Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбат
2015.03.05
Д.Ганбат: Казиногийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 23 удаа хуралдаж, 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар 50 хуулийн төсөл, УИХ-ын 5 тогтоолын төсөл, зарчмын зөрүүтэй 180 саналын томъёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаан шилжүүлжээ. Ирэх хаврын чуулганаар 9 бие даасан хуулийн төсөл, 300 гаруй хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж бэлтгэн хэлэлцүүлэхээр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Өршөөлийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх болов уу?
Засгийн газар өргөн барьсан Өршөөлийн хуулийн төслөө эгүүлэн татсан. Тиймээс дахин өргөн баригдах үед нь хэлэлцэх байх.
-АТГ-т Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг албан тушаалтны тоог багасгасан гэсэн. Ямар албан тушаалтан ХОМ-ээ өгөхгүй болсон вэ?
АТГ-ын тухай хуульд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Харин шаардлагагүй гэж үзсэн албан хаагчдаас ХОМ авахааргүй болсон. Үүнд туслах, мэргэжилтэн зэрэг 20 мянга хүн хамрагдсан. Ер нь цаашдаа ч ХОМ өгдөг албан хаагчдын тоог багасгах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Казиногийн хуулийн төслийг хэлэлцэх нь зөв үү?
Казиногийн хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Зарим хүмүүс энэ хуулийн төслийг шаардлагагүй гэж үздэг. Жуулчдыг татах үүднээс Казиногийн хуулийн төслийг хэлэлцэн нь зүйтэй.