2015.01.29

Б.Энхтөр: Засаг хичнээн солигдсон ч тогтвортой байдаг бүтэц авто замын салбарт хэрэгтэй

Авто замчдын холбооны гишүүн, Хуучин авто замын газрын дарга асан Б.Энхтөртэй ярилцлаа.

- Авто замын салбар дахь төрийн бодлогыг та юу гэж харж байна вэ?

Авто замын салбар 85 жилийн настай. Үндэсний замын сүлжээний урт 49 000  км, үүнээс улсын чанартай нь 11 000 гаруй км. Эдэлгээ сайтай шинэ зам барих, барьсан замаа арчилж ашиглах менежментийг хийж зам хэрэглэгчиддээ аюулгүй, сайн замаар үйлчилэх нь төрийн гол үүрэг л дээ. Замыг хөгжүүлэхэд “Мянганы зам” хөтөлбөр, Монголын авто замыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2016 он хүртэл хэрэгжих “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр гээд хэд хэдэн хөтөлбөр бий. Гэхдээ миний бодлоор энэ бүхнийг хэрэгжүүлэхэд төрөөс хийж буй ажлууд нь хүссэн үр дүнд хүрэхгүй байна.

Гол шалтгаан нь бүтэц, зохион байгуулалтын тогтворгүй байдал. Авто замын асуудлыг хариуцах төрийн байгууллага байсхийгээд солигддог. Яаманд байснаа агентлаг болно, агентлаг байснаа төв болно, буцаад яамандаа орно гэх мэт. Яаман дотроо олон газар хэлтэс хувааж хариуцана. Өөрөөр хэлбэл бодлого нь байгаа ч хэрэгжүүлэх дээрээ цалгардаад байна.

Авто замын чанар муу, хугацаандаа ашиглалтад ордоггүй, үнэ нь бага, идэж ууж байна гэсэн маргаан олон гардаг нь бүтэц, зохион байгуулалт оновчгүй, тогтворгүй байдагтай шууд холбоотой. Чанар муутай зам баригдлаа гэхэд хариуцах эзэн олддоггүй бие биерүүгээ түлхчихдэг. Харин сайн зам баривал тууз хайчилах эзэн олон. Авто замын ажилд ЗТЯ-наас эхлээд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БХБ-ын яам, Банкууд түүнчлэн агентлаг төвүүд гээд олон субъект оролцдог. Нэг гэрээ байгуулах, санхүүжилт авахын тулд олон гарын үсэг цуглуулах хэрэгтэй болдог.

Сүүлийн жилүүдэд зам ихээр баригдаж улсын чанартай замын бараг тал хувь нь хатуу хучилттай боллоо. Энэ бол замчдын, замын компаниудын хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Түүнээс биш телевизээр гарч тууз хайчилдаг нөхдийн гавьяа биш л дээ. Засаг төр хичнээн солигдсон ч хэвээрээ байдаг зөв, тогтвортой бүтэц авто замын салбарт туйлын чухал хэрэгтэй байна.

- Авто замыг засаж арчлах ажил зохих ёсоороо хийгдэж байна уу?

Замын засвар, арчлалт, ашиглалтын менежмент бол нэн тулгамдсан асуудал.  Нэг талаас шинэ замууд баригдаж байгаа ч нөгөө талаас барьсан замаа арчилж засварлан ашиглах, хөдөлгөөний аюулгүй байдлыг байнга хангах ажил маш дутмаг байна. Арчилгаа муу байвал татвар төлөгчддийн  асар их мөнгөөр барьсан зам маань хэдхэн жилийн дотор  эвдрээд алга болчихвол харамсалтай биз дээ?  Замыг комисс хүлээж авсны маргаашнаас л арчилж эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл зам байнгын хариуцах эзэнтэй байх ёстой.  Одоо энэ талруу замын гол бодлого чиглэгдэх шаардлагатай.

- Гүйцэтгэгчийг шалгаруулахдаа хамгийн бага үнэ санал болгосныг нь сонгодог, нэг км замыг барих өртөг нь бага учраас чанаргүй зам баригддаг гэсэн хандлага түгээмэл. Та энэ талаар ямар бодолтой байна?

Ийм зүйл байдаг ч хоёр талтай. Нэгдүгээрт авто замын үнийг бодитой тогтоож, төлөвлөж чадахгүй байна. Төсөв тооцдог норм үнэлгээ аргачлал бий. Тэр дагуу л хийх ёстой. Гэтэл өнөөдөр 1км замын дундаж үнэ гэж гаргачихаад түүгээрээ бүх замаа үржүүлж замын төсөвт өртөгийг гарган төлөвлөж байна. Энэ боло маш буруу арга л даа.

