Америкчууд робот-акул туршив
Робот-акул GhostSwimmer
2014.12.25

Америкчууд робот-акул туршив

Америкчууд  GhostSwimmer нэртэй робот-акулыг туршлаа. АНУ-ын Далайн цэргийн хүчний хэвлэлийн албаны мэдээлснээр төрөл бүрийн нөхцөлд хийсэн туршилт амжилттай болжээ.

GhostSwimmer нь том хэмжээний загастай тун төстэй бөгөөд Boston Engineering компанийхан бүтээжээ. Тус робот нь 1,5 метр урттай бөгөөд 45 кг орчим жинтэй. 25 см-ээс 91 метр хүртэл гүнд шумбаж чадна.

Boston Engineering компаний топ менежер Майкл Руфогийн ярьснаар GhostSwimmer нь усанд яг л загас шиг явдаг бөгөөд сүүлний уян хөдөлгөөний ачаар ямар ч чимээ гаргахгүйгээр хөдөлж чаддаг. Роботод маш хүчирхэг аккумлятор суурилуулсны зэрэгцээ 152 м урттай кабелийн тусламжтай ноутбүкнээс удирдах боломжтой аж. Кабелиар дамжуулж роботын усан доороос олсон мэдээлэл, судалгааг тэр дор нь компьютер луу ачаалж авах боломжтой.

Акул роботыг төрөл бүрийн тагнуулын үйл ажиллагаа, түүний дотор хөлөг онгоцууд, усан доогуур явагч төхөөрөмжүүдийг судлахад ашиглах юм байна. Чухам хэзээ ашиглаж эхлэхийг хэлсэнгүй.

Өмнө нь Пентагоны сонирхлын шугамаар амьтдыг дуурайж хийсэн хэд хэдэн роботыг туршиж байв. Тухайлбал робот-өт, робот-шувуу, робот-нохой, робот-жоом зэргийг бүтээж байжээ.