Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.08/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар байлаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 104 арга хэмжээний дотор хууль зүйн салбарын хүрээнд 7 чиглэлээр 9 арга хэмжээг хэрэгжүүлэхээс тусгагдсан бөгөөд 83.3 хувийн биелэлттэй гарсан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдэд мэдээлсэн. Төрийн бүртгэл мэдээллийн тогтолцоог шинэчлэх, цахим мэдүүлгийн тогтолцоог бүрдүүлэх, Тахарын албыг байгуулах, хорих байгууллагын тогтолцоог шинэчилж, орчин үеийн жишигт нийлүүлэх, хил хамгаалах байгууллагын техникийг шинэчлэх зэрэг хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээнүүдийн биелэлтийн талаар салбарын сайд мэдээлэл хийсэн. Салбарын сайд болон холбогдох агентлагуудын удирдлагын тайлбарласнаар, зарим төлөвлөсөн ажил биелэгдээгүй нь санхүүжилт шийдэгдээгүйтэй холбоотой гэлээ. Сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд гишүүдийн хэлсэн саналыг нэгтгэн томьёолоод дараагийн хуралдаанаар дахин хэлэлцсэний дараа Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэсэн Ц.Нямдорж гишүүний санал дэмжигдсэн учир ирэх хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.
Үүний дараа Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
”, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсний “...хуралдаанд оролцсон ... гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь; Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсний “...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй...” гэсэн нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...“ гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй дээрх хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж тогтов.
Мөн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...”, гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан аж. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Г.Батхүү нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай байв.
1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 1998, 1999, 2001, 2003, 2005, 2008 онуудад буюу нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга, хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, олон улсын жишиг, Монгол Улсын олон улсын гэрээ, болон үндэсний зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан, мөн сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний нягтрал, осол, хэрэг, зөрчил ихэссэнтэй холбоотой үүссэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг улс орны эрх ашиг, нийгмийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийг өөрчлөн шинэчилж боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болж байна хэмээн Г.Батхүү гишүүн танилцуулсан.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалтыг шинэ түвшинд хүргэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол, хэрэг, зөрчлийн тоог бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үзэл баримтлалын томоохон өөрчлөлт, шинэчлэл, зохицуулалтуудыг тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн З.Энхболд, замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэхэд хэдий хэрийн зардал гарахыг тодруулсан. Тэрбээр, бага насны хүүхдийг автомашинд авч явахад зориулагдсан тусгай суудлыг хэрэглэх талаар төсөлд хэрхэн тусгасан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд ногдуулах хариуцлагын талаар лавласан. Ажлын хэсгээс тайлбарласнаар, замын тэмдэг тэмдэглэгээ, хүүхдийн суудал, мотоциклийн малгайтай холбоотой евро стандартын 120 гаруй стандартыг батлуулаад байгаа бөгөөд дээрх хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжих эрх зүйн орчин бүрдэх юм байна.
Замын хөдөлгөөний зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагыг төсөлд нарийвчлан тусгаж өгсөн юм байна. 1970-аад онд японд зам тээврийн осол маш их гардаг байсан бөгөөд торгуулийн хэмжээг өсгөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 ам.доллараар торгох болсноор ослын тоо 80 хувиар буурсан туршлага бий аж. Хуулийн төслийг боловсруулахдаа зургаан орны замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг судлан үзсэн гэж Г.Батхүү гишүүн хэлсэн.
Тэрбээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол одоо мөрдөгдөж буй хуулиар 1000 төгрөгийн торгуулиас эхлээд 2 жил эрхээ хасуулах хүртэл шийтгэл хүлээдэг бол шинэ хууль батлагдсанаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөөд, жолоо барих эрхээ 2 жилээр хасуулах бөгөөд давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ 3 жилээр хасуулах ажээ. Зам тээврийн зөрчлийн талаар мэдээллийн санд байнга бүртгэгдэж явах бөгөөд улаан гэрлээр 20 удаа зорчсон, нэг удаа зорчсон жолооч нар адил торгууль төлдөг байдал үгүй болох юм байна.
Гишүүд автомашины хамгаалалтын бүс хэрэглэх, жолооч гар утас ашиглах асуудлыг тодруулж байлаа. Ажлын хэсгээс хариулснаар, жолооч, зорчигчид 100 хувь хамгаалалтын бүс хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар автомашин жолоодохгүй байх гэсэн гурван зүйлийг л мөрдөж чадвал авто машинаас үүдэлтэй үхэл, гэмтлийг 50 хувь бууруулах бололцоотой нь тогтоогдсон аж. Шинэ хуулиар хамгаалалтын бүс хэрэглээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.
Одоо мөрдөж буй замын хөдөлгөөний дүрэмд гар утас хэрэглэхийг хориглодог ч гэлээ гар утсаар ярихдаа чихэвч хэрэглэхийг зөвшөөрдөг бол шинэ боловсруулсан хуулийн төсөлд гар утсыг гарын оролцоогүй ашиглахыг ч хориглосон байна. Учир нь гар утасны хэрэглээ зам тээврийн осол гарах нөлөөллийн 32 хувийг эзэлдэг нь судалгаагаар батлагдсан ажээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Үүний дараа Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор казиногийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байна хэмээсэн.
Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417.0 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх зэрэг зорилт тавьж байна. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж сайд хэлсэн.
Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй байхаар тусгасан ажээ.
Танилцуулгын дараа сайд гишүүдийн асуултад хариулсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хуулийн төсөлд казино байгуулах хоёр байршлыг тогтооно гэж заасан байгааг хаана, ямар казино байгуулах нь тодорхой болсон юм байна гэж ойлгож болох уу хэмээн асуусан. Мөн тэрбээр, Сингапурын иргэд казинодоо орж тоглох эрхтэй байдаг.
Гэхдээ үүний тулд такс төлдөг. Тус улсын хуулиар тоглох мөнгөний хэмжээг нь хуулиар заагаад өгсөн байдаг гэж хэлж байлаа. Казино эрхлэгч хууль зөрчсөн тохиолдолд төлөх торгуулийн хэмжээ асар өндөр байдаг. Тухайлбал, олсон жилийн орлогын 10 хувиар торгох, эсвэл 100 хүртэл сая ам.долларын торгууль төлөх гэх мэт. Ийм заалт хуулийн төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа.
Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын хэлснээр, анх казиног чөлөөт бүсэд байгуулахаар яригдаж байсан ч хуулийн төслийг боловсруулах явцад байршлыг Засгийн газар тогтоохоор тусгасан байна. Мөн тэрбээр одоогоор казино байгуулах асуудлаар хандсан, яригдсан зүйл байхгүй гэдгийг онцолсон.
Гишүүд казиног ажиллуулах эрх зүйн орчин нөхцлийг зөв бүрдүүлэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд үүнийг дагаад гарах саар үзэгдлүүд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангаж, аюулгүй байдал, хууль сахиулах стандартыг бий болгон чандлан сахих нь зүйтэйг анхааруулж байв. Ийнхүү хэлэлцсэний эцэст хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.