Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэн Токиод нээгдэв
“Тэнгэр, Нар, Түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн
2015.03.09

Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэн Токиод нээгдэв

“Тэнгэр, Нар, Түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн Токио хотын “ITOCHU AOYAMA ART SQUARE” -д дэлгэгдэв. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт гуравдугаар сарын 4-ний өдөр болсон бөгөөд энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Үзэсгэлэнг Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, Японы парламентын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын Эдийн засгийн хороо хамтран гаргажээ.

Үзэсгэлэнг нээж Японы парламентын ЯМНН-ийн дарга М.Хаяши, С.Эда, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн ахлагч Д.Ганхуяг, Монголын каллиграфчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо нар үг хэлэв.

Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байгаа бөгөөд нээлтийн ёслолд мэндчилгээ, цэцэг ирүүлжээ. Ш.Абэ мэндчилгээндээ “Манай хоёр орон зөвхөн сүмо биш япон, монгол бичгийн уран татлагын уламжлалт соёлтой орнууд юм. Энэхүү үзэсгэлэнгээр уламжлан Монгол, Японы соёлын уламжлалын гайхамшгийг аль болох олон хүнд хүргэж чадна гэж итгэж байна. Монгол бол Японы хувьд эртний чухал найз нөхөр билээ. Миний бие уржнангийн 3 дугаар сард Монгол улсад айлчилсан, араас нь Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Японд айлчилсан гэх мэтээр дээд хэмжээний уулзалтууд идэвхтэй явагдаж байна. Энэ удаагийн уран татлагын үзэсгэлэн хоёр орны түншлэлийг улам гүнзгийрүүлж, улстөр, эдийн засаг, соёл зэрэг салбар бүрийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцолд томоохон хувь нэмэр оруулна гэж найдаж байна”  гээд “үзэсгэлэнг заавал өөрийн биеэр очиж үзнэ” гэдгээ илэрхийлжээ.

Монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Болд, Ц.Оюунгэрэл, Д.Ганхуяг, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, түүний ээж Абэ Ёоко, Япон улсын Ерөнхий сайд байсан Т.Кайфү, Ц.Хата, Ю.Хатояма, Т.Асо, Япон улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Никай зэрэг хоёр орны төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүд болон Монголын каллиграфийн мастер Д.Баттөмөр, Т.Жамъянсүрэн, Д.Батбаяр, Л.Түвшинжаргал, Д.Ганбаатар, Д.Болдгарав, Б.Алтантуяа, Ц.Тамир,  Л.Амарсанаа нар болон яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Японы каллиграфийн мастер Ш.Яхаги, С.Такаки, С.Кобаяши, Х.Эноки нарын 90 орчим бүтээл дэлгэгдэж байна.

Уг үзэсгэлэн нь хоёр орны түншлэлийн өргөн цар хүрээтэй харилцаа, манай ард түмнүүдийн нөхөрлөлийн билэг тэмдэг, энх амгалангийн утга агуулга бүхий үг, өгүүлбэр, онч мэргэн үгс болон яруу найргийн мөрүүдээс цогцолж буй бөгөөд монгол бичиг хийгээд япон бичгийн соёл, уламжлал, бийр бэхэсийн урлагийн ур чадварыг харуулж байна.