Өргөдлийн байнгын хороонд Архангай, Баянхонгор аймгаас нийт 129 өргөдөл иржээ
Төрийн ордонд дөнгөж сая УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой орон нутаг болон нийслэл дүүргүүдээс ирсэн өргөдөл гомдлын талаарх мэдээлэл хийлээ.
Өргөдлийн байнгын хорооны өргөдөл шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох хүрээнд УИХ-д суудалтай намын бүлгүүд, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдэд холбогдох мэдээллийг өгч, тэдгээрийн саналыг авч хамтран ажиллах зорилгоор намын бүлгүүд, бие даагч гишүүдийн зөвлөлийн хуралдаанаар Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлж буй өргөдлийн мэдээг сонсож, хэлэлцэж байх, ӨБХ-нд судлагдан байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөж буй өргөдлийг танилцуулж бусад бүх гишүүдээс саналыг авч байхаар болжээ.
Мөн уг саналын дагуу намын бүлгүүд болон бие даагч гишүүдийн зөвлөлд Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг хариуцсан нэг гишүүн томилон ажиллах юм байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын хугацаанд Өргөдлийн байнгын хороонд нэг аймгийн иргэдээс 100-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд тухайн тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдэд иргэдийн саналыг танилцуулах, тухайн асуудалд дүн шинжилгээ хийн байнгын хороо хэрхэн судалж, хянан үзэж байгаа тухай мэдээллийг өгөх саналыг авч ажиллахаар болжээ.
Харин нэг сонгуулийн тойрогт буюу орон нутгийн иргдээс 500-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд байнгын хорооны гишүүд газар дээр нь очиж танилцах, 900-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд байнгын хорооны хуралдаанаар авч хэлэцлэх юм байна. Энэ хүрээнд 2015 оны нэгдүгээр сард Архангай, Баянхонгор аймгийн иргэдээс нийт 129 өргөдөл ирүүлснийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор, Х.Баттулга, Д.Ганбат нарт иргэдийн саналыг шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.
Өргөдлийн байнгын хороо цаашид ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлд ажиллах юм байна. Энэ ажлынхаа хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай уулзаж ярилцсан бөгөөд чуулганы завсарлагааны үеэр холбогдох хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх аж. Мөн ордны хажуу талын эмнэлэгт ахмад настангуудад хэвтэн эмчлүүлэх зориулалтаар тодорхой квот гаргаж өгөх талаар ч бас хэлэлцэхээр болжээ.
Энэ талаарх санал дүгнэлтээ Ерөнхий сайд болон Засгийн газарт хүргүүлэх аж. Эдгээрээс гадна тус байнгын хороонд хэлмэгдсдийн ар гэрийнхэн гомдол санал ирүүлсэн бөгөөд тэдэнд төрөөс олгох нэг удаагийн тэтгэмжийг шуурхай хүргэх талаар ажиллах юм байна.