл олноор авсан орон нутгийн захиргаадад байгаа гэдгийг нэг бус удаа сануулсан. Дээрээс нь сүүлийн зургаан жил бараг хоёр дахин өссөн төрийн өр.  Өрийн хэмжээ өнгөрсөн оны 10 дугаар сар гэхэд 23 их наяд долларт хүрчээ. Харин АНУ-ын төрийн өр 17,6 их наяд доллар. 

Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хөдөлгүүр нь үл хөдлөх хөрөнгийн салбар байв. Үүний ачаар барилга, ган болон шил, ахуйн электрон барааны үйлдвэрлэл тэлсэн.  Дээрх салбар орон нутгийн удирдлагууд, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид болон янз бүрийн компаниас авсан санхүүжилтад үндэслэж байсан учраас маш их хэмжээний өрийн хуримтлал үүссэн байна. Үр дүнд нь Хятадын орон сууцны зах зээл дэх үнийн хөөс хагарч санхүүгийн хямрал нүүрлэх аюултай.  Түүнээс гадна Хятадын бүс нутгууд эдийн засгийн хөгжлөөр тэгш бус, нэг хүнд ногдох орлого маш бага, авлига ихтэй, экологийн нөхцөл тун хүнд.

Ийм нөхцөлд Америкийн болон Европын төв банк зэрэг дэлхийн томоохон банкууд эдийн засагтаа хувьцааг зах зээлийн үнээр түргэн зарах ажиллагаанд орсон ч Хятадын эрх баригчид энэ алхмыг хийхээс болгоомжилж байна.  Хятадын төв банк зээлийн хүүг оролдохгүйгээр тэнцвэрийг хадгалахыг хичээж байна.  2014 онд Хятадууд хэд хэдэн арга хэмжээ авсан ч зээлийн эрдслийг бууруулах бодит үр дүнд хүрсэнгүй. Гэсэн ч зээлийн хүүг 5,35 хувь хүртэл бууруулжээ.    

Хүү бууруулсан ч нөхцөл байдлыг засч чадсангүй. Financial Times-ийн мэдээлж буйгаар зээлийн хүүг бууруулсны дараахан Хятадын банкууд хадгаламжийн хүүг ч бас бууруулжээ. Тиймээс томоохон банкууд хүмүүсийн хадгаламж бөөнөөрөө гадагшлахаас сэргийлж хадгаламжийн хүүг нэмэхээс өөр аргагүй болжээ.  Industrial and Commercial Bank of China, China Construction Bank болон Bank of China зэрэг банкууд хадгаламжийн хүүг 20% хүртэл өсгөжээ. 

Үүний зэрэгцээ эрх баригчид тэмцлээ үргэлжлүүлж 2014 онд нийт 10  их наяд юань буюу 1,62 их наяд долларын зээл олгоно гэсэн зорилт тавьжээ.  10 сарын дотор 8,23 их наяд юаний зээл олгов. Харин 11 дүгээр сар гэхэд шинээр олгосон зээлийн хэмжээ 56%-д хүрчээ.  Хятадын банкуудаас олгосон зээлийн хэмжээ Хятадын ардын банкны нийт мөнгөний нөөцийн 75 хувиас хэтэрч байгаа аж. 

Хамгийн сүүлийн үеийн прогнозоор Хятадын эдийн засгийн өсөлт 2015 онд 7,4%-иас 7,1% болтол буурна гэж гарчээ.  Хэрвээ нэмэлт арга хэмжээ аваагүй бол бүр ч муу дүн гарах байв.

Хятадын мөнгөний бодлогод ил тод байдал, үр дүн төдий л ажиглагдахгүй байгаа гэж Хятадын шинжээчид үзэж байна.  Экспертүүдийн үзэж буйгаар Bank of China өөрийн үйлдлээ Төрийн зөвлөлтэй зөвшилцөх хэрэгтэй гэж үзэж байна.

Олон шинжээчид Хятадын эдийн засаг хэтэрхий нүсэр учраас багахан ч гэсэн хурд авахын тулд тодорхой хугацаа хэрэгтэй гэж үзэж байна. 

Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хөдөлгүүр нь үл хөдлөх хөрөнгийн салбар байв.

Хятад дахь өнөөгийн санхүүгийн зах зээл банкуудын хувьд маш хатуу тогтолцоотой бөгөөд бага болон дунд хэмжээний санхүүгийн  байгууллагууд ажиллах бараг боломжгүй. Тиймээс хүн амын дундах мөнгөний эрэлтийг өсгөхийн тулд багахан хэмжээний банкуудыг дэмжихэд илүүдэхгүй гэсэн саналууд ч гарч байна. 

Хэдийгээр санхүүгийн зах зээл асуудалтай байгаа ч Хятад орон Си Цзиньпины санаачилсан өөрчлөлтийн замаар явж байна. Өөрөөр хэлбэл экспортоос дотоод хэрэглээнд,  аж үйлдвэр дэх том хөрөнгө оруулалтаас инноваци, бүтээмж рүү шилжих зорилготой.  Түүнчлэн монополийн нөлөөг багасгаж өрсөлдөөнийг дэмжих ажил бий.  Өөрчлөлтийн үр дүн зөвхөн хэдэн жилийн дараа л харагдана. Одоохондоо өрийн ачааллыг багасгаж, инновацийн хөгжлийг дэмжих нь чухал.