С.Ганбаатар: З.Энхболдыг өрсөлдөгчөө гэж харахгүй байгаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.03.16

С.Ганбаатар: З.Энхболдыг өрсөлдөгчөө гэж харахгүй байгаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Ярилцах танхим ”-даа урьж,, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын дарга З.Энхболд Дархан- Уул аймагт УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Та ч хэцүүхэн өрсөлдөгчтэй болох нь ээ дээ?

Би энэ талаарх мэдээллийг сонсоогүй л явна. Гэхдээ З.Энхболд даргыг үнэхээр Дархан-Уул аймагт нэр дэвших гэж байгаа бол баяртай байна. Учир нь би түунийг өрсөлдөгчөө гэж харахгүй байна. Дарханчууд бидэнд хийх ёстой маш их ажил байгаа учир мэдээж би Дархан-Уул аймагт УИХ-ын 2016 оны сонгуулиар нэр дэвшинэ. Дарханчууд маань ч үүнийг хүсч надад уламжилсан.

-Улс төрийн хүрээнийхэн таны популизмыг хэрээс хэтэрч байна гэх боллоо. УИХ-ын дарга З.Энхболд ч үүнийг ил цагаан хэлж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

Уул уурхайн салбараас яаж ашиг олох вэ. Одоо хэрэгжүүлж байгаа уул уурхайн төслүүдийг хэрхэн ашигтай болгох вэ гэж асуусан хүмүүсийг намнаж, гадаадын зарим байгууллагын оролцоотойгоор популист гэдэг нэр томъёог нийгэмд тараах компанит ажил өрнөж байх шиг байна. Энэ бүхний өмнө “Муусайн эх орончид” гэдэг компанит ажлыг өрнүүлсэн ч бүтэлгүйтсэн учир өнөөдөр популист гээд яриад эхэлчихэж.

Популист гэдэг чинь олонхийн эрх ашгийг дээдэлж, элит цөөнхийн эрх ашигтай эсрэгцүүлэн үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хөтөлбөрийг хэлнэ гэж Баабарын Британика толин дээр тодорхойлсон байдаг юм шүү. Олонхийн төлөө дуугарсны төлөө ийм нэр Тэгвэл Норвегийн парламентаас уул уурхайн баялгийг улс төр, бизнесийн цөөн хэдэн бүлэглэлд хүртээхгүйгээр - олон нийтийн эрх ашигт зориулна гэсэн хууль гаргасан байдаг. Тэгвэл Норвеги хамгийн популист орон болж таарах нь ээ.

Дээр нь нэмээд ардчилал гэж юу вэ гэдэг тодорхойлолтыг нэг харчих гэж ийм яриа гаргаад байгаа хүмүүст хэлмээр байна. Тэр нь цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж, олонхийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргахыг хэлнэ гэсэн тодорхойлолт ч байгаа. Тэгэхээр ардчилал хамгийн популист үг болж таарч байгаа юм.

-Популистуудаас болж  уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт дайжиж, татан төвлөрүүлдэг орлого нь багассан гээд байгаа шүү дээ?

Хөрөнгө оруулагчид гэж нэрлээд байгаа хүмүүс зөвхөн асуулга тавьсны төлөө зугтаж байгаа бол тэд жинхэнэ хөрөнгө оруулагчид биш байсан гэдгийг баталж байна. Хөрөнгө оруулалт гэдэг хөрөнгөө тогтвортойгоор байршуулж, хамтын ашиг бий болгон хуваахыг хэлдэг.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 5.3 дээр хөрөнгө оруулалт гэдэг бол биет болон биет бус хөрөнгийг оруулсан, дансанд байршсаныг хэлнэ гээд заасан байдаг. Гэтэл хөрөнгөө оруулсан уу гэдгийг өнөөдөр хэн шалгаж байна вэ гэдэг асуултыг дахин тавимаар байна. “Hot money” гэдэгчлэн эдийн засгийг нь хөөсрүүлээд ашгийг нь халааслаад явахыг хэзээ ч хөрөнгө оруулалт гэхгүй.

Монголд ашиггүй энэ бүх үйл ажиллагааг хийх сонирхолтой гадныхны гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр олон нийттэй харилцах байгууллагуудад нөлөөлсөн хэвээр байна. Тэр хүмүүсийн захиалгаар ард иргэдийн толгойг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан угааж байна.Мөн төрийн шийдвэр гаргаж байна.

-Тэгэхээр популистууд гэгдээд байгаа хүмүүс гадны хөрөнгө оруулалт багассанд буруугүй гэсэн үг үү?

Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголчууд хөрөнгө оруулалтын эсрэг хэзээ ч дуугарч байгаагүй. Популистууд гэгдээд байгаа хүмүүс чинь ердөө л одоо оруулсан байгаа хөрөнгө оруулалтууд Монгол Улсад ямар ашиг өгөх вэ гэдгийг л асууж байгаа хүмүүс. Харин хөрөнгө оруулалт Монголын хууль эрхзүйн тогтворгүй орчноос болж татарсан шүү дээ.

Үүнийгээ улстөрчид хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хөрөнгө оруулалттай холбоотой хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулаад байгаа байх аа. Гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 450 сая ам.доллар болчихлоо гэж ярьж байна.

