Монгол- Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.
2015.01.21

Монгол- Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ХХАА-н сайд Р.Бурмаа Монгол Улсад суугаа Францын элчин сайд Ив Дэлүнэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа болон цаашид ямар чиглэлээр түлхүү хөгжүүлэх боломжтой талаар ярилцсан юм. 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хооронд хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны тухай долоон заалт бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Эл санамж бичгийн дагуу манай улсын сүү, махны хангамжийн тогтолцоог сайжруулахаар Францаас импортоор оруулж ирсэн мах, сүүний чиглэлийн үржлийн үхэр, ямааг Монголын цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулсан юм.

Түүнчлэн ХААИС-ийн оюутнуудыг тус улсад хөдөө аж ахуйн чиглэлээр сургасан бөгөөд энэ жилээс Монголд экспертүүдийг урьж, ажиллуулах нь илүү ач холбогдолтой юм байна гэж ноён Элчин сайд Ив Дэлүнэ хэлж байлаа.

Тэрээр ХХАА-н сайдыг Германы Берлин хотноо хөдөө аж ахуйн дээд хэмжээний уулзалтад оролцвол Хөдөө аж ахуйн сайдтайгаа уулзуулж, хоёр орны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна хэмээсэн.

Харин ХХАА-н сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Германы хөдөө аж ахуйн танхимын үйл ажиллагаатай танилцах, хувийн хэвшилтэй яаж хамтран ажилладаг талаарх мэдээлэл авах хүсэлтэйгээ ноён Элчин сайдад илэрхийллээ.