Дэлхийн улс төр 2015 онд
2015 оны дэлхийн улс төрийн амьдралын үндсэн чиг хандлагын талаар ...
2015.01.05

Дэлхийн улс төр 2015 онд

2015 онд Украйны хямрал Орос болон Барууны орнуудын харилцааны гол өргөс байх болно.  Москва, Бээжин хоёрын нөхөрлөл улам гүнзгийрч ОХУ юанийн зээл авахыг ч үгүйсгэхгүй. Исламын улсын “танхай” этгээдүүдийг дарна гэдэг тун эргэлзээтэй.  Оросын улс төр судлаачид 2015 онд Дэлхийн улс төрийн амьдрал хэрхэн өрнөх тухай ийн ярьж байна.

***

Барууны орнууд Хүйтэн дайны төгсгөлийг хүсээгүйгээс болж 20-иод жилийн турш үндэс суурь нь тавигдсан Украйны хямрал намжих найдлага маш бага. Нэгдүгээрт Украйн улс өөрөө хүнд нөхцөлд орсон, хоёрдугаарт Орос, Америк, Европын аль нь ч санасандаа хүрээгүй.  Гэхдээ хямрал цаашдаа үүнээс илүү гүнзгийрэхгүй. Мэдээж Барууныхан Киевт зэвсэг нийлүүлээд эхлэхгүй бол.  Энэ онд талууд зөрчилдөөн, маргалдаан юунд ч хүргэхгүй гэдгийг ойлгоно гэж найдаж байна.  Учир нь нэг нэгэндээ буулт хийхээс өөрөөр хэнийх нь ч санаа бүтэхгүй.

2015 он түгшүүртэй, хөдөлгөөнтэй байна. Гэхдээ олон хүмүүст айдас төрүүлээд байгаа том дайн болохгүй. Яагаад гэвэл хүн төрөлхтөнд цөмийн зэвсэг бий.  Соёл иргэншлийн мөргөлдөөний хэлбэртэй болсон Ойрхи Дорнодын тогтворгүй байдал улам гаарна.

АНУ Афганистанаас цэргээ гаргаснаар Оросын хувьд өмнө зүгийн аюул бий болно. 

Түүнчлэн Хятадын хилийн бүсүүдэд байдал хурцдана. Бээжингийн хөршүүд түүнээс айдаг учраас үүнийг нь далимдуулж Вашингтон өөрийн нөлөөг тэлэхээс буцахгүй.  Мөн Хятад, Энэтхэгийн харилцаа шинэ түвшинд хүрч хилийн маргаанаа шийдэхийг үгүйсгэхгүй. 

***

Хятадын хувьд дотоод улс төрийн амьдралд зохицуулах асуудал олон бий.  Хятадын эдийн засаг тогтвортой өсч байна.  Үүнтэй зэрэгцээд улсыг хамарсан авлигын эсрэг кампанит ажил өрнөж шинэ эрх баригчид төрийн болоод намын аппаратыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Түүнээс гадна Хятадын эрх баригчид жинхэнэ эрх зүйт төрийг бий болгох том амбиц өвөрлөж байгаа.  Үүний тулд олон олон төрийн байгууллагын бүтцийг өөрчлөх хэрэгтэй. 

2015 онд Хятад улс Тайваны салан тусгаарлах хөдөлгөөн,  Хонконгийн эсэргүүцэл гэсэн хоёр таагүй зүйлтэй тулгарна. Тайваны асуудлаас болж Бээжин, Тайбэгийн хоорондох худалдааны чухал хэлэлцээр тасалдсан. Энэ нь Тайванийг эх газартай нэгтгэх “нэг улс хоёр тогтолцоо” нэртэй Хятадын үзэл санаанд хүнд цохилт болсон. Энэ онд Бээжингийн эрх баригчид стратегиа өөрчлөхөөс өөр аргагүй. 