Жижиг компаниуд үйл ажиллагаагаараа төрөлжих хэрэгтэй.

Зам маань хийц бүтээц, газар орны байдал, зах зээлийн хол ойр, материалын олдоц зэргээсээ хамаараад газар болгон харилцан адилгүй үнэтэй гардаг. Гэтэл үүнийг нь 1км замын үнэ тогтоогоод тэгшитгэчихээр төсөвтөө багтах ч зам бий, багтахгүй ч зам бий.  Энэ гажигийг засмаар байна. Зам болгон харилцан адилгүй өртөгтэй. Улаанбаатарын хоёр захад хүртэл өөр өөр байх жишээтэй.

Хоёрдугаарт авто замын үнэлгээ материал, шатахууны үнэ ханш, инфеляцтай холбоотойгоор байнга өөрчилөгдөж байдаг. Үүнийг тухай бүрд нь судалж, тогтоож үнэлгээг бодитой тогтоож баймаар байгаа юм.

Нөгөө талаас гүйцэтгэгч өөрөө ямар нэгэн ажил авахаасаа өмнө захиалагчийн санал болгосон ажлыг батлагдсан төсвийн норм, үнэлгээний дагуу тооцож үзээд би ийм л үнээр хийнэ гэдгээ гаргах хэрэгтэй. Хэрэв тухайн ажил үнэндээ багтахааргүй бол тэр ажлыг хийж алдагдал хүлээх нь утгагүй. Олон компани дараа нь үнийг нь нэмүүлнэ гэж алдагдалтай үнээр ажил аваад хүнд байдалд ордог. Үүнээс болж зам нь чанаргүй болдог явдалч бий.

- Авто замын ажил улирлын шинжтэй, техникийн сул зогсолт ихтэй байдаг. Компаниудын хувьд үйл ажиллагаа яаж зохион байгуулвал үр дүнтэй вэ?

Компаниуд төрөлжих хэрэгтэй. Компаний хөгжил, чадавхийг бодсон ч ингэх нь ашигтай. Жишээ нь зөвхөн далан хийгээд явбал тэр ажилдаа улам мэргэшиж чанартай хийдэг болно. Их хэмжээний үндсэн хөрөнгө агуулахгүйгээр зах зээлд ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Харин нэг компани бүх ажлыг хариуцаж байгаа тохиолдолд  далангийн ажил хийж байхад хучилтын бүх техник сул зогсож алдагдал хүлээх эрсдэл гардаг.  

Нэг замыг хэд хэдэн компани хийх тохиолдолд чиний хийсэн ажлаас болж зам чанаргүй боллоо гэх маргаан гарч болно. Гэхдээ үүнийг замын ажилд байнга тавигдах технологийн хяналтаар зохицуулчих асуудал. 

- Замын хучилт нимгэн байна гэсэн маргаан гардаг. Авто замд ашиглаж буй норм, стандартыг шинэчлэх шаардлага бий юу?

Авто замын салбар 1990-иэд оны дунд үеэс АASHTO, ASTM стандартуудыг үндэс болгож шинэчилсэн үндэсний стандартуудыг мөрдөж эхэлсэн. Дэлхийн жишгээс тэгтлээ хоцорчихсон юм байхгүй. Мэдээж хийцийн хувьд сайжруулах юм бий. Гагцхүү стандартаа мэддэг, мөрддөг, зам барихаасаа өмнө нарийн тооцоо судалгаа хийдэг, замын ажлын явцад технологийн хяналтыг сайн тавидаг баймаар. Уг нь бүх газар хучилтын зузаан 5 см байх ёсгүй л дээ. Хөдөлгөөний эрчим, явах машинуудын даац зэргийг харгалзан тооцож хучилтын зузааныг гаргаж байх ёстой. Харин манайхан ийм тооцоог нарийвчилж хийхгүй бүх замдаа л 5 см-ын хучилттай гаргачихдаг. Энэ нь үнэ ханшийг нэмэгдүүлэхгүй гэсэн асуудалтай ч холбоотой.

Авто замд Америк стандартад үндэслэсэн үндэсний стандартыг нэвтрүүлж эхлээд 20-иод жил болж байна. Гэтэл стандартыг өөрчилж аль нэг орныхыг нэвтрүүлэх юм их яригдах юм. Ийм шаардлага байхгүй. Харин одоо байгаа стандартаа сайжруулж, мөрдөх явдал л чухал гэж бодож байна.