С.Одонтуяа: Төрийн өмчит эмнэлгүүд бие даан хөгжих боломж бүрдэнэ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төсөл санаачилснаа өргөн барилаа
2015.02.16

С.Одонтуяа: Төрийн өмчит эмнэлгүүд бие даан хөгжих боломж бүрдэнэ

УИХ-ын дарга З.Энхболдод С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан нарын найман гишүүн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төсөл санаачилснаа өргөн барилаа. Төслөө өргөн барих уеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас цөөн зүйл тодрууллаа.

-Эрүүл мэндийн салбарт хамаатай хэд хэдэн хууль бий. Энэ хууль батлагдвал тэдгээрээс өөр юуг зохицуулах юм бэ?

Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхэд томоохон алхам болно. Эмнэлэг тусгай хууль, зохион байгуулалт, удирдлага, санхүүжилттэй байх ёстой. Гэтэл Эрүүл мэндийн тухай хуулиар нийтлэг харилцааг зохицуулдаг. Мөн саяхан баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар энэ салбарын санхүүжилтийг зохицуулж байгаа.

Харин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төсөлд бүх талын зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Тухайлбал, манай эмнэлгүүд төрийн албан байгууллага шиг ажиллаж, үйл ажиллагаа нь Төсвийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа.

Тиймээс ч эмнэлгүүдэд үйлчлүүлэгчдэдээ чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмч ажиллагсдынхаа ажлын хөлсийг бодитойгоор үнэлэх шаардлага тулгарч байдаг. Манайд голлох үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит томоохон эмнэлгүүд энэ хууль батлагдсанаар улс төрөөс хараат бус, бие даан хөгжих боломж бүрдэнэ.

Түүнчлэн эмнэлэг, эмч гэдэг ойлголт сонгодог утгаараа хэрэгжиж, сүүлийн үеийн, олон улсын стандартад нийцсэн, зөвхөн үйлчлүүлэгч рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа давамгайлах болно.

-Удахгүй болох ээлжит чуулганы хаалтын өмнөхөн төслөө өргөн барилаа. Төсөл санаачлагчийн хувьд хийх дараагийн алхам юу байх вэ?

Эхлээд ажлын хэсэг байгуулж, эрүүл мэндийн салбарынхны дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Улмаар ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, батлуулна гэж бодож байна.