Монголчууд 1-р замыг сонголоо: Хэн юу хэлэв
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийнхүү мэдэгдэл хийсэн бол УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын явуулсан санал, асуулгын талаар янз бүрийн байр суурьтай байлаа. Гишүүд уг асуудлаар хэрхэн байр сууриа илэрхийлсэн бэ.
С.Ганбаатар: Ард түмэнд гурав дахь сонголтыг өгөх байсан
Нэгдүгээр зам уу, хоёрдугаар зам уу гэж шууд тулгахын оронд гуравдугаар зам гэж байж болох уу гэдгийг ард түмнээсээ, эрдэмтдээсээ, холбогдох бусад салбарын мэргэжилтнүүдээсээ асуугаачээ гэдгийг л Ерөнхий сайдад зөвлөмөөр байна. Учир нь Оюутолгойг явуулах уу гэж асууж байна.
Гэтэл явахын дээдээр явж байна шүү дээ. 2014 оны есдүгээр сарын 10-ны байдлаар Оюутолгой 8.6 тонн алт гаргасан бол 2014 оны бүтэн гүйцэтгэлээрээ 20 тонн алт гаргасан. Мөнгө нь 20 тонн байсан бол одоо 30 тонн гаргачихсан байна.
Нийтдээ 1.9 тэрбум долларын борлуулалт хийсэн. Оюутолгой явахын дээдээр явж байгаа. Гэтэл явуулах уу гэдэг нь юу гэсэн үг юм. Энэ цаашаагаа зүгээр гадны 15 банкинд барьцаанд тавих уу гэдгийг асууж байгаа юм уу.
Тэгвэл Рио Тинто Монголоос зугтана гэсэн үг. Яг ийм байдлаар битүү, бүдүүн хадуун асуулт битгий асуугаач. Хоёрдугаарт, бүсээ чангалах уу гэж асууж байна. Чангалмааргүй л байна. Тэтгэврийнхээ, одонтой эхчүүдийнхээ мөнгийг өгмөөр байна. Дээр нь нэмээд Оюутолгойг тавиад туух уу гэж байна. Туумааргүй байна. Бид гэрээгээ эргэж харж, гэрээгээ Монголд ашигтай болгомоор байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ, уул уурхайн бусад гэрээнүүдийг Монголд маш хортой, ашиггүйгээр хийсэн.
Тийм учраас дахин ширээний ард сууж, Монголын эрх ашгийг дахиж ярих боломжтой. Дээр нь гуравдугаар арга зам нь хад, чулуу, шороогоор нь бүх баялгаа зөөхийн оронд хэдүүлээ зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрээ барих гуравдугаар зам гэж бидэнд байна. Энэ болгоныгоо ард иргэдээсээ, эрдэмтдээсээ асуух хэрэгтэй.
Д.Ганхуяг: Аль ч Засгийн газар зардлаа тэвчиж, том төслөө хөдөлгөх л ёстой
Хоёр зам хоёулаа л байх ёстой бодлого. Яахав, ийм байдлаар асуулга явууллаа гээд шүүмжлэх хүмүүс байсан. Гэхдээ асуулгыг явуулж л байдаг шүү дээ. Сайтуудаар ч, сонин хэвлэлээр ч явж л байдаг. Оюутолгой, Тавантолгойг үүний ард буруугаар эргүүлэх гэж байна гээд л хардаж байх шиг байна.
Ер нь бол Монгол Улсын Их хурал, Засгийн газрын үйл ажиллагаа ил тод байгаа. Ихэнх хүмүүс нь нэгдүгээр замыг сонгоё гэсэн байгаа юм байна. Гэхдээ угаасаа аль ч төр үргэлж зардлаа хэмнэж, багасгаж байх ёстой. Дээрээс нь том том төслүүдээ үргэлж л дэмжиж байх ёстой. Хийх ёстой л ажил нь шүү дээ.
Ж.Энхбаяр: Том төслүүдийг үндэсний эрх ашигт нийцүүлж шийдэх ёстой
-Тавантолгой, Оюутолгойг ашиглая гэдэг нь заавал санал асуулгаар шийдэх зүйл биш. Аль хэдийнэ шийдэгдчихсэн. Үйл ажиллагаа нь явж байгаа арга хэмжээнүүд. Тавантолгойг ашиглахгүй гэсэн улстөрч, улс төрийн намууд, Монгол Улсын иргэн байхгүй.
Ойлгомжтой шүү дээ. Гол нь үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд хэрхэн нийцтэйгээр, Монголын ард түмэнд хүртээмжтэйгээр, ард түмэнд хуваарилсан 1072 ширхэг хувьцаа буюу тус ордын 20-оос доошгүй хувь нь Монголын ард түмэнд үлдэх, тэр хувилбараар л шийдэх ёстой.
Түүнээс биш хэн нэгэн компаниуд, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, хуйвалдааны зарчмаар энэ асуудал явж болохгүй.
Ч.Улаан: Нумаа суугаад, сумаа тавьдагтай адил байна
Санал асуулга явуулж, ард иргэдийнхээ санал, бодлыг судалж болно. Энэ бол байж болох асуудал. Гэхдээ учир битүүлэг асуудал байна. Хоёр асуудлыг хөндсөн байгаа шүү дээ. Эсвэл зардлаа хэмнэж, ханшаа тогтоох, эсвэл Оюутолгойгоо хөдөлгөх үү гэж. Энэ бол хөгжлийн зам биш. Хөгжлийн асуудлыг шийдэх аргын хоёр хэлбэр. Аль алийг нь бие биенийх нь эсрэг, зөрүүлж тавиад байх хэрэг байхгүй.
Аль алийг нь хэрэглэх ёстой. Үргүй зардлаа тэвчье гэж байгаа бол зөв, үүнийг дэмжье. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтаа татъя, том төслүүдээ хөдөлгөе гэж байгаа бол бас л зөв. Гэхдээ хамгийн гол асуудал нь ямар аргаар үүнийг хэрэгжүүлэх гэж байна вэ. Ямар өгөөжтэй хэрэгжүүлэх гэж байна вэ гэдэг нь өнөөдөр учир битүүлэн байна. Оюутолгойг хөдөлгөе, яаж хөдөлгөх юм.
Монголчуудад ашигтай, монголчууд байгалийнхаа баялгаас үр шимийг нь хүртсэн, тийм аргаар хэрэгжүүлье гэж байгаа бол тэр аргаа ард иргэдээсээ асуух хэрэгтэй. Түүнээс биш ямар ч үнээр хамаагүй гадаадын хөрөнгө оруулалт л хэрэгтэй.
Ямар ч үнээр хамаагүй төслөө л хэрэгжүүлнэ гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Тийм учраас энэ нь сумаа тавиад, нумаа нуулаа гэдэг шиг л зүйл болоод байна.