Я.Содбаатар: Тавантолгойг яаралтай хөдөлгөх ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Таван толгойн талаарх асуудал УИХ-ын гишүүдийн гэлтгүй олон иргэний анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. МАН-ын ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
УИХ дахь МАН-ын бүлгээс хөрөнгө оруулагчдын зүгээс хэлэлцээр эхэлсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд тодорхой мэдээллүүдийг авсан. Монгол Улсын сайд М.Энхсайхан ч гэсэн манай бүлэг дээр ирж мэдээлэл өгсөн. Ажлын хэсгийн болон, бүлгийн байр суурийг би илэрхийлэх боломжгүй.
Тэглээ ч манай намын бүлэг одоогоор тодорхой байр суурийг илэрхийлээгүй байгаа. Хувь гишүүний үүднээс хэлэхэд Тавантолгой мэдээж стратегийн чухал ач холбогдолтой газар юм. Үүнд мэдээж томоохон хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал олон жил явсан.
Сү.Батболд даргыг Ерөнхий сайд байхад анх эргэлтэд орж Таван толгойн орд газар дээр байгуулагдсан төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтынх нь асуудал хувийн менежменттэй консерциумаар хэрэгжүүлье гэдэг саналыг Н.Алтанхуягийн Засгийн газар өнгөрөгч оны наймдугаар сарын 20-ны өдөр 268 дугаар тогтоол гаргаж, долоон болзол бүхий тендер зарласан.
Түүний дагуу Монгол, Хятад, Японы хамтарсан консерциум шалгарсан. Засгийн газар байгуулахдаа хоёр нам улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа тул үүнээс гаргахын тулд ажиллана гэсэн. Ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн уналтыг зогсоох гэх мэт тодорхой зорилтуудыг тавьсан.
Зорилтын хүрээнд томоохон орд газрууд буюу Оюутолгой Таван толгойг ашиглалтанд оруулж, гацаанаас гаргахын тулд хуулийн хүрээнд өнөөгийн гэрээний нөхцөлийг алдагдуулахгүйгээр, олон түмэнд нээлттэй хэлбэрийг сонгон явах нь зүйтэй гэж хоёр намын санамж бичигт тусгагдсан.
Энэ хүрээнд л бид Таван толгойн орд газрын төслийг харж байгаа. Уг орд дээрх Монгол Улсын оролцоо, ашиг, өнөөгийн давуу талаа авч үлдэн явж чадвал бид үндсэн зарчмын дагуу шийдвэрлэж чадна гэж харж байна.
-М.Энхсайхан сайдын зүгээс “Мега төсөл бол шил юм. Маш эмзэг болохоор хагарах аюултай” гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд дотроо хөлөө жийлцэн хоёр тийшээ хараад суучихлаа. Хагарчихвий гэсэн болгоомжлол байна?
Таван толгойн орд газрыг бид зөвөөр эргэлтэд оруулж өгөөжийг нь Монголын ард түмэн хүртэх хэрэгтэй. Тус ордыг дагасан олон ажлын байр бий болж, ханган нийлүүлэлтийн ажил хийгдэж, Монголын олон компани үүнд оролцох боломж бий. Таван толгойгоос улсын төсөвт томоохон татвар хураамж авах түүгээрээ дамжуулан нийгэм эдийн засагт учирсан олон асуудлуудыг шийдээд явах боломж байгаа.
Гэрээний хүрээнд Таван толгой дээр зарчмын хэд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Хөрөнгө оруулагчтай хийж буй гэрээ хэлцлийн хүрээнд Эрдэнэс Тавантолгойн компанийн 1072 хувьцааг иргэн бүрт олгоно гээд Хүний хөгжил сангийн дэвтэр дээр нь бэлээхэн наачихсан байгаа. 1072 хувьцааг бид амилуулах, уг хувьцааг бодитоор эдийн засгийн эргэлтэд оруулах тэр боломжийг шийдвэрлээчээ гэж байгаа юм.
Эрдэнэс Таван толгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, тодорхой ажил үүргийг нь гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд 51 хувийг эзэмшинэ гэж ойлгож байгаа. 51 хувьдаа төсөлд шалгарснаас бусад аж ахуй нэгжүүдийг оролцох боломжийг хангаж өгөх ёстой. Бусад иргэд, аж ахуй нэгжүүдийг оролцох боломжийг нээгээчээ гэдэг асуудлыг тавих шаардлага бий.
Түүнчлэн Таван толгойн орд газрыг цогцоор нь нэг менежментийн зохицуулалтад оруулах нь зөв. Тэгэхгүй бол нэг талд нь Ухаа худаг, нөгөө талд жижиг Тавантолгой, баруун, зүүн Цанхи гээд явах нь мэргэжлийн талаасаа зөв шийдэл биш байсан. Үүний менежмент дээр нэг компани цогцоор нь оролцох болсон нь зөв байх.
-АН дотроо хагараад байна гэж байна. Үнэн юм уу?
