Монголд казино байгуулах цаг нь болжээ
Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн даваа гарагийн хуралдаанаар нэлээд олон хуулийн төслүүдийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болсон юм. Үүний нэг нь Казиногийн тухай хуулийн төсөл. Аялал жуулчлалын салбарыг бүрэн утгаар нь хөгжүүлэх эндээс орж ирэх мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын чөлөөт бүсэд хоёр газар казино байгуулах нь зөв гэж үзсэн учраас энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм.
Гэхдээ шалгуурыг нэлээд өндөр тавих бөгөөд дотоодын иргэн 25 нас хүрсэн улсад 20-40 сая төгрөгийн татвар төлсөн байх ёстой гэсэн заалт оруулснаа хууль санаачлагчид мэдэгдэж байгаа. 17 гаруй жилийн өмнө асуудал үүсгэж хууль гаргахыг нь хориглохдоо хүрээд байсан уг хуулийн төслийг дахин өргөн мэдүүлсэн шийдвэр нь Ардын намын гишүүдийн эсэргүүцэлтэй илүү тулгарч байгаа гэж хэлж болно.
17 жилийн өмнө хуулийн төслийг санаачилсан гурван гишүүн авлигын хэргээр дээлээ нөмөрч байсан бол дараа нь мөн л нэр бүхий гишүүд санаачилж дэмжлэг авч чадахгүй харин өөрсдөө казино тоглодог нэр зүүгээд өнгөрч байсан юм. Энэ мэтээр яригдах бүртээ асуудал дагуулж байсан хуулийн төсөл дахин УИХ-д орж ирлээ. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтсан уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлж эхэлжээ.
Гишүүдийн зүгээс өөрийн улсын иргэдээ оруулахгүй, зөвхөн гадны иргэдийг тоглуулах байдлаар чөлөөт бүсэд байгуулах ёстой гэсэн зарчмын саналыг ч хэлж байгаа юм. Гэхдээ зарим нэр бүхий гишүүд өөрсдөө хүртэл тоглодог гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Оны өмнөхөн монгол залуу гадаадад покерийн аварга болж чадсан нь мөрийтэй тоглоом гэдэг утгаар биш оюун ухааны спорт гэдэг утгаар хөгжүүлж чадвал ямар олон хүний амьдралд өөрчлөлт авч ирэхийг хэлж байна.
Түүнчлэн улстөрчид зориуд цаг гарган улиралд нэг удаа ч юм уу, бүтэн жилд хоёр удаа гадагшаа явж казино тоглодог гэдэг нь нууц биш. Гадагшаа урсч байгаа энэ их мөнгөн урсгалыг дотооддоо үлдээхэд казино байгуулах асуудал том хувь нэмрээ оруулах учиртай. Тиймээс өмнө нь казино байгуулж үзээгүй улс орны хувьд байгуулах цаг нь болсон уу, татвар, шалгуурыг нь өндөр тавьж, цөөхөн монголчуудаа тоглоомонд донтохоос сэргийлэх зэрэг асуудал ч энэ хуулийн хүрээнд сөхөгдөх нь тодорхой болж байна.
Хоёр хөршид маань хориглодог казиног Монгол Улс чөлөөт бүсүүддээ байгуулж гадны том бизнесмэнүүдийг тоглуулах гарцыг нээснээр магад ДНБ-ий таван хувийг л бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар 20 хувь хүртэл өсөх, мөн орхигдсон гэх тодотгол зүүдэг чөлөөт бүс бүрэн утгаар нь хөгжих боломж бүрдэх зэрэг эерэг талаас нь асуудлыг харах цаг нь болжээ.
Монголд казино байгуулах цаг нь болсон уу гэдэг асуултад улстөрчид ч гэхгүй эдийн засагчид энэ салбарын талаар гадарладаг хүмүүс “болсон” гэж хариулж байгаа учраас хаврын чуулганы хэлэлцсэн голлох хуулиудын нэг нь Казиногийн тухай хуулийн төсөл болох нь ээ. Хуулийн төслийн эргэн тойронд нэлээдгүй олон асуудал хөндөгдөж яригдах нь ч тодорхой болж байх шиг. УИХ-ын гишүүд энэ хуулийн талаар ямар бодолтой байгааг тоймлон хүргэе.
Д.Дэмбэрэл: Казиногийн хуулийн цаана ярих асуудал бий. Зан суртахууны хувьд яаж төлөвших юм. Ёс суртахууны хувьд яаж төлөвших, түүнийг тойрсон бусармаг үйл явдал маш их гардаг. Түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдгийг ч ярилцах ёстой. Монголын ард түмэн тоглож наадах дуртай ард түмэн. Муушиг тоглож л байдаг. Үүнийг зохицуулалтаар шийдэхгүй бол хойч үеэ мөрийтэй тоглоомд оруулах вий.
С.Ганбаатар: Казиногийн хууль нэгэнт Засгийн газар өргөн барьсан бол давуу тал нь юу юм бэ ойр тойрны Орос, Сибирь, Хятад гэх мэт Зүүн өмнөд Азийн баян мөнгөтэй хүмүүс Монголд ирж тоглохдоо татвар төлөх, ажлын байр бий болгох, орлого оруулна гэх зорилготойгоор оруулж ирж байгаа санаатай байх. Мөн үүнийг хийх гэж байгаа бол ийм казино Монгол Улсын ойр орчимд алга байна.
