Д.Батцогт: Хэн нь ямар зорилготой популизм хийгээд явааг ард түмэн мэддэг болчихсон
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гол зорилт гэдгийг Д.Батцогт
2015.02.10

Д.Батцогт: Хэн нь ямар зорилготой популизм хийгээд явааг ард түмэн мэддэг болчихсон

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцав. ХАХНХ-ын яам, УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо хамтран бүх төрлийн даатгуулагчийн нийгмийн хамгааллыг сайжруулах, ард иргэдийн амьдралын баталгааг ирээдүйтэй нь уялдуулан холбох чиглэлээр олон хууль санаачлан батлуулж, ихээхэн үр дүнтэй ажиллаж байгааг дурдах ёстой. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ард иргэд рүүгээ чиглэсэн нийгмийн хамгааллын цогц бодлогыг төрөөс тухайлсан бодлогоор дэмжиж, Монголчуудын ирээдүй найдвартай хамгаалагдсан, даатгалын хамгийн үр нөлөөтэй систем тогтоох нь УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гол зорилт гэдгийг Д.Батцогт дарга цохон тэмдэглэсэн юм. 

-Зургаан жил цаасан дээр томьёологдсон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдаад 10 хонож байна. Амьдрал дээр яг ямар ахиц дэвшил ажиглагдаж эхэлсэн бол? 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдаад удаагүй байна. Одоо хуулийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг нь тогтворжуулах бэлтгэл ажлууд ид хийгдээд явж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль амьдрал дээр ард иргэдэд үр дүнтэй, эерэг нөлөөтэй үйлчлэхэд тухайн даатгуулагчдын идэвх, оролцоо их чухал.

Тэгэхээр ард иргэд маань Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчлэн батлагдсан энэ хуультай сайн танилцаж, өөрсдийнхөө амьдралд хэвшүүлэн хэрэглэж эхлэх нь энэ хууль амжилттай хэрэгжих гол нөхцөл болно.

-Асуултаа Монголын нийгмийн тодорхой хэсэг рүү чиглүүлье. Жишээ нь оюутнууд Эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлдөг болно, хүүхдүүдийн даатгалыг эцэг эхчүүд нь төлдөг болно гэсэн яриа гадуур яваад байгаа. Энэ талаар тайлбарлахгүй юу? 

Энэ хуульд тийм заалт байхгүй. 0-18 насны хүүхдүүдийн Эрүүл мэндийн даатгалыг төр даадгаараа даагаад л явна. Даахдаа цалингийн баталгаат доод түвшний хоёр хувиар даана. Оюутнууд ч гэсэн цалингийн доод түвшний хоёр хувиар өөрсдөө төлөхөөр болж байгаа. Гэхдээ оюутнуудын өөрсдөө төлөх энэ даатгал нь жирийн ажилтай, орлоготой иргэдээс тун бага гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-2015 оны төсвийн тодотголоор боловсролын салбарын хөрөнгө оруулал­­тыг ихээхэн хассантай холбогдон энэ онд шинэ бүтээн байгуулалт тун бага хийгдэнэ гэсэн ойлголт яваад байгаа. Энэ талаар? 

Бүхэлдээ төсөв хүндрэлтэй байгаа учир хөрөнгө оруулалт тэр хэмжээгээр хасагдсан нь үнэн. Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтыг үндсээр нь хасч, хөрөнгө оруулалт нь эхлээд явж байсан дуусаагүй барилгуудаа энэ жил ямар ч гэсэн дуусгаж авъя гэж тохирсон.

Харин саяхан БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 300 сая юаниар 21 сургууль барих шийдвэр гарсан. 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд 22 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаагаас 21 нь Улаанбаатар хотод байгаа. Тэгэхээр Улаанбаатарт 21 шинэ сургууль баригдана гэж ойлгох хэрэгтэй. 

Энэ хуульд тийм заалт байхгүй. 0-18 насны хүүхдүүдийн Эрүүл мэндийн даатгалыг төр даадгаараа даагаад л явна. 

Үүнээс гадна Боловсрол, Эрүүл мэндийн салбарт ямар ажлууд хийгдэх гэж байна гэвэл концесс, гадны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр баригдах сургууль, эмнэлгийн жагсаалтыг УИХ-аар батлаад тогтоолыг төсөл боловсруулж, өргөн барихад бэлэн болчихсон байгаа. 

-Ерөнхий сайдын саяын санал асуулгыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороон даргын хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ? 