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын гишүүдийн ярьсан яриаг харж байхад хуваагдмал шинжтэй байгаа нь анзаарагдаж байна. Тухайлбал, УИХ-ын дарга тэргүүтэй зарим гишүүдТаван толгойн орд газарт эргэлзсэн, болгоомжилсон байр сууринаас асуудалд хандаж байгааг харж байгаа байх.
Ард түмнээс олонхийн санал авч Засгийн ачааг нуруундаа үүрч байгаа АН ингэж асуудалд хандаж болохгүй л дээ. Бид Таван толгойн асуудалд нэгдмэл байр сууринаас хандах хэрэгтэй. Өнөөдөр гэрээ хэлцлийн шатанд яваа энэ асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлээд явах боломжтой гэж хараад байгаа.
Тиймээс Засгийн газар, холбогдох сайдууд хариуцлагаа хүлээсэн шиг хүлээгээд, хийж буй гэрээ хэлцлээ Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй явуулах нь зөв. Хэрэв алдаа гарвал парламентын түвшинд хариуцлага тооцоод явах боломж нь бидэнд бий. Бид энэ хүмүүсийг ажил хий гээд нэг сарын өмнө томилсон. Итгэсэн итгэлийг алдахгүй байх ёстой.
Гэрээ хэлцэл явагдаж дуусаад гарын үсэг зурахын өмнө уг гэрээ Монгол Улсад ямар ашигтай вэ, үр өгөөж гэх мэтийн талаар тайлагнах шаардлагатай. Консерциумд сонгогдсон байдлыг харахад сонголтын хувьд муугүй сонголт болсон гэж бодож байна.
Ялангуяа Хятадаас орж ирж буй Шинхуа групп бол дэлхийн нүүрсний голлох тоглогчдын нэг. Жилд 600 гаруй сая тонн нүүрсний менежментийг зохицуулдаг компани юм. Манайхан Хятадын үнэтэй зах зээл хийгээд гуравдагч орон руу гаргах гол төмөр замыг эзэмшигч нь Шинхуа л даа. Ер нь бол Хятадын бодпогын түвшинд яригддаг төрийн өмчит олон нийтийн компани байгаа юм. Энэ компани хөрөнгө оруулагчаар орж ирж байгаа нь нүүрсний зах зээл эргэн сэргэх найдвар бий.
-Тэгвэл Сумитомогийн тал дээр ямар бодолтой байгаа вэ?
Сумитомо бол Японы томоохон худалдааны компани. Ялангуяа ашигт малтмалын худалдааны зах зээл дээр голлох тоглогчийн нэг мөн.Тиймээс Сумитомогоос гаргаж буй нийт нүүрсний 20- 30 хувийг гуравдагч зах зээл рүү гаргана гэж консерциум үзэж байгаа талаараа бидэнд мэдээлсэн. Хэрэв тэгвэл олон жил ярьсан Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээл рүү гарах нь ээ гэж ойлгож болно.
-Пибоди компанийг та хэрхэн харж байгаа бол?
Манай гишүүд Пибоди компанийн талаар их хөндөж байна л даа. Энэ нь өөрөө бизнесийн зарчмаараа шийдэгдсэн асуудал. Пибоди ерөнхийдөө дэлхийн зах зээл дээр оператор компани хийдэг болохоос шууд мөнгө тавиад олборлолт явуулаад байдаггүй л дээ. Тиймээс тэр талаас нь хандсан юм болов уу гэж бодоод байгаа.
-Таван толгойг эргэлтэд оруулснаар үнэхээр эдийн засгийн хүндрэлээс гарах уу?
Таван толгойг эргэлтэд оруулах үндсэн хоёр шаардлага бий. Өнөөдөр манайд эдийн засгийн маш хүнд хямрал болж байна. Валютын урсгал тасалдаж байгаа. Үүнийг сэргээхийн тулд дөрвөн арга хэмжээ авах ёстой гэж би харж байгаа юм.
-Тэр нь ямар ямар арга хэмжээ юм бол?
Тавантолгойг явуулж валютын урсгалыг нээх ёстой. Хэрэв уг консерциум гэрээ байгуулж Монгол Улстай ажиллах юм бол хоёр жилийн дотор дөрвөн тэрбум ам.долларыг манай оронд нийлүүлнэ гэж ойлгож байгаа. Тэгснээр валютын урсгал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт гарах боломж бий.
Монголд хамгийн их хэрэгтэй байгаа өөр нэг зүйл нь ажпын байрыг бий болгох. Таван толгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал 10 гаруй мянган ажлын байр шинээр бий болох тооцоо байна. Үүнийгдагаад200 гаруй туслан гүйцэтгэх компани ажиллах боломж бүрдэнэ. Тиймээс Таван толгойн гэрээг даруйхан шийдээд явах хэрэгтэй. Засгийн газар яг одоо хэлэлцээр хийж байгаа болохоор ямар шатанд явааг мэдэхгүй байна.
