Э.Энхбат: Авто замын засвар, арчлалтын сангийн хөрөнгийг нэмэх хуулийн зохицуулалт хэрэгтэй байна
Зам тээврийн яамны ахлах мэргэжилтэн Э.Энхбат
2015.02.01

Э.Энхбат: Авто замын засвар, арчлалтын сангийн хөрөнгийг нэмэх хуулийн зохицуулалт хэрэгтэй байна

Зам тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Энхбаттай 2015 онд авто замын салбарт хийгдэх бүтээн байгуулалт, уг салбарын эрх зүйн орчинд юу дутагдаж байгаа талаар ярилцлаа.

- Автозамын салбарт сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил болоод 2015 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярилцлагаа эхлэх үү?

Юуны өмнө авто замын салбарт баримталж буй бодлого, өнгөрөгч онуудад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар уншигч олонд мэдээлэл өгөх гэж байгаад талархал илэрхийлье.

Авто замын салбарын хөгжлийн бодлого, ойрын болоод дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд, түүнийг хэрэгжүүлэх бодлого чиглэлийг Монгол Улсын Их Хурал болоод Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдээр гаргуулж чадсан явдал нь бусад салбартай харьцуулбал харьцангуй хийж хэрэгжүүлэх ажил маань тодорхой байгаа гэж бид ойлгодог. Тухайлбал Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр” ийг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл хоттой, зарим аймгийн төвүүдийг ойролцоох хилийн боомтуудтай хатуу хучилттай авто замаар холбохоор шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2016 онд багтаан бүх аймгийн төвүүдийг Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор тусгагдсан байгаа юм.

Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, иргэд рүү чиглэлсэн бодит ажил болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарал тавьсны үр дүнд авто замчид маань өнгөрөгч 2013 онд 1824км, 2014 онд 841км авто замын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсний зэрэгцээ Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар зэрэг 6 аймгийг  Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадсан түүхэн бүтээн байгуулалтын жилүүд болж өнгөрлөө.

Тэгэхээр 2015 онд авто замын салбарт ямар бүтээн байгуулалтын ажил өрнөх вэ, улс орны эдийн засаг уналттай байна, үүнийгээ дагаад авто замын бүтээн байгуулалтын ажил зогсох нь гэх асуултыг авто замчид болоод иргэдийн зүгээс тавьж байна. Тус яам энэ жилийн хувьд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар өнгөрөгч онуудад эхлүүлсэн он дамжин хэрэгжих нийт 1100 гаруй км авто замын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Гэхдээ зарим ажлуудын хувьд нэмэлт хөрөнгийг шийдвэрлүүлэх, ингэснээр уг төслүүд амжилттай саадгүй хэрэгжих боломжтой болох учир асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн 2015 онд Завхан, Говь-Алтай чиглэлд авто замын бүтээн байгуулалтын ажлыг шинээр эхлүүлэхээр төлөвлөн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд асуудлыг тавиад байна.

2013 онд 1824км, 2014 онд 841км авто замын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Монгол улсын алслагдсан аймгууд буюу Ховд, Баян-Өлгий аймгуудыг дайран өнгөрөх босоо тэнхлэгийн авто замын чиглэлд 189 км авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар шинээр эхлүүлнэ. Энэхүү төслийн зорилго нь урд хойд хөршийг холбосон Азийн авто замын сүлжээнд холбогдох үндсэн нөхцөл бүрдэж, улс хоорондын ачаа тээврийг дамжин өнгөрүүлэх, үр өгөөжийг хүртэх, хөрш орнуудтай хийх худалдаа арилжаа нэмэгдэж, иргэдийн амь амжиргааг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Тус яам нь чиг үүрийгхээ дагуу олон улс болон улсын чанартай авто замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд дээр дурьдсан авто замуудын хувьд Нийслэл хотод хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг дурдаагүйг тодотгож хэлэх нь зүйтэй болов уу.

- Авто замын ажлыг гүйцэтгэхэд захиалагч, гүйцэтгэгч, хяналтын байгууллагын харилцааг ямар зарчимд суурилж зохицуулдаг вэ?

