Арабын хойгт төрийн эргэлт гарлаа
Йемений ерөнхийлөгч төрийн эргэлт гарсан нэрийдлээр албан тушаалаасаа буув. Ингэснээр суннитууд удирдаж байсан энэ оронд эрх мэдлийн хоосон орон зай бий боллоо. Тэрхүү орон зайг шийтүүд дүүргэж магадгүй. Гэвч Йемений хүчирхэг хөрш Саудын Араб хамар доор нь шийтүүдийн улс бий болохыг зүгээр хараад суухгүй болов уу.
Улс төр судлаачид одоо Йеменийг хоёр дахь Афганистан гэх үү, эсвэл хоёр дахь Ирак, нэг бол хоёр дахь Сири гэж нэрлэх үү гэдэг дээр маргалдаж байна.
Хути нэртэй шийтийн босогчдын бүлэг нэлээд эртнээс Йемений суннитын засгийн газартай тэмцэлдэж ирсэн. Өнгөрсөн зун Засгийн газар түлшний хөнгөлөлтийг цуцалж бензин болон бусад нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд Хутичуудын тэмцэл улам хурц хэлбэрт шилжжээ. Тэд нийслэл Сана хотод нэвтэрч есдүгээр сарын 19 гэхэд ихэнх хэсгийг нь эзэлж авсан байна. Үүний дараа хэдэн сар чимээгүй байв. Харин шинэ оны дараахан босогчид, Засгийн газар хоёрын тулаан ширүүсэв. Босогчдыг Иран, Сири, Засгийн газрыг Саудын араб тэргүүтэй арабын суннит орнууд, түүнчлэн АНУ дэмжиж байв. Мөргөлдөөний уршгаар олон зуун энгийн иргэд амь эрсдэв. Хутичууд ерөнхийлөгчийн ордонг эзэлж 24 цагт бүсэлсний дараа ерөнхийлөгч Абд Мансура Хали бууж өглөө. Хутичууд хамгийн түрүүнд Йеменийг зургаан муж бүхий холбооны улс болгосон шинэ Үндсэн хуулийг цуцлахыг шаарджээ. Өөрөөр хэлбэл тэд улсыг хоёр хуваах санаатай байна.
Йемен улс Арабын хойгийн Өмнөд хэсэгт оршдог
Оронд нь тэд бүх төрийн байгууллагаас гарч, ерөнхийлөгчийн ордныг чөлөөлнө гэж амалжээ. Гэвч амалсандаа хүрсэнгүй.
Баасан гарагт Санад Йемений парламентын онцгой хуралдаан эхэлсэн бөгөөд төлөөлөгчид дунд хутичууд цөөнгүй бий. Энэ хурлаар ерөнхийлөгчийг албан ёсоор огцруулах эсэхийг шийднэ.
Абд Мансура Хали нь АНУ-ын Аль-Кайдагийг Йемен дэх бүлэглэлтэй тэмцэхэд чухал холбоотон байсан юм. Ийм нөхцөлд Вашингтон АНУ-ын хуулийн дагуу Йеменд жил бүр олгодог 232 сая долларын тусламжаа зогсоох ёстой. Гэхдээ сонирхолтой нь хутичууд Засгийн газраас гадна Америкийн дайсан Аль-Кайдатай байлддаг. Тэгэхээр тэд АНУ-ын шинэ холбоотон болж магадгүй юм.