Байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллав
Байнгын хорооны дарга Д.Батцогт энэ сарын 14-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав.
2015.02.18

Байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт энэ сарын 14-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав.

Тэрээр Ховд аймгийн ахмадуудтай уулзаж, Улсын Их Хурлаас гарсан хууль, тогтоомжуудын талаар танилцуулсны зэрэгцээ тус аймагт 2015 онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрээр "Манай улсын нийт хүн амын 5 хувь нь 60-аас дээш насны ахмад настан эзэлж, 2014 оны байдлаар нийт 242 мянга гаруй иргэд өндөр насны тэтгэвэр авч байна. Улсын Их Хурал Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг баталж, ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний төрөл, хэмжээг тогтоож, тусламж, хөнгөлөлтийг үзүүлж байна.

Түүнчлэн ахмад настны амьдралын чанар, аж байдлыг сайжруулах, тэднийг нийгмийн амьдралд оролцуулах, нийгмийн идэвхтэй гишүүн байх тааламжтай орчныг бүрдүүлэх, эрүүл насжих нөхцлийг нэмэгдүүлэх үндэсний бодлогыг батлан хэрэгжүүллээ.

Улсын Их Хурал Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, хэлэлцэн баталлаа. Хуулиар сайн дураар даатгуулагчид буюу малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, чөлөөт уран бүтээлчдийн цалин хөлс, орлого нь тогтмол бус, улирлын чанартай учраас тэдэнд нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, эсхүл хагас жилээр төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлж өглөө.

Шилжилтийн үед улсын үйлдвэр аж ахуйн газрууд байгууллагын санхүүгийн баримт, архивын материалыг дур мэдэн устгаснаас 1995 оноос өмнө ажиллаж байсан иргэд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт гаргуулах, дундаж цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж хохирсоор байна.

Нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохоор хуульд нэмж тусгалаа.

Манай Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлаар батлууллаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэлийг хийх цаг аль хэдийнээ болжээ. Эрүүл мэндийн үйлчилгээг бид халаасаа тэмтэрч биш даатгалаараа төлж эм, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авдаг шинэ тогтолцоо руу шилжинэ" гэв.

Мөн тэрээр, манай аймагт хийгдэх томоохон хөрөнгө оруулалт бол Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл бөгөөд үүнд 8 тэрбум 700 сая төгрөг зарцуулагдана.  

Энэ жил аймгийнхаа эмнэлгийг цогцолбороор нь шинэ байранд оруулж, Бельги, Солонгос улсын буцалтгүй тусламжтайгаар тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ. Мөн эмнэлгийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, мэдээллийг сайжруулж, дахин мэргэжлийн сургалтанд хамруулахаар тоног төхөөрөмж авсан орнууд руугаа явуулахаар төлөвлөж байна гэлээ.

Байнгын хорооны дарга Д,Батцогт орон нутагт ажиллах үеэрээ Ховд аймагт төрсөн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудад гарын бэлэг гардуулан өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.