Уг нь ард түмэн 76 хүнд итгэл өгч хууль тогтоох дээд байгууллагад сонгочихоод байхад Засгийн газраа ажил хийлгэдэггүй, намаараа талцаж бүх асуудлыг гацаадаг байдлаас болж, аргаа барсандаа л Ерөнхий сайд ард түмнээсээ санал асуулаа шүү дээ. Нэг ёсондоо ард түмнээсээ дэмжлэг авч, ажлаа явуулахын тулд Ерөнхий сайд санал асуулга явууллаа.

Ер нь бол 1995 онд батлагдсан ч өнгөрсөн 20 жил нэг ч удаа хэрэглэж үзээгүй Ард нийтийн санал асуулгын тухай хууль байдаг юм л даа. Бид урьд нь чухал, чухал асуудлаар ард түмнээсээ санал асууж, энэ хуулиа амь оруулаачээ гэж олон удаа шаардаж л байсан. Жишээ нь Швейцарь мэтийн шууд ардчилал хөгжсөн орнуудад автобусныхаа билетийн үнийг нэмэх эсэх тухай бүх л асуудлаа ард нийтийн санал асуулгаар шийддэг юм билээ.

Тэрийгээ байг гэхэд улстөрчдийг талцуулаад, популизм хийлгээд байгаа асуудлуудыг ард нийтийн санал асуулгаар шийдээд явчихад буруудах зүйлгүй л гэж бодож байгаа. 

-Бүх намууд хамт­раад Засгийн газраа байгуул­­чихсан байж, өнөөдөр янз бүрийн популизм хийгээд, ажлаа гацаагаад байгааг та юу гэж дүгнэж байна? 

УИХ-ын гишүүд эдгээр намуудыг нэгтгэж засагт оруулсан нь эдийн засгийн томоохон шийдлүүд гаргаач ээ, гадны хөрөнгө оруулагчдад битгий хатуурхаад байгаач ээ, улс орныхоо эдийн засгийг яаралтай босгож ирээч ээ гэж л үүрэг өгсөн хэрэг юм. Түүнээс биш Засгийн газрын хэдэн суудлыг АН, МАН, МАХН, МҮАН-д хуваан өгч, бялууг адил тэгш хуваарилсан тухай асуудал биш юм.

Гэхдээ өнөөдөр Засгийн газраа хамтран байгуулж, өмнөө хуримтлагдсан асуудлуудаа эхнээс нь шийдээд явах гэхээр өмнө нь хоёр жил илүү сөрөг хүчний индэр дээрээс хашхиралдсан өнөө хэдэн хүмүүс чинь дахиад л бүхнийг шүүмжлээд, оруулж ирсэн асуудлуудыг гацаах гээд л зүтгэцгээгээд байгааг хүмүүс харж л байгаа байх.

Тэгэхээр улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудаа бодсон ч, хамтраад Засгийн газраа байгуулсан энэ түүхэн цаг үеэ бодсон ч хэдхэн баатар тодрох гээд популизм хийж дайраад байдгаа больчихмоор л байгаа юм. Зүгээр чуулганы завсарлагаанаар Засгийн газар зоригтой, хурдан шуурхай ажиллаад зөв зүйтэй шийдвэрүүдээ гаргаад явахыг л харах үлдэж байна. 

-Өнөөдөр улстөрчдөд итгэх иргэдийн итгэл улам бүр буурсаар байгаа нь янз бүрийн судалгаанаас тодорхой харагдаж байгаа. Байдал ийм байхад улстөрчид ганц нэгээрээ товойн гарах гэж янз бүрийн популизм хийх нь аль хэр үр дүнтэй байдаг юм бэ дээ? 

Энэ бол сонгууль дөхөж байгаагийн л шинж. Гэхдээ Монголын улстөрийг 20 гаруй жил ажиглан харж, зохих дүгнэлтээ хийчихсэн ард түмэн тэнэг биш шүү дээ. Хэн нь ямар зорилготой, юу хийгээд явааг бүгдийг нь андахгүй мэддэг болчихсон л доо.

Одоо хамгийн гол нь сонгууль угтсан элдэв популизмаа хойш нь тавиад, цаг алдахгүй хамтран ажиллах нь л чухал байгаа юм. Дэндүү туйлширч, намаар хуваагдан тэмцэлдээд байдгаа ч эргэж харах, дорвитой өөрчлөх цаг болсон санагддаг. 

-Тавантолгойн хэлэл­цээр овоо урагштай явж байснаа бас л нэг жаахан улстөржилт орох шинжтэй болчихлоо. Яг энэ асуудлаар та ямар байр суурьтай байгаа вэ? 