Үүнийг бий болгох хэрэгтэй гэсэн судалгаагаа гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь Монголын жирийн залуучуудад казино муу үлгэр дуурайлал болох вий гэдгийг анхаарах ёстой. Монголчууд маань донтох вий гэдгээс сэргийлсэн гаргалгаа, судалгаа хаана байна. Залуучууд казинод донтоод эндээс салахаа больчихвол манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.
Лу.Болд: Манай хойд хөрш бол нэлээд алс хязгаар бүс нутагт казино байгуулж төвлөрүүлсэн байдаг Хятадад бол хориотой байгаа. Монголд бий болговол гадны аялал жуулчдыг татах бололцоотой юм. Гэхдээ харин хаана вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй гэж үзэж байна. Тодорхой улс орон казиногоос хүн амаа хол байлгах үйл ажиллагаа авдаг байгаа. Бид олон талаас нь бодох хэрэгтэй гэж үзэж байна.
Я.Содбаатар: Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барих шийдвэр гаргалаа. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэхээр болж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш эдийн засгаа идэвхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа. Ялангуяа аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарах ёстой. Энэ салбарыг хөгжүүлэхэд олон улсад хонжворт тоглоом буюу казино байгуулах асуудлыг эн тэргүүнд тавьдаг.
Манай орон Орос, Хятад гэсэн хоёр том гүрэнтэй хиллэдэг. Дээр нь ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсон ийм үед гаднаас жуулчин татах бодлогоор Казиногийн тухай хуулийг оруулж ирсэн гэж дүгнэж байна. Хэрвээ хууль батлаад тодорхой бүс нутагт казино байгуулахаар болбол Монгол Улсын иргэн ордоггүй байхаар зохицуулна гэж ярьж байгаа. Гадаадын жуулчид тоглоно гэсэн үг.
Дэлхийн улс орнууд мөрийтэй тоглоомыг зөв хөгжүүлээд төсвийн орлогодоо нэмэр болгож байна. Хамгийн гол нь олон улсын жишигт нийцсэн казиног дагаад сайн үйлчилгээ нэвтэрнэ. Үүнийг дагаад өндөр зэрэглэлийн зочид буудлууд бий болно. Тиймээс эдийн засгийг дэмжих бодит салбар гэж харж казиног хөгжүүлэх ёстой. Эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчил, цөөн тооны компанийн тэмцлээс илүүтэй тодорхой салбарт орж ирэх хөрөнгийн урсгалыг харж, шийдвэр гаргах ёстой.
Монгол Улсын иргэд эх орондоо мөрийтэй тоглоом эрх чөлөөтэй тоглоно гэвэл нэлээн зөрчил үүсэх байх. Тоглоомонд донтож, ахуй амьдрал, ажил төрлөө алдахаас эхлээд нийгмийн сөрөг үзэгдлүүд гарч магадгүй. Олон оронд өөрийнхөө улсын иргэдийг тоглуулахгүй байхаар хуульчилж өгсөн байдаг. Тэгэхээр энэ байдлаар нь боловсруулаад явсан нь дээр байх.
Д.Зоригт: Миний хувьд казино байгуулахыг дэмжиж байгаа. Гэхдээ Монгол Улсын иргэд тоглохдоо ямар шаардлага хангасан байх юм гэдгийг тогтоож өгөх ёстой байх. Хааяа нэг 1000-2000 ам.доллараар тоглож ажлын ачааллаа тайлах үе бий. Одоо энийг нуугаад яах вэ. Алдах үе ч байна. Авах үе ч байдаг. Хүмүүс мөрийтэй тоглоом гэсэн хуучирсан сэтгэлгээгээр их ойлгоод байна. Мэдээлэл бага учраас ийм байдлаар хандаж байгаа хэрэг. Монголд нэг ч байгаагүй, 1930-аад оны кино шиг нэг л их мафи, архидалт, биеэ үнэлэлтийн сүлжээ мэтээр ойлгоод байдаг. Одоо тийм биш. Ширээ болгоныг нь хянадаг, камераар шалгадаг, сонсдог, хамгаалалттай зохицуулалттай бизнес болчихсон.
Ц.Цолмон: Казиног бид ганц нэг буйдхан газар нууцаар тоглодог байдлаар байлгаад байвал хэрэг төвөг улам их гарна. Нууц байдлыг дагаад зөрчилтэй асуудлууд ч ар араасаа гарч ирдэг. Тэгэхээр олон одтой зочид буудал байгуулаад гадны мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийг татах байдлаар ашиг олж болно. Цаг нөхцөөх, азаа үзэх байдлаар зохион байгуулж сурчихвал ашиг олох боломж бий.
Ч.Улаан: Эдийн засагч, санхүүч хүн олон нийтэд таалагддаггүй арга хэмжээг дэмждэг. Жишээ нь архи, тамхины борлуултыг санхүүчид, төсвийнхөн тэгж их буруушаахгүй. Төсөвт тодорхой орлого оруулдаг учраас дэмждэг. Казиног зөв зохион байгуулж чадвал эдийн засаг санхүүд өгөөжтэй. Энэ утгаар нь би дэмждэг. Гарч байгаа үр дагаврыг нь яаж бага байлгах вэ гэдэг асуудал дээр нухацтай хандаж, оновчтой шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш казино гэдэг нь өөрөө аймшиг биш, дагалдаж бий болж байгаа үр дагавар нь аймшиг байхгүй юу.