Хяналтыг хянах системийг нэвтрүүлэхээр боллоо
Шилэн хяналт
2015.03.12

Хяналтыг хянах системийг нэвтрүүлэхээр боллоо

“Шийдлийн цаг” уулзалтаар хяналтыг хянах системийг нэвтрүүлэхээр боллоо

Монгол Улсын Засгийн газар бизнест ээлтэй орчныг бий болгохын төлөө шат дараатай арга хэмжээ авч буй. Хяналтын хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, энэ хаврын чуулганаар хэлэлцэх юм.

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын өнөөдрийн сэдэв шилэн хяналтын системийг нэвтрүүлэх тухай байлаа.

Хүмүүст ажил олгож, татвар төлдөг баялаг бүтээгч иргэдээ дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Баялаг бүтээгчдээ хэм хэмжээгүй хяналт шалгалтаар дарамтлана гэдэг бол эдийн засгаа дарж байна гэсэн үг. Манайд зөвшөөрөл нэртэй хориг их байна. Тиймээс ч Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.  

Хяналт нэртэй хяхалт, шалгалт нэртэй шахалт их байна. Ийм гомдол санал бизнес эрхлэгчдээс олон ирдэг. Хянаж шалгаж болно, шаналгаж болохгүй. Хяналт өөрөө хяналттай байх ёстой. Хянах арга нь шилэн хяналт юм. Иймд хяналтыг хянах систем бий болгохыг мэдээлэл технологийн салбарын удирдлагуудад үүрэг болгосны дагуу www.shilenhyanalt.gov.mn сайтыг үүсгэж, өнөөдрөөс ажилуулж эхлэхээр болсон гэж тус уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Энэ сайтын үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд яаралтай хүргэж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг уулзалтад оролцсон хүмүүст үүрэг болголоо.

”Шийдлийн цаг” уулзалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Раднаасэд, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Мэдээлэл технологи, шуудан харилцааны газрын дарга Ц.Жадамбаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц нар оролцлоо.

Шилэн данс ажиллаад эхэлсэн. Өнөөдрөөс шилэн хяналтыг  (www.shilenhyanalt.gov.mn) ажиллуулж эхэллээ. Хяналтын шалгалтын хийх болон хийхээсээ өмнө энд мэдээлдэг, иргэд, компани, хяналт шалгалт хийдэг төрийн байгууллагууд, Хяналтын зөвлөлийн гишүүд нэвтэрдэг байх энэ систем цаг, мөнгөнд ч хэмнэлттэй. 

Хяналт, шалгалт нь хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд байх ёстой. Гагцхүү хэм хэмжээтэй, ил тод, дүрэм журамтай байх нь эдийн засгаа эрүүлжүүлэх нэг үндсэн зарчим, бодит шийдэл юм. 

Бизнесийн итгэлийн индексээр өнгөрсөн онд бизнесийн орчин муудсан гэж 47 хувь нь хариулсан мөртлөө илүү сайжирч эрүүлжинэ гэсэн хүлээлт 60 шахам хувьтай гарсан байна.

Энэ бол хийж бүтээдэг, сэдэж санаачилдаг, ажилсаг бүтээлч хүмүүс бидэнд итгэсэн хэвээр, эрүүл саруул орчныг хүсч хүлээж байгаа дүн. Төр засаг хүмүүстээ итгэж байж, эдийн засгийн хүндрэлийг хамт давна гэж Ерөнхий сайд хэллээ. 

 Шилэн хяналт бол хянаж шалгадаг талыг нь авлигаас хамгаалж, хянуулж шалгуулдаг талынх нь эрх ашгийг хамгаалах хэрэгсэл.

Зөвхөн буруутгах гэж шалгадаг юм биш. Зөв бурууг нь тунгаах гэж шалгадаг.

Шалгуулсан бүхэн бурууддаг, шалгах бүрт буруу олдог байж болохгүй.

Хяналт шалгалт хэм хэмжээтэй, удирдамж чиглэлтэй байх ёстой. Зарим хяналт шалгалт өрсөлдөгчөө зайлуулах захиалгатай болсон талаар бизнес эрхлэгчид ярьж байна. Нэгийнх нь захиалгаар нөгөөг нь торгож, шийтгэнэ гэдэг бол манай тамирчдыг улаан цайм луйвардсан нэг биш тохиолдолтой ялгаагүй шударга бус хэрэг.

Хууль хэрэгжүүлэх гэж байдаг хяналт өөрөө хууль хөсөрдүүлдэг байхыг зөвшөөрөхгүй. Төлөвлөгөөгүй хяналт бол төлөвлөгөөтэй хяхалт.Тиймээс ч хяналтыг хянах системийг бий болгож байна гэж Ерөнхий сайд онцлоод энэ ситем нь хяналтын байгууллага болоод тухайн байгууллага, аж ахуйн нэгж хоорондын харилцааны бүрэн баримт болох тул аж ахуйн нэгжийн оролцоог сайтар хангахыг уулзалтад оролцсон албаны хүмүүст үүрэг болголоо.

www.shilenhyanalt.gov.mn сайтад

·Хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж;

·Хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага;

·Хяналтын тухай хуулийн төсөлд тусгагдсан хяналтын зөвлөлийн гишүүн;

·Олон нийт- веб порталд зочлогч нар нэвтэрнэ.

Үйл ажиллагаа нь жигдэрснээр

·Хяналт хийсэн ерөнхий тоо;

·Хамгийн олон хяналт хийсэн чиглэл, төрөл;

·Хяналтад хамгийн олон өртсөн компаниуд;

·Хяналттай холбоотой гарсан зардал

·Гомдол гаргасан аж ахуйн нэгж;

·Шалгалтын үр дүнгээр авч байгаа арга хэмжээнүүд тодорхой болж шийдвэр гаргах боломж бүрдэх юм.

Монгол Улсад 114 мянган хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд эдгээр аж ахуйн нэгж байгууллагууд нэр болон бүртгэлийн дугаараараа энэ сайтад нэвтрэх боломжийг бүрдүүлжээ