Говь-алтайд 500 залуучуудын чуулга  уулзалт боллоо
2011.08.25

Говь-алтайд 500 залуучуудын чуулга уулзалт боллоо

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Говь-Алтай аймгийн НАМЗХ-той  хамтран 2011.08.13-15-ны хооронд  “Алтай тандаа зүтгэе” уриан доор 500 залуучуудын чуулга уулзалтыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Хөгжилтэй Андууд” зусланд амжилттай зохион байгууллаа.

Говь-Алтай аймгийн 500 залуучуудыг  чуулганыг “Алтайн эрин” сан, “Алтайн хөгжил XXI зуун” ТББ, “Мандал Алтай” групп ивээн тэтгэж оролцсон юм.

Сум сумдаас олон сайхан залуучуудыг цуглуулан спорт, урлаг, уран сайхан, сургалтын арга хэмжээг зохион байгуулж, залуусын сэтгэл санааг дэмжсэн энэхүү арга хэмжээнд  МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, “Алтайн эрин” сангийн тэргүүн, “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр,  МАН-ын Бага хурлын гишүүн, “Алтайн хөгжил 21-р зуун” ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга, Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр, МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Д.Амарбаясгалан, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Батзаяа нар болон бусад төлөөлөгчдийн хамт  оролцож, зохион байгууллаа.

Мөн Говь-Алтай аймгийн харъяат Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын заан Б.Соронзонболд, Монгол Улсын начин С.Багахүү, аймгийн арслан Ж.Алтаншагай, аймгийн арслан Ш.Шинэбаяр нар нутгийнхаа шижигнэсэн залуучуудын чуулга уулзалтын үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцов.

Чуулга уулзалтанд Говь-Алтай аймгийн 17 сум, 2 тосгон, 6 багаас төлөөлөгчид ирсэн бөгөөд 2011.08.13-ны өглөөний 06:00 цагт  төлөөлөгч 500 залуус Алтай хотын төвд байрлах Монгол Улсын Баатар Жанчивын   хөшөөнд цэцэг өргөж үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Чуулганы эхний өдөр төлөөлөгч залууст чадварлаг багш, лекторуудаас бүрдсэн багш нарын баг улс төрийн болон хувь хүний хөгжлийн сургалтыг хийж,  дараагийн өдөр спорт,  урлагийн арга хэмжээг зохион байгуулж, залуус идэвхитэй оролцлоо. Мөн Алтайн залуус өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг хайн, үзэл бодлоо хуваалцсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сум сумын төлөөлөл болсон 500 залуус маань НАМЗХ-ны логоны өнгө дагуу таван өнгийн цамц өмсөж, уулын энгэрт байрлан гарын таван хурууны дүрсний дагуу зогсон зургаа авахуулсан нь НАМЗХ-ны түүхэнд тэмдэглэхүйц баяртай, дурсамжтай мөч байж, Эх орноо гэсэн, Алтай нутгаа гэсэн, Монголын залуусын хамгийн том нэгдэл болсон НАМЗХ-гоо гэсэн залуусын зүрхэнд хийе, бүтээе, бид чаднаа гэсэн бодол сэтгэлд нь багтаж байсан болов уу.

Алтай нутгийн иргэдийн төлөөлөл болсон эрхэм УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар энэхүү залуусыг  нэг галын дэргэд цуглан хөгжилдөн сууж, үзэл бодол, сэтгэл санаагаа илэрхийлэн, санал солилцож, хийж бүтээх хүсэл тэмүүллийг нь бадраасан  энэхүү хоёр өдрийн арга хэмжээг ивээн тэтгэж, зохион байгуулсан нь залуусын талархлыг хүлээсэн юм.

Тус чуулганд оролцсон Алтай нутгийн нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, төлөөлөгч залуус сэтгэл өндөр, хийж бүтээх их хүсэл эрмэлзэл дүүрэн, эргэн уулзахын ерөөл тавин өндөрлөлөө.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.