***

Исламын бүлэглэлийн тухайд гэвэл байдал хүнд. Нэг ч  улс гүрэн тэднийг яах тухай тодорхой зорилтгүй. Исламын дайчид Мосулыг эзэлж, Иракийн цэргүүдийг хөөж гаргахад тэдэнд ялагдлаа гэж бодсон. Гэвч Багдадыг алдаагүй.

Удахгүй Америкийн дэмжлэгтэй Иракийн арми, пешмергийн отряд, Курдын дайчид,  холбоотны нисэх хүчин хамтарсан Исламын бүлэглэлийн эсрэг хаврын дайралт эхэлнэ. Шинээр бүрдүүлсэн Иракийн арми хэр үр дүнтэй ажиллахыг хэлж мэдэхгүй. Учир нь суннитууд, шийтүүд мөр зэрэгцэн тулалдах хэрэг гарна.

Ойрхи Дорнодод хүчирхэг армитай Иран, Турк,  Израйль гэсэн гурван улс байгаа ч аль нь ч улс төрийн шалтгаанаас болоод цэргээ Ирак, Сирид илгээгээгүй. Хэрэв ядаж нэг нь цэргээ оруулсан бол Исламын хэт даврагсадаас амархан салах байлаа. 

Харин Америкчууд Лалын хэт даврагчдыг Саудын Араб, Иорданд оруулахгүй байхад л санаа тавих болно.  Тэднийг бүрэн дарахын тулд хуурай замын цэрэг хэрэгтэй.  Гэхдээ Америк тэргүүтэй барууны орнуудын аль нь ч цэргээ илгээхгүй. Яагаад гэвэл олон нийт үүний эсрэг. 

Байдлаас харахад 2015 онд энэхүү дайнд сүйдтэй өөрчлөлт орохгүй. Исламын бүлэглэл эзэлсэн газар дээрээ үлдэнэ.  Тэднийг агаараас бөмбөгдөх нь үргэлжилнэ.  Хамгийн муу хувилбар гэвэл тэд хүчээ авч Арабын орнууд руу, тодруулбал суннитууд олноор амьдардаг Иордани, Саудын Араб руу нэвтэрвэл тэднийг баярлан угтах болно.  Хэрэв тэд газрын тосоор баян булангийн орнуудад хүрчихвэл эдийн засгийн хувьд хүчирхэгжинэ.  Мөн Иорданаар дамжаад Синайн хойгт оччихвол Египт, Израйль гэсэн хоёр дайсантайгаа тулгарна. Ялангуяа Египтийн шинэ ерөнхийлөгч маршал Ас-Сиси “Лалын ахан дүүсийг” хөөж гаргасан тэдний заналт дайсан. 

***

Орос, Европын харилцаа өөрчлөгдөх эсэх нь  Украйнаас шалтгаална. Гэхдээ хамгийн таатай нөхцөл бүрдсэн ч урьдын нөхөрлөл эргэж сэргэхгүй.  Түлхүүр чиглэлд хамтын ажиллагаа үргэлжилж, шинэ зөрчлүүд өмнөх хүйтэн дайнаас илүү гарахгүй гэж найдах л үлдсэн. 

2015 онд Европын холбооны хувьд Хөгшин Европод тогтвортой, аюулгүй байдлыг хадгалах, хөрш орнууддаа туслах гэсэн амаргүй ажилтай тулгарч байна. Тодруулбал Хамтын нөхөрлөлийн орнууд, Ойрхи Дорнод. Олон улсын терроризм, олноор устгах зэвсэг, Исламизм гээд гадны аюул занал хаашаа ч алга болохгүй. Ойрхи Дорнодын байдал хэвээр үргэлжилвэл зөрчил шинэ шатанд шилжих боломжтой.

Түүнчлэн Европын орнуудад улам бүр өсөн нэмэгдэж буй үндсэрхэг үзлийг дарах, Европын холбооны өөдрөг ирээдүйн тухай иргэдэд итгүүлэх хэцүү ажил бий.