Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдыг томиллоо
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.02.24

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.18/ нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжлэг аваагүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болсон бөгөөд тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлдэг байна.

Байнгын хорооноос Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь нэр дэвшигчдийг тус хорооны гишүүнээр томилохыг дэмжсэн хэмээн А.Бакей гишүүн танилцуулсан. 

Мөн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг байнгын хороо дэмжсэн ажээ. Нэгдсэн хуралдаанаар байнгын хороогоор дэмжигдсэн дээрх гурван нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдлоо. Түүнчлэн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөллөө.