Тариалалтад 17.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Газар тариалан
2015.03.03

Тариалалтад 17.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Хаврын тариалалтад анхаарч, хамтран ажиллах талаар ярилцахаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр тариаланчидтай уулзлаа.

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй “Бид нэгдсэн ойлголтод хүрэх чухал. Энэ жил экспортыг сайн дэмжих хэрэгтэй.

Бид дан рапс тарих гээгүй, хөрсний үржил шимийг сайжруулах бусад ургамал ч тарина” гэсэн бол ‘Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг хаврын ажил эхлэх гэж байхад урамшууллаас суутгасанд бухимдаж буйгаа илэрхийлэв. Энэ талаар Р.Бурмаа сайд “Чанар сайжруулах хатуу буудайн үрийн сорт импортлох, хөрсний үржил шим сайжруулах бордоо үйлдвэрлэх зэрэг зөв санал, санаачилгыг дэмжинэ.

Урамшууллын 25 тэрбум төгрөгөөс зургаан тэрбумыг нь аж ахуйн нэгжүүдийн өрөнд суутгасан. Тариалан эрхлэлтийн сан мөнгөтэй байж энэ хаврын тариалалтад хэрэглэх үр, ургамал хамгаалах бодис, бордоо, шатахууны хөнгөлөлт үзүүлэх ёстой учир өөр аргагүй. Тус санд 80 тэрбум төгрөгийн өр үүссэн байсны тал нь тариаланчдынх үлдсэн нь гурил үйлдвэрлэгчдийнх.

Стратегийн хүнс   болох      буудай үйлдвэрлэхэд төрөөс бэлэн болон бэлэн бусаар нийт 460 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байдаг” гэж байр сууриа илэрхийллээ.Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ хаврын тариалалтад 17.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болж, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай үр, шатахуун, бордоог хугацаанд нь нийлүүлэх ажлаа эхлээд буй аж.  

Тус санд мөнгө хэрэгтэй учир тариаланчдын өрийг урамшууллаас суутгасан. Харин гурил үйлдвэрлэгчид улсаас ямар нэгэн урамшуулал авдаггүй учир ингэх боломжгүй, хууль, хяналтын байгууллагад хандаж шийдүүлэх болжээ.