Ямарваа нэгэн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад гэрээ, гэрээний дагалдах хавсралт бичиг баримтын хүрээнд зохицуулалт явагдах учиртай. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шатанд үндсэн хоёр гэрээ хийгдэж байна. Нэгдүгээрт ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэгч, захиалагч, санхүүжүүлэгч талуудын оролцоог хангасан байдлаар, хоёрдугаарт зөвлөх үйлчилгээний гэрээг мөн адил оролцогч талуудын эрх үүргийг тусгаж гэрээг байгуулан хэрэгжүүлэн ажилладаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс шалтгаалан талуудын оролцоо харилцан өөр байх тохиолдол байж болно. Тухайлбал гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хувьд зээл олгогч тал зөвхөн санхүүжүүлэгчийн хувиар бус сонгон шалгаруулалтын шатнаас төслийг дуусах хүртэл тодорхой үүрэгтэйгээр оролцох тохиолдол ч бас байна.

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэгч нь гэрээний үнээр гэрээнд заасан хугацаанд техникийн шаардлагад заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэх гол үүргийг хүлээдэг бол захиалагчийн хувьд төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлэх, харилцааг зохицуулах, удирдлагын хяналт тавьдаг. Харин санхүүжүүлэгч нь төслийг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд гэрээнд заасан хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, саадгүй санхүүжүүлэх үүргийг хүлээн ажилладаг. Зам барилгын ажлын чанарын асуудлыг зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд шийдвэрлэдэг. Энэхүү гэрээний хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй этгээд, аж ахуйн нэгж нь барилгын ажлын явцад өдөр тутмын технологийн хяналтыг хийж, түүнийг хангуулан ажилладаг.

Хэрвээ талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг хэрхэн тооцох талаар гэрээнд тусгагдсан байдаг. Тухайлбал анхааруулга сануулга өгөх, хугацаатай үүрэг өгөх, санхүүгийн хариуцлага тооцох, гэрээг цуцлах гэх мэт.

- Замыг удаан барьдаг учраас барих явцад зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад анх төсөвлөсөн хөрөнгө хүрэхгүй байх тохиолдол бий. Үүнийг яаж зохицуулдаг вэ?

Зам барилгын ажлын үргэлжлэх хугацаа нь гэрээнд тусгагддаг. Төслийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, ажлын цар хүрээ, ажлын тоо хэмжээ, бүс нутгийн онцлог байдлаас шалтгаалан ажил гүйцэтгэх хугацааг он дамжин хэрэгжүүлэхээр гэрээ байгуулдаг тохиолдлууд байна.

Туршлагаас харахад он дамжин хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд гэрээнд заасан хугацаанд ажил нь дуусахгүй байх, хугацаа алдснаас гэрээт ажлын өртөг өсөх тохиолдолд зарим нэгэн төсөлд гарсан байгаа юм. Үүнд 2 үндсэн шалтгаан байна гэж харж байгаа. Нэгдүгээрт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатанд тендерт оролцогчийн техникийн болон санхүүгийн чадамжийг бодит байдлаар тодорхойлж чадаагүйгээс хэрэгжилтийн шатанд хүндрэл үүсэж хугацаа алдах, ингэснээр гэрээний хугацаа сунгагдах, эсхүл гэрээ цуцлагдснаас ажил зогсох байдал ажиглагддаг.

Хоёрдугаарт төслийн хэрэгжилтийн хугацаанд зам барилгын ажлын голлох түүхий эд, бараа, материалын үнэ огцом өсөх мөн урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд заасан үнэд багтаан ажлыг гүйцэтгэх боломжгүй байдал ч бас үүсэж байна. Нэгэнт шалгараад гарсан компанийг ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхийг яамны зүгээс шаарддаг боловч зарим нэг төлөвлөх боломжгүй шалтгаанаас болж ажил хойшлогдох, гэрээ цуцлагдах тохиолдол гарсан. Зөвхөн гүйцэтгэгчийг буруутгах нь өрөөсгөл, гэрээний талууд харилцан ойлголцож ажиллах нь юу юунаас чухал. Гэрээт ажил хугацаандаа дуусаагүй эсхүл нэмэлт хөрөнгө шаардагдах учир шалтгааныг талууд харилцан хэлэлцсэний үндсэн дээр гэрээний холбогдох заалтуудын хүрээнд шийдвэрлэдэг.

Энэ хүрээнд хэрэв гүйцэтгэгч нь буруутай гэж үзвэл санхүүгийн хариуцлага хүлээлгэх, гэрээг цуцлах, ажил эрхлэх эрхийг хязгаарлах зэргээр хариуцлага тооцогддог бол гүйцэтгэгчээс үл шалтгаалсан байдлаар хугацаа сунгагдах байдал үүсэх, бараа материалын үнэ урьдчилан тооцсоноос хэт өндөр өссөн энэ нь ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгож байгаа нь эрх бүхий байгууллагаар нотлогдсон тохиолдолд гэрээний хугацааг сунгах, нэмэлт хөрөнгийг бараа материалын өсөлттэй хувь тэнцүүлсэн байдлаар нөхөн олгох асуудлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэдэг.

- Авто замын салбарын эрх зүйн орчинд юу дутаж байна вэ?

1998 онд Авто замын тухай хуулийг Улсын Их Хурлаар соёрхон батлагдснаас хойш өдийг хүртэл 2 удаа түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан шинээр үүсээд буй харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Тиймээс Авто замын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Энэхүү шинэчилсэн найруулгын хүрээнд үндсэн 2 харилцааг хуульчлах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто зам, түүнтэй холбоотой үүсэх харилцааг, хоёрдугаарт авто замын засвар арчлалтын сан, сангийн бие даасан үйл ажиллагааг хангах, сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэгтэй холбоотой үүсэх харилцааг тус тус хуульчлан оруулахаар ажиллаж байна.

Цаашид авто замын салбарт тогтвортой хөрөнгө оруулалтын бодлогын тогтолцоог бий болгох явдал зайлшгүй яригдах учиртай гэж бодож байна. Учир нь өнгөрөгч жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд авто замын ажил эрхлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдийн бааз суурь багагүй бэхжиж, инженер техникийн ажилчид тогтвортой ажиллаж хөдөлмөрлөх бололцоо бий болсон. Энэ байдлыг цаашид хадгалах үүднээс жил жилийн хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар хуваарилан үр ашигтай хэмнэлттэй зарчимд тулгуурлан үндэсний аж ахуй нэгжийг дэмжих байдлаар ажлыг гүйцэтгүүлж байх нь зүйтэй байна.

Зам, тээврийн яам, Авто замчдын холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэл хамтран 3 талт хэлэлцээрийг 2 жилийн өмнө байгуулсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилчдыг хэрхэн тогтвортой ажиллуулах, тэдний нийгмийн асуудал, цалин хөлс зэрэг олон асуудлыг талууд хамтран шийдвэрлэж байхаар тусгаж ажиллаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэхээр мөн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар бодлого чиглэлээ тодорхойлох зорилгоор “Авто замын салбарын нийгмийн түншлэл” сэдвийн дор анхны зөвлөгөөнийг Үйлдвэрчний эвлэлийн санаачлагаар талууд амжилттай зохион байгууллаа.

Энэ зөвлөгөөний үеэр салбарт ажиллаж буй ажилчдын цалин хөлс бага байгааг шүүмжилсэн бөгөөд энэ нь төсвийн норм, үнэлгээнд ажиллах хүчний цалингийн зардлыг хэт бага суулгасан, үүнийг зах зээлийн зарчимтай уяалдуулан шинэчилж тооцдоггүй гэх шүүмжлэлийг хэлж байсан. Миний бодлоор энэ хүмүүсийн хэлж байгаагаас эхлэн хууль эрх зүйн орноо сайжруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй болов уу. Тиймээс бид төсвийн норм, үнэлгээг ч бас эргэн судалж зохих өөрчлөлтийг оруулах чиглэлээр ажиллах болно.