Үүнийг хэн бүртгэсэн юм. Хөрөнгө оруулалтын газрынхан өнгөрсөн хугацаанд оруулсан гэж байгаа хөрөнгө оруулалт нь яг хийгдсэн үү гэдгийг тодорхой болгох ёстой, Өнөөдөр Хөрөнгө оруулалтын газар гадаадын хөрөнгө оруулагчдын мөрөөдлийн жагсаалтыг бүртгэж авдаг газар болчихсон байна. Тэд дуртай үедээ нэг хүрз оруулж ирчихээд түүнийгээ өөрсдийн хүслээр үнэлж байх жишээтэй.

Гэтэл үүнийг нь бүртгэж байгаа судалгаа, шинжилгээний газар байна уу. Хөрөнгө оруулалтын газрын тухай хуулийг хэн батлуулсан юм бэ. Хөрөнгө оруулагч гэгдэж байгаа “Рио Тинто” мэтийн компаниудын захиалгаар дэлхийн банк, Олон улсын валютийн сан, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зөвлөсний дагуу Хөрөнгө оруулалтын газрын тухай хуулийг баталсан юм биш үү гэж хардахад хүрч байгаагаа нуугаад яах вэ.

-Ноён уулыг ашиглах эсэх дээр улстөрчид төдийгүй ард түмэн хоёр хуваагдчихаад байна. Таны хувьд ашиглахын эсрэг байгаа. Ерөнхийлогч Ц.Элбэгдорж гантай санал нэг байгаагаа илэрхийлсэн. Ноён уулыг ашиглуулахгүйн төлөө тэмцэж байгаа хүмүүст итгэл найдвар төрсөн байх гэж бодож байна?

Монголчууд бид маш сайн ойлголцож байж энэ даяаршсан нийгэмд тэсч үлдэнэ гэсэн бодолтой хүмүүсийн нэг нь би. Харин Монгол Улсад хөрөнгө оруулах гэж биш зөвхөн ашиг олох гэж ирсэн зарим хүнд монголчууд үл ойлголцох нь чухал нөлөөтэй юм шиг санагдсан. Тиймээс бид хэнийг баярлуулах гэж ойлголцолд хүрэхгүй байх вэ гэдгийг ч бодох ёстой.

Бид хөрөнгө оруулалтыг хэрхэн үйлдвэр, бүтээн байгуулалт болгох вэ гэдэг дээр санаагаа чилээх ёстойгоос гадна ямар ч ашгаас илүү үнэт зүйлтэйгээ хэзээ ч мартаж болохгүй.Бидний түүх соёл, өв уламжлал, өвөг дээдэс, Монгол Улсын тусгаар тогтнол ямар ч алтаар үнэлшгүй зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ноён уулыг ашиглах эсэхийг ард иргэд, тэнд оршин суугчид нь шийдэх ёстой гэж байна билээ. Үүнд нь үнэхээр талархалтай хандаж байгаа.

Хэн нэгэн эрх мяндагтан гадныхантай нийлж, ард иргэдийн төлөө нэрийдлээр Ноён уулыг ашиглах нь зохисгүй гэсэн бидний байр суурийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа нь сайшаалтай. Ерөнхийлөгч өөрийн байр суурь дээр хатуу зогсож чадлаа. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөөлөлд авталгүйгээр ард түмнийхээ талд байж чадсан нь чухал юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүрэгт ажлынхаа үлдэж байгаа буюу хоёр жилийн хугацаанд ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ирж байгаа хоёр жилд улстөрч болгон зориглож хийж чаддаггүй томоохон шинэчлэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийх юм байна гэсэн хүлээлт үүссэн. Найдаж байгаа.

-Таныг нам байгуулах нь гэсэн мэдээлэл нэг хэсэг гарч байгаад сураг алдарлаа. Юу болсон бэ?

Улс төрийн намуудын нэр хүнд ард олны дунд унасан байгаа энэ үед шинэ хүчин, шинэ салхи хэрэгтэй байгаа нь мэдээж. Оюунлаг залуус нэгдэж нам байгуулах гэж байгаа тухай надад дуулгаж, тэрхүү намыг удирдаач гэдэг санал тавьсан, Улс төрд өмнө нь орж байгаагүй цэвэр хүмүүстэй хамтарч ажиллахад татгалзах зүйл алга. Гэхдээ, энэ бүхнийг шийдэхээсээ өмнө намайг УИХ-ын гишүүнээр сонгож, өөрсдийи төлөөлөл болгон илгээсэн сонгогчдодоо асуулга тавина гэж бодож байна.

...Монголчууд бид маш сайн ойлголцож байж энэ даяаршсан нийгэмд тэсч үлдэнэ гэсэн бодолтой хүмүүсийн нэг нь би. Харин Монгол Улсад хөрөнгө оруулах гэж биш зөвхөн ашиг олох гэж ирсэн зарим хүнд монголчууд үл ойлголцох нь чухал нөлөөтэй юм шиг санагдсан.

Тиймээс бид хэнийг баярлуулах гэж ойлголцолд хүрэхгүй байх вэ гэдгийг ч бодох ёстой. Бид хөрөнгө оруулалтыг хэрхэн үйлдвэр, бүтээн байгуулалт болгох вэ гэдэг дээр санаагаа чилээх ёстойгоос гадна ямар ч ашгаас илүү үнэт зүйлтэйгээ хэзээ ч мартаж болохгүй.

Бидний түүх соёл, өв уламжлал, өвөг дээдэс, Монгол Улсын тусгаар тогтнол ямар ч алтаарүнэлшгүй зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ноён уулыг ашиглах эсэхийг ард иргэд, тэнд оршин суугчид нь шийдэх ёстой гэж байна билээ...