Тавантолгойн хэлэлцээр боломжийн явж байна уу даа гэж харж байгаа. Гэхдээ энэ том төслийн хүрээнд анхаарах юмнууд зайлшгүй бий. Ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 280 гаруй км төмөр замыг хятадын төрийн өмчит компанид 30 жилээр хувьчилж өгөхөөр яригдаж байгааг эргэж харахгүй бол болохгүй.

Энэ бол сонгууль дөхөж байгаагийн л шинж. 

Манай хувьд боловсруулсан нүүрсээ гурав дахь зах зээлд зайлшгүй гаргах шаардлагатай. Тэгэхээр гурав дахь сонирхол бас л байх ёстой. Гэхдээ би энэ үгээрээ Тавантойлгойн хэлэлцээрийг муу болж байна гэж хэлээгүй. Харин энэ хэлэлцээрт байгаа сайтар нягтлах ёстой асуудлуудыг урьд өмнөх алдаан дээрээсээ сургамж авч шүүсийг нь шахаж базаад хурдан урагшлуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Эцсийн эцэст бид энэ хэлэлцээрийг байгуул гэж бүрэн эрхийг нь өгөөд Засгийн газраа байгуулсан шүү дээ. Тиймээс ч гэрээний доторх нарийн ширийн зүйлтэй УИХ зууралдаад байх огтхон ч шаардлагагүй. УИХ бол Тавантолгойг ажиллуулах уу, яах вэ гэдэг улстөрийн шийдвэрээ л гаргана. Харин эрхээ эдлээд, дараа нь хариуцлагаа хүлээх газар нь Засгийн газар юм. 

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр ингэхэд Оюутолгой ер нь юу болж байгаа вэ? 

Сүүлийн үед ажиглагдаж байгаа өнгө аясаар бол Оюутолгойн гэрээ дээд зэргийн сайн гэрээ болсон гэсэн зүйл яригдаад байгаа. Гэтэл үнэхээр муу гэрээ хийчихсэн гэдэг нь одоо нэгэнт илэрхий болсон зүйл. Миний хувьд анхнаасаа л Монголчуудад ихээхэн хохиролтой гэрээ болсон гэдгийг шүүм­жлэн хэлж байсан.

Одоо илэрхий бол­сон зүйл нь Оюутолгойн гэрээг анхнаас нь бүгдийг өөр­чилж, Монгол­чуудад ашигтай болгох ямар ч боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр Оюу­­толгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс болж Рио Тинто Монголын талаар гадаад ертөнцөд тун базаахгүй мэдээлэл байнга цацсанаас болж хөрөнгө оруулагчид дайжиж, өнөөдрийн эдийн засгийн хүндрэл үүсэхэд гол нөлөө үзүүлсэн.

Товчхондоо Оюутолгойн гэрээ Монголчууд бидэнд маш ноцтой сургамж үлдээлээ. Тэгэхээр одоогийн байдлаас арай жаахан дээрдүүлээд Оюутолгойгоо явуулахаас өөр замгүй гэж л харж байна. 

-Цагтаа жагсаж тэм­цэж явсан хүний тань хувьд асуухад саяхан тариаланчид жагссан. Тэг­вэл хамгийн сүүлд бөө нар жагслаа. Энэ хүмүүсийн тавиад байгаа шаардлагыг та дэмжиж байна уу эсвэл эсэргүүцэж байгаа бол яагаад? 

Тариаланчдын хувьд улаанбуудайн урамшууллынх нь мөнгийг Засгийн газар чадан ядан шийдэж, эхнээсээ өгөөд байхад жагсаж тэмцээд байгаа учрыг нь сайн ойлгоогүй. Өчигдөр бөө нар жагсаж байна гэсэн. Гэхдээ эдгээр хүмүүс байгаль дэлхийгээ аргадаад байгаа юм уу, төр засгийн бодлого шийдвэрийг эсэргүүцээд байгаа юм уу, яг ямар шаардлага тавиад байгааг би сайн мэдэхгүй л байна.

Эндээс харахад өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бүх зүйл төрөөс хамааралтай байх ойлголтыг нэгдүгээрт улстөрчид хоосон амлалтаараа ард түмэнд сургасан байна, хоёрдугаарт нийгмийн сэтгэл зүй ч тэр зүгт төвлөрөөд хэвшчихэж. 

Одоо бид бүхнийг төрөөс нэхдэг, түүнээс хамааралтай оршдог сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг болсон. Хувь хүн, айл өрх бүр хариуцлагатай, өөрөө өөрийгөө аваад явдаг болсон цагт улс орон төдий чинээ хурдан хөгжинө. Нөгөөтэйгүүр зохион байгуулалттай, шантажны маягийн жагсаал, цуглаан хийдгээ одоо болих хэрэгтэй.