-Сүүлийн үед манай Их хурлаас баталсан болон өргөн барьсан хуулийн төслүүдийг эдийн засгийн хямрал хүндрэлээс гарахад чиглэгдсэн гээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд гэхэд ард түмнээсээ санал асуугаад дүнгээ танилцууллаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
Засгийн газар 365 мянган иргэнээс санал аваад түүнийх нь 56 хувь нь нэгдүгээр замаараа яв гэсэн гээд зарлачихлаа. Гүйцэтгэх засаглал тодорхой хийгдэх гэж буй ажил дээрээ олон түмнээсээ дэмжлэг авч байгаа байдлаа илэрхийлэх гэсэн пиарын нэг хэлбэр гэж харж байгаа. Ийм аргачлал олон улсад байдаг.
Тэр л яваад байна гэж харсан. Түүнээс биш албан ёсоор авч буй бүх нийтийн санал асуулга биш. Энэ нь хуулиар хийгдэж буй биш бөгөөд олон түмэн рүү олон түмэн рүү хандсан пиар гэж харж байна. Энэ бол кампанит ажлынх нь нэг хэсэг. УИХ дахь МАН-ын бүлэг дээр Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан эдийн засгийн хүндрэл хямралаас ‘гарах шийдлийн хөтөлбөрийг боловсруулсан.
Манай ажлын хэсэг бүлгийнхээ хуралдаан дээр УИХ-д явуулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Зургаан хүрээнд саналаа бэлтгэсэн.
-Тухайлбал?
Төсвийн бодлогын хүрээ, Мөнгөний бодлогын хүрээ, Бүтцийн хүрээ, Бодит секторын хүрээнд гэх мэтээр ангилсан. Энэ нь тодорхой салбарууд дээр юу хийх вэ гэдэг саналаа гаргаад хүргүүлсэн. Засгийн газрын хямралаас гарах төлөвлөгөөг бид боловсруулсан гэж болно. Боловсруулсан саналаа өгчихсөн.
Бид одоо шүүмжлээд суух биш тодорхой гарц шийдэл ярих цаг болсон. Тиймээс манай намын бүлэг тодорхой ажлуудыг хийж байж хямралаас гарна гэдэг саналаа бүлгийн хуралдаанаас гаргасан. Эхний ээлжинд бодлогын алдаануудаа засах ёстой гэж байгаа юм. Төсөв, Мөнгөний бодлогоо батлахаас эхлээд төрөөс явуулж буй бодлого нь маш алдаатай байсан. Хоёр гурван жил худлаа төсөв зохиосноо одоо л засаж эхэлж байна.
Бодлогын алдаагаа зассаны дараа бодит . секторуудад чиглэсэн эдийн засгийн хэд хэдэн арга хэмжээг авах ёстой. Тиймээс Таван толгой Оюу толгойн гацааг арилгах шаардлагатай. Оюу толгойгоос олборлож буй зэс алтыг оруулахгүйгээр Монгол Улсаас олборлож буй алтны хэмжээгээ өсөх нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс 2006 онд 22.6 тонн алт олборлож байсан.
Тэгэхээр бид нэмж болно.Мөн эрчим хүчний 31-н чиглэлднэлээд олон жил яригдсан томоохон төслүүдээ явуулах. Тавдугаар цахилгаан станц Таван толгойн цахилгаан станц, Эгийн гол, Чандманийн цахилгаан, Багануурын цахилгаан станц гээд бүгдийнх нь ТЭЗҮ боловсрогдсон, зарим нэгийнх нь гадаадын хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн байгаа тул эдийн засгийн эргэлтэд даруй оруулъя.
Эрчим хүчний салбарт явуулах гэж байгаа том төслүүдийн үнэ тарифийн асуудлыг уян хатан болгож зах зээлийн харилцаанд нь оруулах хэрэгтэй. Үүний дараа эрчим хүчний үнэ буурна. Түүнийг дагасан томоохон бүтээн байгуулалт явагдаж валютын урсгал дотогшоо явж эхэлнэ. Тэгэхээр төвийн эрчим хүчний аюулгүй байдал ч шийдэгдэх Ази руу эрчим хүч экспортлох том ажлын эхлэл тавигдана.
Өөр нэг гол зүйл нь банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаагаа либералчлах ёстой. Банкин дээр хөрөнгө оруулалтын банк байгуулж, гадаад дотоодын банкуудыг дотоодын зах зээлдээ тодорхой болзолтойгоор оруулах асуудлуудыг шийдвэрлэн мөнгөний бодлого дээрээ ажиллах ёстой.
Томоохон аж ахуй нэгжүүд дээр үүссэн хэдий ч улс төрийн зорилгоор зогссон эсвэл хөрөнгө оруулалтын улмаас зогсчихсон байгаа 50 хувиас дээш гүйцэтгэлтэй орд газар, бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
Одоо гэхэд хэд хэдэн цементийн үйлдвэр 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа ч бүрэн дуусаагүй байна. Үүнийг гүйцээн ашиглалтад оруулбал импортоор гадагшилж буй мөнгөн урсгалыг авч үлдэх, гаднаас нэмж экспортолдог үйлдвэрүүдээ дэмжиж үе шаттайгаар хийж байж эдийн засгийн хямралаас хохирол багатай гарна.