З.Баянсэлэнгэ: Түүнийг гүтгэсэн гэж бодохгүй байна
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.02.10

З.Баянсэлэнгэ: Түүнийг гүтгэсэн гэж бодохгүй байна

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд Монгол Улсын сайд М.Энхсайхан оролдож, мега төслүүдээ урагшлуулах ажлын явцын талаар мэдээлэл өгчээ. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Цөмийн энергийн газрыг татан буулгасныг тус эвслийнхэн буруушааж буй юм. Одоо газар нь татан буугдаж, комисс үлдсэн.

Тэр нь Ерөнхий сайдын харьяанд байгаа аж. Дээрх газрын чиг үүргийг гурван ч байгууллагад хуваан өгчээ. Хариуцаж байсан байгууллага нь үгүй болсноор цөмийн хаягдлыг манай улсад булахтай холбоотой асуудлыг хянах эзэнгүй боллоо хэмээн тус Бүлэг үзээд хэлэлцүүлгээс завсарлага авсан гэнэ.

Үүнээс гадна Гацууртын ордод төрийн эзэмших хувийг тогтоох зорилготой оруулж ирсэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй ханджээ. Төрийн эзэмшлийн хувь 20 байгаа нь хэтэрхий чамлалттай гэж тэд үзэж байна. Энэ талаар Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр “Засгийн газраас Гацууртыг стратегийн ордод оруулах асуудлыг өргөн барихдаа эдийн засгийн хямралтай холбож байсан.

Гэтэл мэргэжлийн хүмүүс нь уг ордын 20 хувийг төр эзэмшвэл жилийн дараагаас ногдол ашгаа хүртэж эхлэх учир зөв гэж тайлбарлаж буй. Жилийн дараагаас ашгаа хүртэх юм бол өнөөдрийн эдийн засгийн хямралтай шууд утгаар холбогдохгүй” гэлээ.Засгийн газрын ХЭГ-ын даргыг огцруулах тухай тогтоолыг өргөн барьсан таван хүний хоёр нь тус Бүлгийн гишүүн. Тэд энэ асуудлыг хэлэлцэж, хоёр гишүүнээсээ тодруулга авсан гэнэ. Түүнээс энэ талаар лавлалаа

“Шударга ёс” эвсэл С.Баярцогт сайдыг огцруулах тухайд ямар байр суурьт хүрсэн бэ? Огцруулах үндэслэл нь С.Баярцогтыг гүтгэсэн гэж АН-ын бүлэг тайлбарласан.

АНУ-ын “Painter law firm” хэмээх гэр бүлийн хоёр хүнээс бүрддэг компаниас хуулийн зөвлөгөө авахад зориулж энэ оны төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгая гэсэн С.Баярцогт сайдын гарын үсэгтэй бичиг байгаа. Өнгөрсөн онд тус компанид 455 сая төгрөг шилжүүлсэн юм билээ.

Уг компани эрүүл мэндийн зөвлөгөө, даатгалын чиглэлээр ажилладаг. Манай бүлгийн хоёр гишүүн бие даагч нартай хамтраад бүрэн эрхийнхээ хүрээнд ийм асуудал оруулж ирсэн. Үүнийг манай Бүлгийн байр суурь гэж үзэж болохгүй.

Юутай ч гишүүдийн оруулж ирсэн төслийг хэлэлцэх явцад С.Баярцогт сайдтай холбоотой, олны анхаарлыг татсан олон асуудлын гогцоо тайлагдах байх. Гишүүд асууна сайд өөрөө тайлбараа хэлэх байх. Харин түүнийг гүтгэсэн гэж бодохгүй байна.