Эрүүл мэндийн хичээлд бусад хичээлтэй хольж болохгүй сэдвүүд бий
ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй хамтатган зааж болох эсэх талаар Эрүүл мэнд, спортын яамны байр суурийг тодруулж тус яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн А.Бархастай уулзаж ярилцлаа.
- Эрүүл мэнд, спортын яам хүн амын дунд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
Эрүүл мэндийн боловсролын тогтолцоо нь эрүүл нийгмийн нэг үндэс байдаг. Зөвхөн боловсрол төдийгүй бүх салбарт хамаатай, улс орны болоод дэлхийн хэмжээнд яригддаг чухал сэдэв.
Даяаршил, техник технологийн хөгжлийг дагаад эрүүл мэндийн боловсролд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүд гарч ирсэн. Жишээ нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол. Эдгээрээс болж чихрийн шижин, таргалалт зэрэг урьдчилан сэргийлж болох, халдварт бус өвчнүүд ихэссэн.
Монгол улс 2012-2016 оны Засгийн Газрын мөрийн хөтөлбөртөө “Эрүүл чийрэг монгол хүн”-ийг төлөвшүүлэх зорилгоор хүн амын эрсдлийг бууруулах чиглэлтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбар олон хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдээс эхлээд их, дээд сургуулийн оюутнуудад хүртэл эрүүл мэндийн боловсролыг олгох арга зүй, агуулга, боловсон хүчинг бэлтгэх тал дээр хоёр салбар хамтран ажиллаж байгаа.
- Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграцичлах асуудалд яам ямар байр суурьтай байгаа вэ?
Боловсролын салбарыг шинэчлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн хичээлийг бусад зарим хичээлтэй интеграцичлах асуудал гарч ирсэн. Боловсролын яам шинэчлэлийнхээ хүрээнд сурагчдын эрүүл мэндийн асуудлыг сургуулийн захирлаас эхлээд тэр сургуульд ажиллаж буй бүх хүний ажлын үнэлгээнд оруулж байгаа нь сайшаалтай.
Гэхдээ эрүүл мэндийн хичээлийг интеграцичлах ажилд эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл ороогүй нь учир дутагдалтай. Тиймээс хоёр яам бодлогын түвшинд ухуулга нөлөөллийн уулзалтыг хийж эрүүл мэндийн салбарын төлөөллийг оруулахаар тохиролцсон.
Түүнчлэн одоо 48 сургууль дээр явагдаж байгаа эрүүл мэндийн хичээлийг интеграцичлах туршилтын ажлыг үнэлэх ажлын хэсэгт манай салбарын төлөөлөл орохоор болсон.
Бидний үзэж буйгаар эрүүл мэндийн хичээлд бусад хичээлтэй хольж болох, мөн хольж болохгүй сэдвүүд байна. Өөрөөр хэлбэл интеграцилахын зэрэгцээ диффренцацичлах хэрэгтэй хэрэгтэй гэсэн үг. Эрүүл ахуй, эрүүл харилцаатай холбоотой зүйлсийг интеграцичлах боломжтой. Харин халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай мэргэжлийн мэдлэг, боловсон хүчин шаардсан хэсгийг хольж болохгүй.
Анх эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахын өмнө ДЭМБ Монголын сурагчдын 90 хувь нь эрүүл мэндийн зөв дадалгүй гэсэн судалгаа хийсэн.
Эрүүл мэндийн хичээлийг 16 жил заасан ч үр дүн гараагүй гэж ярьдаг. Гэхдээ энэ 16 жилийн хугацаанд дэлхий дээр өвчлөлийн тоо, төрөл хэлбэр улам өссөн. Тэгэхээр эрүүл мэндийн хичээлийг орсноор өвчлөлийг тодорхой хэмжээнд барьж чадсан гэсэн үг. Ялангуяа бэлгийн боловсролоор олон талыг агуулгыг сурагчдад хүргэсэн.
Гэхдээ үр дүн муу байдагт нэг шалтгаан бий. Хэдийгээр мэдлэгийг өгч байгаа ч түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх дадал манай сурагчдад төлөвшөөгүй.
Дэлхийн жишгээр эрүүл мэндийн хичээлийн зарим хэсгийг интеграцичилсан, заримыг нь бие даалгасан холимог систем үйлчилдэг. Хэрэв манайх бүх агуулгыг нь бусад хичээлд шингээчихвэл халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх боловсролыг олгох ажил орхигдоно.